Монгол Улсад анхны хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг анхдагч зах зээлд арилжаалах цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын  ажиллагаанд санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж ”2013 онд УИХ-аас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос тус хуулийг дагаж гаргах шаардлагатай дүрэм, журмыг баталснаар хөрөнгө оруулалтын сан сонгодог утгаар хөгжих эрх зүйн үндэс бүрдсэн. Хөрөнгө оруулалтын хамтын сан буюу олон нийтээс татсан хөрөнгөөр шууд хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоо манай улсад хараахан бүрдээгүйгээс анхдагч зах зээлд амжилттай арилжаасан үнэт цаасны үнэ ханш хоёрдогч зах зээл дээр унах, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдах, бүртгэлтэй хувьцаат компанийн засаглал, тайлагналын ил тод байдал сайжрахгүй байх, хөрөнгө оруулагч хүссэн бодит өгөөжийг хүртэж чадахгүй байх асуудал үүсч байна.

Иймээс Хорооноос санаачлан УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-д “Үндэсний хөгжилд шаардлагатай төсөл хөтөлбөрийг  тэтгэврийн сан, үндэсний хуримтлалын сан зэрэг нийтийн өмчлөл бүхий сангаас хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлдэг байх эрх зүйн орчныг бий болгох” арга хэмжээг тусгуулсан бөгөөд дээрх арга хэмжээг бодит ажил хэрэг болгох чиглэлээр төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Энэ оны III улирлын байдлаар 20 гаруй хувийн хөрөнгө оруулалтын сангийн бичиг баримтыг бүртгэж, 23 компани Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлж байгаагаас “Ард менежмент ҮЦК” ХХК-аас үүсгэн байгуулсан “Үндэсний хувьчлалын сан” нь хөрөнгийн зах зээлд анхны хамтын хөрөнгө оруулалтын сангийн гарааг амжилттай эхлүүлснээр цаашид хамтын сангууд олноор байгуулагдах суурь болно гэж харж байна” гэсэн юм.

Үндэсний хувьчлалын сан, хамтын  хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх нь тус бүр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд 50 сая ширхэг нэгж эрх гаргаж, үүнийхээ 95 хувийг буюу 47 сая 500 мянган ширхэг нэгж эрхийг олон нийтэд санал болгож буй аж. 

Хөрөнгө оруулагчид өөрсдийн харилцдаг үнэт цаасны компаниараа дамжуулан Хөрөнгийн бирж дээрээс сангийн нэгж эрхийг худалдан авах боломжтой бөгөөд нэгж эрхийг худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжийн хувьд хөрөнгө оруулалтын бодит эрсдэл, өгөөж, ногдол ашгийн бодлогын талаарх мэдээллийг хөрөнгө оруулалтын менежментийн компани, брокерийн компаниар дамжуулан үнэ төлбөргүйгээр авч дээрх мэдээлэлд тулгуурлаж хөрөнгө оруулалт хийх боломжтой юм.