Саяхан Nature сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү шинжилгээ сэтгэцийн олдмол өвчнийг тогтоох салбарт томоохон ахиц билээ. Эрүүл, ой санамж муудсан, альцгеймерийн өвчтэй хүмүүсээс шинжилгээ авч туршихад хариуны 90 хувь нь оновчтой гарсан байна.  

Шинжилгээ туршилтын шатандаа яваа, цаашид хөгжүүлэх тал олон байгаа ч хэрэглээнд нэвтрэх нь дамжиггүйг эрдэмтэд хэллээ. 

Альцгеймерийн өвчин өвчтөнийг ой санамжаа алдахаас олон жилийн өмнө эхэлдэг. Эмчилгээг тархины эсээ бүрэн алдахаас нь өмнө эрт оношилж хийх нь хамгийн чухал байдаг аж. Тиймээс л Альцгеймерийн шинжилгээнд маш их хүчин чармайлт зориулдаг. Амилойд бета гэх уураг уг өвчний үед тархинд үүсдэг бөгөөд үүнийг тархины томографи, MRI тэргүүтнээр тогтоодог байна. Гэвч энэ нь үнэтэй, олдоц муу байдаг. 

Харин энэхүү шинжилгээ хэрэглээнд нэвтрүүлбэл, ердийн цусны шинжилгээ өгдөгтэй л адил явцтай, үнийн хувьд боломжийн, мөн эрт илрүүлэх давуу талтай юм.