2011 оны гуравдугаар сарын 11-нд 9 баллын хүчтэй газар хөдлөл, далайн цунами-гаас болж осол гарсан Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцын цөмийн цацраг идэвхт бодисоор бохирлогдсон 1.23 сая тонн усыг задгай тэнгист цутгахаар шийдвэрлэсэн байна. Албан ёсоор энэ тухай шийдвэрээ Японы Засгийн газар энэ сард багтаан зарлах гэж байна.

Ослоос хойш хайлсан цөмийг хөргөх, цэвэрлэх зэрэг үйл ажиллагаанд хэрэглэсэн усыг нарийн шүүлтүүрээр шүүж цацраг идэвхт изотопыг нь арилгасан боловч нэг бодис үлдсэн байна. Энэ нь одоогийн технологиор шүүх боломжгүй тритум гэх бодис усанд үлдсэн байна. Тритум бодис их хэмжээний тунгаар хүний биед аюултай гэж үздэг байна. 

2022 оноос эхлэн бохир усыг агуулах савгүй болох тул задгай тэнгисийн усанд хаягдал усыг цутгахаар төлөвлөж байгаа нь хөрш орнуудын аюулгүй байдал болон тус улсын далайн загас агнуурын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж олон улсын шинжээчид үзэж байна. 

Өмнөд Солонгос улс Японы Фукушима орчмоос далайн хүнс импортлохыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Ирэх онд Японд Олимпын наадам зохион байгуулагдах бөгөөд зарим тоглолтууд нь осол болсон газраас 60 км-ийн зайд болох юм байна.