Улс төрийн зарим намын төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ШИНЭ намын гишүүн Л.Болд "10-аад намын дарга энэ хэвлэлийн хурлыг хийх байсан ч ордон руу оруулсангүй, нэлээд удаан хүлээлээ. Заримыг нь баривчилж авч яваад сая сулласан байна. Төрийн ордон гэдэг бол ард түмний ордон. Улсын Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй 30-аад нам бий. Эдгээр намын дарга нар УИХ-д суудалтай ч, суудалгүй ч Төрийн ордон руу нэвтрэх эрхтэй байх ёстой. Үүнийг бид шаардаж байна" гэв.

Үргэлжлүүлэн Монголын Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл "Улс төрийн 23 нам хамтарч хуралдаад, УИХ-аар орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцохгүй байх саналыг УИХ-д хүргүүлж байна. 

Тус саналд орон нутгийн сонгуулийн тухай хуультай холбоотой 5 заалтыг тусгасан.

  1. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад зөвхөн иргэн нэрээ дэвшүүлж оролцдог байхаар хуульчлах.
  2. Сонгуулийн сурталчилгааг 30-аас доошгүй хоног байлгах
  3. Сонгуулийн ирц 50+1 хувьтай байх 
  4. Сонгуулийн үйл ажиллагаанд аль нэг намыг дэмжиж, явцуу эрх ашгаар оролцсон төрийн албан хаагчдад оногдуулах санкцыг өндөржүүлж, төрийн албанд 10 хүртэлх жил ажиллахгүй байхаар хуульчлах
  5. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийлгэдэг байдлыг зогсооё. Сонгогчид өөрсдөө дүнгээ тавьдаг байя гэсэн 5 заалт байгаа.

Эдгээрээс бидний хамгийн их төвлөрч ярьж буй заалт нь орон нутгийн сонгуульд улс төрийн нам ордог Үндсэн хууль зөрчиж ирсэн гажгаасаа салах шаардлагатай гэж үзэж байна. Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд орон нутгийн удирдлага иргэдийн хурал байна гэж заасан байдаг. Гэтэл үүнийг намын төлөөлөгчдийн хурал болгочихсон. Үүнээс болж орон даяар намчирхал, талцал газар авч, баялаг бүтээгчид туйлдаж дууслаа. Хоёр намын 20 жилийн байлдаан, зодоон дунд баялаг бүтээгчид "хэрчүүлж" дуусч байна. Иргэд ахуй амьдралдаа анхаардаг байхаар, ажил хөдөлмөрөө тогтвор суурьшилтай эрхэлдэг байх нь чухал. Сум орон нутгаа хөгжүүлэхийн тулд 330 сум хоорондоо хөгжил дэвшлээрээ уралдах ёстой болохоос сум дотроо хоёр нам дээр, дороо орж ноцолдох нь туйлын буруу байна" хэмээлээ.