ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

"Манай улсад шинэ төрлийн коронавируст халдварын 16 тохиолдол илэрсэн. 4 тохиолдол нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж эмчлэгдэж байна. Ажиглалтад 1695 хүн байна. 

Нас барсан хүний тоогоор АНУ тэргүүлж эхэлсэн. Тус улсад 20 гаруй мянган хүн нас барж 514 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн. Дараа нь Итали, Испани, Франц зэрэг улс орж байна. Испанид өнгөрсөн долоо хоногт 514 нас баралт бүртгэгдлээ. Энэ нь буурсан үзүүлэлт юм. 

ОХУ-д 24 цагийн дотор 1,667 хүн шинээр коронавирусээр өвчилсөн байна. Нийт халдварын тоо 13 мянга гаруй болжээ.106 хүн нас барсан. Улаан-Үдэд 61 хүн өвдөж, нэг хүн нас барсан. Ирэх долоо хоногоос эхлэн Москвагийн оршин суугчид ажилдаа явах, дэлгүүрт гарахдаа зөвшөөрлийн бичигтэйгээ гарахаар болсон талаар тус хотын дарга мэдээлжээ.

БНХАУ-д 99 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 97 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Япон улсад халдвар эрчимтэй нэмэгдсэн. Зарим тохиолдолд эмнэлэгийн ажилтнууд ч халдвар авч байна. 

Эрдэмтэд 4,5 сард өвчлөл оргил үедээ хүрнэ гэсэн таамаглал гаргажээ.