Улсын  Их Хурлын дэд дарга Я.Санжмятав өчигдөр Парламентын төвд болсон Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалав. Хуралдаанд 24 орны 140 орчим парламентын тэргүүн, төлөөлөгчид оролцлоо.

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулганы үндсэн хэлэлцүүлэг “Шашин хооронд, үндэсний цөөнх хооронд яриа хэлцээ явуулах замаар соёлын олон ургальч үзэл, энхийг урагшлуулах” сэдвээр болж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна. Эдүгээ дэлхийн улс орны дотоодод, мөн улс орнуудын хооронд зөрчил сөргөлдөөн шашин хоорондын болон үндэсний цөөнх хоорондын маргаанаас үүдэлтэй байгаа нь та бидний сэтгэлийг түгшээсээр байна. Шашин хооронд болон үндэсний цөөнх хоорондын яриа хэлцээ явуулах аливаа санал, санаачлагыг  Монгол Улс дэмжих болно. Үндэсний цөөнхийнхөө тулгуур эрхийг хамгаалж, тэдний уламжлалт шашин соёлыг хүндэтгэж байх нь Монгол Улсын бодлого, үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг" гэдгийг онцлон тэмдэглэв.

Уг хуралдаанаар Ази, Номхон далайн бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлахын зэрэгцээ Бангладешийн Дака хотноо 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болсон Ази, Номхон далайн бүлгийн хуралдааны тэмдэглэлийг батлах, ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүдийн мэдээлэл, “АСЕАН+3” бүлгийн уулзалтын талаарх мэдээлэл зэргийг тус тус сонсох, ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганы үеэр болох сонгуулиудад нэр дэвшүүлэх асуудлыг  хэлэлцүүлэх, Ази, Номхон далайн бүлгийн 2018 оны даргыг сонгох зэрэг 11  асуудал хэлэлцэж, төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй солилцсон, ажил хэрэгч уур амьсгал дор хуралдаан амжилттай болж өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.