Коронавирусийн талаарх Эрүүл мэндийн яамны өнөөөдрийн мэдээллийн үеэр ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд халдвар авсан иргэдийг тусгаарлахад хяналт тавих, нэгдүгээр болон дам хавьтлуудыг олж тогтоох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

Нийт иргэддээ онцгойлон анхааруулахад, халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд байсан, дам хавьталд орсон талаар нь Цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн үед онцгойлон дэглэм сахих шаардлагатай байна. Ингэснээр иргэн таны эрүүл мэндийг хамгаалах боломж бүрдэнэ.

Хэрэв нэгдүгээр болон дам хавьтлын хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас явуулж буй ажил, арга хэмжээг бүрэн биелүүлэхгүй бол энэ өвчин нутагших аюултай. Өвчин Монгол орны хаана ч гарсан хавьтлууд нь дэглэм барих нь нэгдүгээр асуудал. Хавьтлуудыг олж тогтоох нь цаг хугацаа шаардсан ажил.

Дээрээс нь халдвар авсан иргэд нэгдүгээр болон дам хавьтлынхаа хүмүүсийг баримжаалдаггүй, явсан газраа тодорхой санадаггүй, хэлдэггүй, зарим тохиолдолд нуудаг байдлаас болж нэлээд сунжрах байдалтай байна. 

Хэнэггүй юмуу санамсаргүй байдлаасаа болж халдварт өвчин түгээх асуудал үүсвэл хуулийн дагуу ялтай байдаг.

Эрүүгийн хуулийн 15.6.1-д "1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан.

Иймд нэг, хоёрдугаар хавьтал болсон иргэд мэдээллээ үнэн зөв өгч, дахин шинжилгээ өгч, өөрийгөө тусгаарлан дэглэмээ сайн сахихыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна" хэмээлээ.