Японд хүчтэй далайн хар салхи өчигдөр дэгдэж тус улсын баруун эргийг дайрсан билээ. Долоон хүн амиа алдаж, доод тал нь 200 хүн бэртээд байгаа шуурганы улмаас монгол хүн бэртэж гэмтсэн эсэхийг тодруулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг "Манай Консулын газраас тус улс дахь Элчин сайдын яамтай байнга холбоотой ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Япон улсад болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй бөгөөд өнөөдөр дахин мэдээллээ нэгтгэж байна" гэсэн юм.

Хар шуурганы хөнөөлөөс болж тус улсад нэг сая гаруй өрх цахилгаангүй болж, 1.2 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд байна.