Хүний амьтнаас ялгагдах гол хүчин зүйл нь бодож, сэтгэх чадвар. Тэрхүү бодож, сэтгэх үйл ажиллагааг хүний тархи гүйцэтгэдэг. Тархи нь баруун, зүүн гэсэн хоёр талтайг хүн бүр мэдэх биз. Тэгвэл хүн бүр яагаад адил, тэгш бус ур чадвартай байдаг вэ. Зарим хүмүүс унших, бичих дуртай байхад зарим нь тоо тооцоолол, технологид түлхүү дурладаг. Энэ онцлог нь хүний баруун, зүүн тархины хөгжилтэй холбоотой юм. 

Зүүн тархины хөгжил давамгайлсан хүн анализ хийх, тоо бодох, логик сэтгэхүйг түлхүү ашигладаг бол баруун тархины хөгжил давамгайлсан хүн илүү бүтээлч, урлагийн мэдрэмж өндөртэй, зөн билэгтэй, мөрөөдөмтгий байдаг. 


Баруун тархи зүүдний үүрэг гүйцэтгэдэг

Баруун тархинд голчлон зөн совин давамгайлж байдаг. Баруун тархи нь маш олон янзын мэдээллийг нэгэн зэрэг боловсруулж чаддаг бөгөөд үүнийг үгээр биш харин бэлгэдэл, дүрс хэлбэрээр илэрхийлдэг. 

Баруун тархи нь байршил, орон зайн чиг баримжаа зэргийг бүхэлд нь хариуцдаг. Хөгжмийн чадвар, түүнчлэн хөгжмийг мэдрэх чадвар нь баруун тархиас хамаардаг боловч зүүн тархи нь хөгжмийн боловсролыг хариуцдаг.

Баруун тархи нь мөрөөдөж, төсөөлөх боломжийг бидэнд олгодог. Баруун тархи тусламжтайгаар бид янз бүрийн түүх зохиож болно. Ташрамд хэлэхэд "Хэрэв ... Хэрэв ..." гэсэн асуулт нь баруун тархинаас урган гардаг. 

Баруун тархи нь нүүр царайг таньдаг бөгөөд үүний ачаар бид зан чанарын нийт байдлыг бүхэлд нь мэдэрч чаддаг. Хэдийгээр сэтгэл хөдлөл нь баруун тархины үйл ажиллагааны үр дүн биш боловч энэ нь зүүн талаасаа илүү өндөр түвшинд байдаг. 

Баруун тархи нь ид шид, шашин шүтлэгийг хариуцдаг мөн зүүдний үүргийг гүйцэтгэдэг.

Биеийн зүүн талын хөдөлгөөнийг хянадаг. Зүүн гараа дээш өргөхөд түүнийг өргөх тушаал баруун тархинаас ирсэн гэсэн үг юм.


Зүүн тархи мэдээллийг үе шаттайгаар, дараалан боловсруулдаг

Зүүн тархийг мэргэшүүлэх гол чиглэл нь логик сэтгэлгээ бөгөөд хүний хүлээж авсан бүх мэдээллийг боловсруулж, ангилж, дүн шинжилгээ хийж, учир шалтгааны холбоог тогтоож, дүгнэлт гаргадаг.

Зүүн тархи нь амаар дамждаг мэдээлэл, хүний хэлний чадварыг мөн үг хэлэх, бичих, унших чадварыг хариуцдаг. Хүний янз бүрийн баримт, үйл явдал, огноо, нэр, дараалал, тэдгээрийг санах чадварыг агуулдаг. 

Зүүн тархи нь хүний аналитик сэтгэлгээг хариуцдаг бөгөөд үүний ачаар баримт логик, дүн шинжилгээ хийх, тоо, математикийн томъёоллуудыг боловсруулдаг. 


Зүүн тархи нь зөвхөн үгийн шууд утгыг ойлгож чаддаг ба мэдээллийг үе шаттайгаар дараалан боловсруулдаг.

Биеийн баруун тал дахь хөдөлгөөнийг хянаж байдаг. Баруун гараа дээш өргөхөд түүнийг өргөх тушаал зүүн тархинаас ирсэн гэсэн үг юм.

 

Хоёр тархиа тэнцвэртэйгээр хөгжүүлэх нь чухал 

Баруун, зүүн тархи нь 300 сая мэдрэлийн эсээс тогтох дамнуур судас (corpus callosum)–аар дамжуулж өөр хоорондоо мэдээлэл солилцдог. Хэрэв та ихэнхдээ судалгаа шинжилгээ болон арга зүйн талаар боддог бол таны зүүн тархи чинь илүү хөгжсөн байна гэж бодож болно. Харин илүү бүтээлч ба урлаг, уран бүтээлийн сонирхолтой бол баруун тархи тань илүү хөгжсөн байна.

Хоёр тархины хөгжил тэнцүү болсноор хүний тэр дундаа хүүхдийн логик сэтгэлгээ, бүтээлч чадвар нэгдмэл болж чаддаг байна. Улмаар хүн оюуны чадвараа 10-аас дээш хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг байна. Хэрэв 2 тархиа зэрэг хөгжүүлж чадвал тархины эсүүдийн хооронд холбоос үүсдэг. Тэрхүү холбоос их үүсэх тусам оюуны чадамж нэмэгддэг. 

Мөн бидний хоёр тархи нь бие биенээ нөхөж чаддаг. Тархины аль нэг хэсэгт гэмтэл гарсан тохиолдолд түүний функцүүд нөгөө тал руу шилждэг байна.


Таны аль тархи илүү хөгжсөн байна вэ?

Доорх аргуудаас туршиж үзээд таны аль талын тархи илүү хөгжсөн байгааг мэдэж болох юм.

  • Хоёр алгаа нийлүүлэн хуруугаа салаавчлан барь. Аль гарын эрхий хуруу хамгийн дээр байна вэ?
  • Та гараа энгэр дээрээ зөрүүлэн зогс. Аль гарын бугуй дээр нь байна?
  • Хөлөө ачиж суугаад аль хөлөө дээр нь тавьснаа хар.
  • Алга таших үедээ аль гар чинь дээр нь байгааг анхаараарай.
  • Нүдээ ирмэ. Аль нүдээрээ ирмэсэн бэ?

Эдгээрийг туршиж үзсэний дараа таны сонголт баруун тал нь давуу байвал таны зүүн тархины хөгжил илүү байна гэж үзнэ. Харин зүүн тал нь давуу байвал таны баруун тархины хөгжил илүү байх нь ээ. 


Баруун, зүүн тархиа тэнцвэртэй хөгжүүлэх хялбар дасгалууд

Тархи хөгжүүлэх хэд хэдэн энгийн арга байдаг. Эдгээрээс хамгийн хялбар нь хагас бөмбөрцөгт чиглэсэн ажлын хэмжээг нэмэгдүүлэх явдал юм. Баруун тархи хөгжүүлэхийн тулд биеийн зүүн талтай ажиллах, зүүн тархи хөгжүүлэхэд баруун талтай ажиллах шаардлагатай. 

Жишээлбэл:

  • өдөрт 20 минут идэвхтэй алхалт хийх, үүнээс 5-7 минутыг ухарч алх
  • тоог араас нь тоолох (100-1 хүртэл)
  • зүүн гараараа ямар нэг зүйл бич. (Хэрвээ та зүүн бол баруун гараараа бич.)
  • хоёр гараараа нэгэн зэрэг зурах, бичих 
  • шүдээ угаахдаа хоёр гараа ээлжилж ашиглах гэх мэт 

Идэвхигүй талаа ашиглах нь оюун санаанд нөлөөлж цочроох бөгөөд ингэснээр тэр талыг хянаж байдаг хагас бөмбөлгийг хөгжүүлж өгдөг байна.