Нас насны хэдэн хямрал байх шиг байна. Шилжилтийн насны хямрал нь 14–17 нас хавьцаа өнгөрнө. Мөн сошиал медиагаас хэт хамааралтай how to be perfect in life (төгс байх) синдром хамгийн түгээмэл болжээ.

Харин 20 настнуудын нууцлаг ертөнцөд арай өөр. Тэд их сургуулиа л аятайхан төгсчих юм бол хорвоо дэлхий цэлмээд ирнэ гэж итгэсээр явсан. Гэтэл тэгээгүй. Гэрийн даалгавар, бие даалт, шалгалт гээд нойргүй гүйдэг байсан өдрүүд харин ч жаргалтай байсан. Одоо тэд алхам бүртээ эргэлзээ, сонголт, шийдвэр, бодол болон амьдардаг.

Үнэндээ зарим үед аль нь зөв болохыг мэддэггүй. Өөрийнх нь амьдрал ямар ч ахицгүй байхад л бусдад худлаа үнэн зөвлөөд байдаг ах эгч нараас залхдаг. Угаасаа л ийм байдаг гээд мэдэмхийрч байгаад нь бүү авт.

  1. Эртхэн хүнтэй сууж, үр хүүхэдтэй болох уу? Карераа жигдэлчихээд санаа амар гэр бүл зохиох уу?
  2. Их сургуулиа төгсөөд шууд үргэлжлүүлэн сурах уу? Эсвэл хэсэг хугацаанд ажлаад мастерт сурах уу?
  3. Нэг газраа удаан тогтвортой гүрийгээд ажиллах уу? Эсвэл таалагдахгүй л байгаа юм чинь өөр ажил бодох уу?
  4. Том газарт ороод ажиллах уу? Найзуудтайгаа старт-апп байгуулах уу?
  5. Эцэг эхтэйгээ хамт амьдрах уу? Хэцүү ч гэлээ байр түрээслээд тусдаа байх уу?
  6. Мөнгө цуглуулах уу? Гар утсаа солих уу?
  7. Gym-д явах уу? Хэлний сургалтад явах уу?

Яг үнэндээ бидний толгойд иймэрхүү л юм эргэлддэг. Олон хүнээс асуух тусам олон л хариулт ирнэ. Тэр нь ч зөв юм шиг, энэ ч зөв юм шиг. Бид бодсоор л байдаг.

Хүн өөрөө их хүчтэй амьтан. Өөрийнхөө хүч, чадварыг мөрөөдөл, зорилгодоо зориулж байна уу,  эсвэл Навчаа, Цэцэгээ, Болдоо, Доржийн хэлсэн шүүмжийн үгэнд зориулж байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Бүх зүйлд алдагдсан боломжийн өртөг гэж бий. Чиний сонгосон шийдвэр бүрт мөн л тодорхой боломж алдагдана. Харин шийдвэрийн чинь үнэ цэн алдагдлаасаа их байх хэрэгтэйг санаарай.

Юм бүхэнд тодорхой хугацаа бий. Тэвчээртэй, хүлээцтэй байж сур. Гэхдээ арчаагүй аймхай биш. 

Чи ажлыг биш ажил чамайг голно. Ажлыг бяраар биш хандлагаар хийдэг. Аливаа ажлыг сэтгэлээсээ өөриймсөг хийгээд сурчихвал хаа ч алзахгүй. Хүн бүрт тохируулж ажиллаж, амьдарна гэж байхгүй. Тиймээс хүнээрээ л бай. Өөрийн чиг шугамыг олоод бусдыг бодлыг анзаарахаа больчихвол уужим амьсгалж эхэлнэ дээ.

Бид бүгд хувь хүн. Өөр өөрсдийн амьдрал, цаг хугацаа, нөхцөл мөн байгалийн өгөгдөлтэй. Бусдаас өөр амьдрахыг хүсвэл бусдаас өөр хүн байж, өөр зүйл бодож, өөр зүйл хийх хэрэгтэй. Яг ижилхэн зүйл хийдэг хүмүүс ижилхэн л хүмүүс байна. Хүн муулдаг хүн байснаас хүнд муулуулдаг хүн байсан нь дээр шүү.

Мөрөөдөж болно. Хэрэгтэй мөрөөдөл бүр зорилго болох ёстой. Гоё машинтай болмоор байна гэж мөрөөдөхийн оронд би гоё машинтай болохын тулд юу хийх вэ гэж боддог хүн нь байгаарай. 

Уг нь “Би яаж бензиний мөнгөнд санаа зовохооргүй хүн болох вэ? “ гэж бодох хэрэгтэй ч юм шиг.

Харах өнцөгөө мөнгө яаж олох вэ гэдэгт биш мөнгийг яаж өөртөө ажиллуулахад, яаж аргалах вэ биш яаж үр дүнг нь бүтэн гаргахад, яаж англи хэл сурах вэ гэхийн оронд яаж гадаад хүмүүстэй ойлголцож сурах вэ гэдэгт л анхаарал, боломжоо хандуул. Илүү өргөн хар.

Бид бүгд л алддаг бас онодог. Буруу хүнтэй найзлаад зөвийг нь таньдаг. Бурууг нь хийж зөвийг олдог. Алдахгүйгээр онож ч болно. Харин алдахаасаа айгаад байх л утгагүй зүйл.

Motivation бол хог. Discipline бол хүч.


Эх сурвалж: Selenge Tulga