Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт манай улсад нийт 704 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний 598 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 15.718 болсноос 9.516 нь эдгэрчээ. Харин сүүлийн хоногт 3 хүн нас барж, нийт нас баралт 25 болсон байна.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохиоцуулах газрын дарга Л.Энхсайхан "Коронавирусийн тохиолдлын тоо өдөр бүр олноор нэмэгдсэн хэвээр байна. Хөл хорио тогтоогоод халдварын тоо шууд буурдаггүй. Нууц үедээ байсан болон шинээр халдвар авсан хүмүүс илэрдэг. Халдварын тохиолдол нэмэгдэх тусам хүнд хүмүүсийн тоо, улмаар гэр болон эмнэлгийн нөхцөлд нас баралт нэмэгдэж байна. 

Халдвар авсан архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүс маш хурдан хүндэрч, нас барах эрсдэл үүсээд байна. Монгол Улсын хэмжээнд сэхээний 385 ор байдаг. Гэтэл одоо бид 300 дахь ор луугаа орж байна.

Тиймээс нөхцөл байдал хүндэрснээс хөл хорио тогтоож буй энэ үед иргэд аль болох гэртээ байж, халдвар авах эрсдлээс өөрийгөө сэргийлэх шаардлагатай. Ингэхгүй бол гэрийнхэндээ халдвар тараах, өндөр настай хүмүүс хүндрэх эрсдэл байна. Залуу хүн ч хүндрээд нас барах эрсдэл өндөр байна" хэмээлээ.