Ж.Золзаяа: Компаниуд бондоор богино болон урт хугацааны санхүүжилт босгох боломжтой

Сүүлийн үед компаниуд бонд гаргах замаар өөрийн бизнест  шаардлагатай санхүүжилтыг амжилттай босгож байна. Иргэдийн хувьд ч энэ нь мөнгөө өсгөх шинэ боломж болоод байгаа билээ. Энэ талаар “Ард Секюритиз” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золзаяатай ярилцлаа.

-Бонд гэж чухам юм болох талаар ярилцлагаа эхлэе?

-Бонд буюу өрийн бичиг нь санхүүжилт авч байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой этгээдийг банкны зуучлалгүйгээр шууд холбож, өрийн бичиг худалдан авагчид өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх, өрийн бичиг гаргагчид өртөг багатай санхүүжилт татах боломжийг олгодгоороо онцлогтой санхүүгийн бүтээгдэхүүн юм. Бонд нь нээлттэй болон хаалттай хэлбэрээр арилжаалагдаж болдог ба хөрвөх, эргэн дуудагдах, хямдруулалтай, купонтой, богино, дунд, урт хугацааны гэсэн төрлүүдтэй байна. Купон гэдэг нь банкны хүү гэж тооцон авдаг шиг бондын өгөөжийг хэлнэ. 


-Нэг үе бодвол үнэт цаасны зах зээл сэргэж байна. Үнэт цаасны компанийн хувьд танайд энэ хэр мэдрэгдэж байна вэ?

- Сүүлийн нэг жилийн хугацаанд хүмүүс үнэт цаас гэж чухам юу болох талаар маш их сонирхон судлах болсон. Он гарсаар бүр ч нэмэгдсэн нь мэдрэгдэж байна. 1072 ширхэг хувьцааг хөдөлгөх, арилжаалах тухай удаа дараагийн Засгийн газрын хэлэлцүүлэг, шийдвэрүүд, эдийн засгийн өсөлт чухал үүнд нөлөө үзүүлсэн болов уу. Түүнээс гадна, компаниуд ар араасаа IPO, RTO хийж Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа нээлттэй арилжаалдаг болж буй нь мөн нөлөөлж байгаа. Манайхаас гэхэд “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК “Жинст Увс” ХК-тай Хөрөнгийн бирж дээр өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан. Энэ болгонд ард иргэдийн хувьцаа, бондын талаарх мэдлэг нэмэгдэж байна. 

Манай компанийн хувьд өнгөрсөн жилийн туршид 1,500 иргэнд шинээр үнэт цаасны данс нээж байлаа. Гэтэл энэ жилийн эхний хоёр улиралд энэ тоо 3,000 давчихлаа. Тэгэхээр ард иргэд маань мөнгөө зөвхөн банкинд хадгалуулахаас өөр боломж гарцыг хайж хөрөнгийн зах зээлийг сонирхож орж ирж байна гэж үзэж байна. 


-Бондыг нээлттэй болон хаалттай арилжихын ялгаа болон давуу талыг манай уншигчдад тайлбарлахгүй юу?

- Дээр дурьдсанчлан бондыг хаалттай болон нээлттэй хэлбэрээр гаргаж болдог. Ямар ч хэлбэрийн компани хаалттай бондыг гарган тодорхой тооны хөрөнгө оруулагчдад санал болгох боломжтой байдаг бол нээлттэй бондыг тодорхой нөхцөл хангасан компани Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр олон нийтэд санал болгодог.

Хаалттай бонд нь хязгаарлагдмал хүрээнд гаргадаг учраас тухайн компани цаг алдахгүйгээр зорилтот цөөн тооны хөрөнгө оруулагчиддаа санал болгон харьцангүй богино хугацаанд хөрөнгө босгох боломжтой гэсэн үг.  Нээлттэй бонд гаргах шалгуурыг хангаагүй, бага зардлаар санхүүжилт татахыг хүссэн компаниудад илүү тохиромжтой. 

ААН-үүд банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө ихээр шаарддаг, эсвэл хөрөнгийнх нь үнэлгээг 60 хувиар тооцож хийдэг шүү дээ. Тэгвэл хаалттай бондын хамгийн гол давуу тал нь барьцаа хөрөнгийг бүрэн буюу 100 хувь үнэлж болдог. Мэдээж хүү багатай.

Нээлттэй бондын хувьд яг л IPO гаргахтай адилаар тодорхой шалгууруудыг хангасан байх ёстой байдаг. Тухайлбал компани нь дор хаяж 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх, борлуулалтын орлого 5 тэрбум төгрөгөөс дээш, цэвэр ашиг 500 сая төгрөгөөс дээш, эсвэл санхүүжилт татах бондын үнийн дүн болон хүүгийн төлбөртэй тэнцэх барьцаа хөрөнгөтэй байх зэрэг шалгууруудттай. Давуу тал нь биржээр дамжуулан нээлттэй хүрээнд олон нийтээс захиалга авах боломжтой. Анхдагч болон хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын үнэт цаас шиг арилжаалж болно, хөрвөх чадвар сайтай. Маркетингийн хувьд ч тухайн компанид эерэгээр нөлөө үзүүлэх боломжтой. 


ЯМАР Ч ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ БАЙСАН БОНД ГАРГАХ БОЛОМЖТОЙ

-Тэгвэл томоохон ААН-үүдтэй дүйцэхгүй ч санхүүгийн чадвараа дээшлүүлэх хүсэлтэй дэвжиж яваа компаниудад хаалттай бонд илүү хүртээмжтэй байх нь ээ...?

-Ерөнхийдөө ингэж ойлгож болно. Дээрээс нь хаалттай бондын өгөөж арилжааны банкуудын зээлийн хүүгээс харьцангүй багаар тогтоодог учир санхүүжилтын зардал багатай. Купон төлөх хугацааг нь уян хатан нөхцлөөр тогтоодог. Бонд гаргагч компани нь өөрийн бизнесийн мөнгөн урсгалтай уялдуулан хүү төлөх хугацаагаа сар бүр, улирал бүр эсвэл бондын хугацаа дуусах үед төлөх нөхцлийг тавьж болно. Ингэж уян хатан тогтоосноор бондоор татсан хөрөнгөө компани бизнестээ бүрэн зарцуулах боломжийг олгодог. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчид болох бонд худалдан авагчидад банкны хүүнээс арай өндөр хүүтэйгээр, купон төлөлтөө уян хатан нөхцөлтэйгээр аван түүгээрээ дахин хөрөнгө оруулалт хийгээд явах боломжтой. 


-Аль төрлийн үйлчилгээ явуулдаг компаниуд бонд гаргаж болох вэ?

-Ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани бонд гаргах хүсэлтээ гаргаж болно. 


-Танайхаас хаалттай бонд гаргах компаниудад хэр өндөр шаардлага тавьдаг вэ?

-Мэдээж хэд хэдэн шалгуур бий. Эхний ээлжинд андеррайтер болох манай компани тухайн байгууллагын тухай судалгаагаа хийнэ. Үүнд андеррайтер компани тухайн компанийн эрсдэл, санхүүгийн үзүүлэлт, купоны эргэн төлөх чадвар, бизнес төлөвлөгөө, засаглал зэргийг харж судалдаг. Хэрэв тухайн компанийн баталгаа хөрөнгө сайн, эргэн төлөлт сайтай гэж үзвэл андеррайтерийн гэрээ хийсний үндсэн дээр үнэт цаасных нь танилцуулгыг гарган хаалттай хүрээнд тухайн өрийн бичиг сонирхож байгаа хөрөнгө оруулагчиддаа санал болгох энгийн зарчимаар явагддаг. Барьцаа хөрөнгийг мөн холбогдох байгууллагад бүртгүүлдэг. Гэхдээ тухайн компанийн үзүүлэлтээс шалтгаалан барьцаагүйгээр, хувьцаанд (үнэт цаасанд) хөрвөх нөхцөлтэйгээр гаргах боломжтой байдаг. Ерөнхийдөө тэрбумаас дээш төгрөгийн өөрийн хөрөнгөтэй компаниуд ханддаг. Хүү нь эрсдэл болон барьцаа хөрөнгөтэй эсэхээсээ хамаарч тогтоогдоно. 

-Танайхаар үйлчлүүлсэн компаниудаас хамгийн богино хугацаанд хөрөнгө босгосон компанийг дурьдахгүй юу?

-Дөрөвдүгээр сард бид нэг томоохон ББСБ –д 10 хоногийн дотор 2 тэрбум төгрөг босгож чадсан. 


-Бондын төрөл болон хөвөгч хүүтэй хөрвөгч нөхцөлтэй гэдгийг тодруулбал?

-Бондыг төрөл бүрийн нөхцөлтэйгээр гаргаж болдог. Тухайлбал хувьцаанд хөрвөх нөхцөл. Энэ нь бондын хугацаа дуусмагц, эсвэл хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргасан хөрөнгө оруулагчидад эзэмшсэн хувьцааны үндсэн болон хүүгийн төлбөрийг нь хувьцаагаар төлнө гэсэн үг юм.  Энэ мэтээр бонд гаргагч өөрт тохиромжтой нөхцлөө сонгон санхүүжилт босгож болно. 

Мөн бодлогын хүүнээс хамаарч дээш доош хөдөлдөг хөвөгч хүүтэй бондыг гаргаж болно. Манайд одоогоор хөвөгч хүүтэй, хөрвөх нөхцөлтэй бүтээгдэхүүн гарсан байгаа. Хөрөнгө оруулагчид сонирхох боломжтой.


-Банкинд мөнгө хадгалуулах бонд авах хоёрын ялгаа?

-Нэг үеэ бодвол хүмүүс мөнгөө зөвхөн банкинд хадгалуулах биш өөр боломжийг эрэлхийлэх болсон. Тэр дундаа хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн болох хувьцаа болон бондыг сонирхож байна. Бондын давуу тал нь хувь хүний хувьд ч ААН-ийн хувьд ч банкинд мөнгөө хадгалуулахаас арай өөр мөнгөө хуримтлуулах боломж юм. Банкинд мөнгөө хугацаатай хадгалуулаад хугацаанаас өмнө авчихвал хүү нь багаар тооцдог бол бондын хувьд купоны өгөөжөө сар тутам, улирал тутамдаа аваад явах боломжтой. Мөнгөө ч өсгөөд цааш нь купон төлөлтүүдээрээ хөрөнгө оруулаад явах боломж нь илүү нээлттэй. Нэг талаасаа бонд нь хөрвөх чадвар сайтай, тийм учраас шаардлагатай тохиолдолд бондоо хоёрдогч зах зээл дээр хугацаанаас нь өмнө нь зарах боломжтой. 


ХӨРӨНГӨ ОРУУЛСАН БОЛ ТУХАЙН КОМПАНИЙН ЭЗЭД ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОЖ ХАНДААРАЙ

-Танайх энэ жил хэдэн компанийн бонд гаргав?

-Өнгөрсөн жилийн хувьд хаалттай хүрээнд 5 бонд гаргасан. Он гараад 2 дахь бондоо гаргаад явж байна. Одоогоор мөн нэг ББСБ, нэг даатгалын компанийн туслах андеррайтераар, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн RTO дээр андеррайтераар ажиллаж байна. Хаалттай хүрээнд бонд гаргаж засаглалын хувьд ч, санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд ч зөвлөгөө авч сууриа бэлдэж байгаад нээлттэй болох боломж бүх компаниудад бий. Энэ нь өөрсдийн гэсэн үнэнч хэрэглэгчид, харилцагчидтай болох боломжийг бий болгодог учраас нэг талаараа давуу талтай. Энэ хэлбэрээр ажиллаж байгаа компаниуд бий. Шууд нээлттэйгээр хувьцаагаа арилжаалах замыг сонгодог компаниуд ч байгаа.   


-Нэг талаас тухайн компанид итгээд хөрөнгө оруулсан хүмүүс мэдээллээ хэрхэн авах ёстой вэ?

-Манай толгой компани болох Ард Санхүүгийн Нэгдэлийн хувьд хаалттай хувьцаат компани учраас өөрсдийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж сошиал медиа, вэбсайт, Ардын цахим мэдээ болон хэвлэмэл тайлангуудаа гэрийн хаягаар нь хүргүүлэн байнга мэдээ мэдээллээ ил тод байлгадаг. Хаалттай бонд эзэмшигчид рүүгээ бид утсаар мэдээллүүдээ өгөх тохиолдлууд ч бий. 

Харин нээлттэй бонд, хувьцаат компанийн тайланг хөрөнгө оруулагч ард иргэд маань шууд www.mse.mn вэбсайтаас авах боломжтой. 7 сарын 20-нд бүх компаниудын 2-р улирлын тайлангууд тавигдах ёстой. 

Нөгөө талаас хөрөнгө оруулж хувьцаа авсан хүмүүс тухайн компанийн эзэд нь гэж өөрийгөө ойлгож хандаасай гэж хүсдэг. Тухайлбал хувьцаа, бондыг нь авсан компаниараа үйлчлүүлж тухайн компанийн ашигт ажиллагааг дэмжих, тайлан мэдээллийг байнга олж авч мэдээлэлтэй байх хэрэгтэй. 


-Бонд гаргасан компанийн засаглал илүү ил тод, нээлттэй болохыг шаардах уу?

-Компани засаглалаа ил тод болгох тусам хөрөнгө оруулагчдын тэдэнд итгэх итгэл сайжирч тэр чинээгээр эрэлттэй байна. Хэрвээ хамаг мэдээлэл нь хаалттай юу болж байгаа нь мэдэгдэхгүй байвал хүмүүсийн итгэл суларна.Тийм учраас бид андеррайтер компанийн хувьд тэр болгоныг нь жигдрүүлэхээр засаглалын хувьд ч санхүүгийн төлөвлөлтийн хувьд зөвлөгөө өгдөг. 


-Одоогоор хэдэн компанид санхүүжилт босгоод байна вэ?

-Манай “Ард Секюритиз ҮЦК” ХХК нь 1997 онд анх байгуулагдсан санхүүгийн зуучлалын цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа Монгол улсын ууган үнэт цаасны компани юм. Одоогоор бид 18 мянга гаруй харилцагчтай болоод байна. Анх Монинжбар компанийн бондыг хаалттай хүрээнд арилжиж 1.2 тэрбум төгрөг босгож байлаа. Үүнээс хойш Гермес центр, Базалтвүүл, Алтай кашмер, Хүннү Эйр зэрэг 20 аж ахуй нэгжид 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт босгох болон нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд зуучлагчаар оролцоод байна. Шинээр бонд гаргах гэж байгаа компаниуд, хадгаламжаас өөр хөрөнгө оруулалт хүсч буй хувь хүмүүс, ААН-үүд бидэнтэй холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой. Төв салбар болон Ард Шангри-ла, Сэнтрал тауэр салбаруудаас манай групп компанийн мэдээллийг аваарай. Мөн шинээр гарсан бондыг сонирхож буй хүмүүс манай пэйж хуудсаар, утсаар мэдээллээ авч болно. 

Бонд сонирхож байгаа компани хувь хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.


Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.