Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хэвийн хангах зорилгоор коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. 

Өмнө нь БНХАУ-д халдвар их байхад урд зүгт анхаарч ажиллаж байсан бол одоо ОХУ-д халдварын тархалт өндөр байгаа учир хойд талдаа онцгойлон анхаарах шаардлагатай байна. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр мэргэжлийн судалгааны байгууллага Алтанбулаг боомт, Боршоо, Цагааннуур боомтуудад аюул, эрсдэлийн судалгааны үнэлгээ хийгээд дуусаж байна. 

Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур боомтод аюул эрсдэлийн үнэлгээ хийж, сэжигтэй гэсэн 7 тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Боршоо боомтод мөн адил.

Алтанбулаг боомтын нөхцөл байдалтай Зам, тээврийн сайдаар ахлуулсан баг ажиллаад ирлээ. ОХУ-ын нутаг дэвсгэр, манай улстай хил залгаа газарт нөхцөл байдал тун хүнд байна. 

Цаг уурын байдлаар салхи дандаа хойноосоо байдаг учир бидэнд бодох, тооцох, сэргийлэх зүйл их байна. Энэ талаар Улсын онцгой комисст танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргана. Алтанбулаг боомтоор ачаа тээвэр эрхэлдэг иргэд, ААН-үүд аль болох галт тэргээр зөөх боломж руу шилжихгүй бол эрсдэл өндөр байна. 

Өндөр эрсдэлтэй нөхцөл байдал магадгүй удахгүй аюултай нөхцөл рүү шилжиж болзошгүй байгаа учраас цагдаагийн байгууллага энэ талаар тодорхой саналуудыг Улсын онцгой комисст өнөөдөр өгч байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Иргэдийн дунд халдварыг дотооддоо алдчихсан юи биш биз гэсэн хардлага их байна. Одоогийн байдлаар тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд ямар нэгэн зөрчил, аюул, эрсдлийг ард түмнээсээ нууж болохгүй. Ил тод шалгаж, холбогдох байгууллагуудаар нь шийдвэрлүүлдэг хуулийн үүрэгтэй. Энэ үүргээсээ гажихгүй" гэдгийг онцоллоо.