Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт манай улсад 38 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний 33 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал бол 5-ынх нь голомт тодорхойгүй байгаа аж. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд Улаанбаатарт байна.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар 67 улс оронд коронавирусийн эсрэг 119 сая тун вакциныг хийгээд байна. Өдөрт дунджаар 4.5 сая хүн вакцин хийлгэж байна. 

Вакцин хийлгэснээр халдварын тархалтыг хязгаарлах, хөнгөн өвчлөх, хүндрэлийн зэргийг бууруулах зэрэг үр дүнтэй учраас дэлхий нийтээр өргөн хэмжээнд хэрэглэж байна. Мөн вакцин хийлгэсэн ч маск зүүх, хүн хоорондын зай барихгүй бол халвдар тархах эрсдэлтэй гэж үзэж байгаа. 

Хүн амын 60 хувийг вакцинжуулж, сүргийн дархлаа тогтоосноор хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэлт болно гэдгийг дэлхийн эрдэмтэд зөвлөж байна. 

Улаанбаатар хотод 10 гаруй голомт өндөр идэвхтэй байгаа энэ үед иргэд үйлчилгээний газруудаар явахгүй байх, гэр бүл хамаатан саднаараа нийлж бууз, банш хийхгүй байхыг уриалж байна. 

Байгууллага хамт олон, гэр бүлийн гишүүд, үйлчилгээний газруудад өвчний тархалтын хүрээ тэлэх шинж тэмдэг ажиглагдаж байна" хэмээлээ.

Агааржуулалт муутай, харанхуй орчинд халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа учраас байгууллага хамт олонд дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  • Халдараас сэргийлэх хяналтын дэглэм сахих
  • ⅓-ийг ажиллуулах, цахимаар ажиллах боломжыг бүрдүүлэх
  • Ажилтнуудын дархлаа дэмжих
  • Ажлын ачааллыг бууруулах
  • Халдварын мэдээллийг нуухгүй байх
  • Тусгаарлах өрөө бэлтгэх
  • Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
  • Агааржуулалт, сэлгэлт хийх
  • Өрөөн дотроо хүн хоорондын зай барих, маск зүүх
  • Ариун цэврийн өрөөний нөхцлйиг сайжруулах 

Бид халдвар авах өндөр эрсдэл дунд амьдарч байгаа учраас халдвар авсан нэгнээ доромжлох, гадуурхахгүй байх хэрэгтэй гэдгийг санууллаа. 

Мөн тэрээр "Өнгөрсөн оны 7 дугаар сараас вакцин оруулж ирэхээр ажилласан. Вакцин энэ оны хоёр болон гурав дугаар саруудад орж ирэх төлөвтэй байгаа. Коронавирусийн халдвар авсан иргэнийг эмчлэх 8 сая төгрөгөнд олон удаагийн шинжилгээ, эм хангамж, хоол хүнс, эмнэлгийн ажилтны хувцас хэрэглэл, цалин урамшуулал гээд бүх зүйл багтсан дүн юм. 

Халдварын батлагдсан голомт, хавьтал болсон иргэдийн тоо, эрдэмтдийн судалгаан дээр үндэслэж гуравдугаар сард халдварын тоо нэмэгдэх хандлагтай байгаа гэдгийг тогтоосон байна. 

Монгол Улсын хэмжээнд 57 мянган эмнэлгийн эмч, ажилчид буйгаас тандалт судалгааны чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн 120 гаруй, эрчимт эмчилгээний 100 гаруй эмч нар байна. Эдгээр нь 31000 гаруй хүн халдвар авахад хангалттай хүрэлцэх хэмжээний гэж үзэж байгаа аж.  Цаашдаа халдварын тархалт эрчимтэй нэмэгдвэл өндөр настны тэтгэвэрт суусан эмч ажилчдыг дайчлан ажиллана" хэмээлээ.