Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Б.Сүхбаатартай ярилцлаа.


-Кемеровад гарсан галын дараа нийслэл дэх худалдааны төвүүдийг шалгасан гэсэн. Хэд орчим байгууллагууд хамрагдсан бэ?

-ОХУ-ын Кемерово хотын “Зимняя вишня” худалдааны төвд гал гарч олон хүн амь үрэгдсэн явдлын дараа улс орнууд санаа сэдэл авч галын аюулгүй ажиллагааны шалгалт хийж арга хэмжээ авсан. Монголд ч гэсэн ялгаагүй 4 дүгээр сард Засаг даргын захирамж гарч нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 50-иад томоохон худалдааны төвүүдэд мэргэжлийн байгууллагуудад хамтарсан шалгалт хийсэн байгаа. Зарим  байгууллагуудыг хаах хүртэл арга хэмжээ авсан. Тэд зөрчил дутагдалаа засч залруулаад явж байна.


-Томоохон худалдааны төвүүдэд голдуу ямар зөрчил илэрдэг вэ?

-Томоохон худалдааны төвд гарсан галын тохиолдлын ихэнх буюу 90 гаруй хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс болсон байдаг. Тухайлбал цахилгааны монтаж, барилгын хийц бүтээцийг дур мэдэн өөрчилсөн, цахилгаан хэрэгслийг залгаатай орхисон, лаа хүж асаачихаад унтраалгүй явснаас үүдсэн тохиолдол нэлээн их.  

Бас барилгын дотоод засал, интерьер гээд гоё сайхан харагдах тал дээр илүү анхаардаг. Гэтэл хэрэглэсэн барилгын материал нь шаардлага хангаж байна уу, хэр шатамхай вэ гэдгийг анзаардаггүй. Жишээ нь нэг залгуурт 10 ампер хэрэглэх ёстой гэсэн барилгын зураг байхад түүн дээр нэмээд хэд дахин ачаалал өгчихдөг. 


-Нийслэл дэх томоохон худалдааны төвүүдийн галын эрсдэл ямар  түвшинд байна вэ?

-Галын аюулгүй байдал, гамшигаас хамгаалахтай холбоотой 500 гаруй төрлийн хууль мөрдөгдөж байгаа. Галын аюулгүй байдалд шууд хамаарагдах нь 30 орчим хууль бий. Үүнээс гадна дагалдах барилгын норм дүрэм стандарт байна. Бид эдгээр хуулийн хүрээнд шалгалт хийхэд худалдааны төвүүдийн 80 орчим хувь нь үндсэндээ шаардлага хангахгүй, галын эрсдэлтэй гэж гарсан. Үүний дагуу зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоох, зөрчлийн хуулиар хариуцлага тооцох, хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллалаа. Галын эрсдэл өндөртэй газруудын ихэнх нь олон түрээслэгчидтэй худалдааны төвүүд байдаг.  


-Гарсан галын тохиолдлыг эргэн харвал ямар алдаа дутагдал гаргаж байна вэ?

-Хуулиараа худалдааны төвүүд галын аюулгүй байдлыг хариуцсан ажилтан байдаггүй. Ихэвчлэн зохион байгуулагч, харуул хамгаалалтыг ажилтнууд дундаа хариуцсан болоод орхигдуулдаг. 

Мөн  галын дохиоллын системээ хянаж, ажиллаж байгаа эсэхийг нь шалгадаггүй. Бас авралтын зам гарцууд тэмдэг тэмдэглэгээтэй байх ёстой. Гал гарсан үед шаардлагатай арга хэмжээ авах боломжтой байх хэрэгтэй. 

Ялангуяа худалдааны төвүүдийн авралтын гарц замууд бэлэн байх чухал. Шалгалтаар явахад гарцыг хааж аль болох том цоож зүүчихсэн, бүр сараалжин төмөр хаалт хүртэл хийчихсэн байдаг. Эсвэл дулаан алдаж байна гээд битүүлчихдэг.  

Монгол гэлтгүй гадны худалдааны төвүүдэд гарсан галын түүхийг харахад авралтын зам гарцанд анхаарал тавиагүйгээс их хэмжээний хохирол амссан байдаг юм билээ. Авралтын зам гарцыг хааснаас болоод гал гарсан үед хүмүүс гарч чадалгүй  угаартаж нас барсан тохиолдол нэлээн их. Бас галын дохиоллын асуудлаа орхигдуулаад хулгайн дохиоллыг л хянадаг. 


-Кемеровад гарсан галын дараа маш олон байгууллагууд сайн дураараа галын үзлэг шалгалт хийлгэсэн байдаг. Ер нь манай худалдааны төвийн эзэд галын хор хохирлыг хэр ойлгож байна вэ?

-Кемеровад гарсан галтай холбогдуулан хэд хэдэн газар өөрсдөө хандаж галын аюулгүй байдлыг шалгуулах, заавар зөвлөгөө авах хүсэлт тавьсан нь сайшаалтай.

Ерөнхийдөө томоохон худалдааны төвийн эздийн галын тухай ойлголт сайнгүй байна. Тэд ихэвчлэн тухайн үеийнхээ бизнесийн ашиг орлогоо боддог. Хэрэв гал гарсны дараа гарах хөрөнгө мөнгөний хор хохирлыг бас гал гарахаас өмнөх зарцуулсан мөнгөө харьцуулж мэддэг бол арай өөр хандах байх. 

Эд хөрөнгө, эрсдлийн судалгаанаас үзвэл худалдааны төв 100 хувь шатвал тэрбумаас дээш төгрөгийн хохирол амсана. Хэрэв өмнө нь 500 мянгаас сая төгрөг зарцуулаад галын дохиоллын системээ ажиллуулаад, сургалт дадлага зохион байгуулчихвал ийм  хэмжээний хохирол амсахгүй шүү дээ. Гэтэл эрсдэл гарсны дараа л хүмүүс ойлгодог.

Үүнийг гамшигаас хамгаалах хуульд ч “Нийт төсвөөсөө  төрийн байгууллага 1 хувь, ААН-үүд 1,5 хувийг заавал зарцуулна” гэж  хуульчилсан байдаг. Энэ бол дэлхий нийтэд жишиг болсон зүйл. Үүнийг зарцуулаагүй бол хууль зөрчиж байна гэсэн үг.


-Гал гарсны дараа биш гарахаас нь өмнө анхаардаг байгууллагууд хэр байдаг вэ?

-Худалдааны төвүүдэд гал гарсны дараа танайх, манайх буруутай гэсэн маргаан үүсдэг. Үүнээс сургамж авч худалдааны төвүүд анхаарч эхэлсэн. Тухайлбал түрээсийн гэрээндээ заавал даатгуулсан байна гэж заасан нь дэвшилт юм. Ер нь бол  даатгуулсны дараа хохирлыг арилгах нь гол зүйл биш. Харин эрсдэлийг гарахаас өмнө даатгалын компани, даатгуулагч нь ч аль аль талаасаа хамтарч ажиллах хэрэгтэй. 

Даатгалын компани нь ОБЕГ-аас гаргасан галын эрсдэл өндөртэй худалдааны төвүүдийн даатгалыг хийхдээ эрсдэлээ маш сайн тооцож, үзэж шалгамаар байна. Мөн цаашид галаас урьдчилан сэргийлэх компанит ажлыг зохион байгуулж,  хамтран засч сайжруулах, үнэлэлт дүгнэлт зөвлөгөө өгөх зэргээр олон улсын туршлагаас суралцаж урьдчилан сэргийлэх цаг нь болчихоод байна. 


-Манайд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бий юу?

-Эхнээсээ ийм үйлчилгээ нэвтэрч байгаа нь сайшаалтай. Тухайлбал “Бодь даатгал”-ынхан санаачилга гаргаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч томоохон худалдааны төв дээр ажиллаж байна. Энэ бол эрсдэл гаргахгүй байх хамгийн эхний том алхам.  Даатгалын байгууллагууд даатгуул гэж уриалдаг ч даатгалын гэрээ хийгээд орхичихдог. 

Харин өөрсдөө санаачилаад, хойноос нь хөөцөлдөж ийм ажлыг эхлүүлсэн нь “Бодь даатгал” байлаа. Энэ даатгалын компани “Топ мебель” худалдааны төвийн эрсдэлийг тооцоод, арга хэмжээ аваад явж байна. Бусад худалдааны төвүүд ч бас үүнээс санаа аваад даатгалын компанитай хамтраад ажиллаасай. Хамгийн гол нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх шүү дээ.