Хэл мэдэхгүй танил жолооч маань жуулчинд хөтөч хийж явжээ. Очих газар яг замын дундаа ороод байтал халуунд дугуй нь ёстой хаяхаас аргагүй болтол хагарч л дээ.

Жолооч эр мундаг бэлтгэлтэй хүн болоод шинэ дугуйгаа хийж өнөөх хуучныгаа хаячихаж. Бараг уулын оройд шахуу явсан юм чинь дугуй тавьсан даруйд бөмбөрөлгүй яахав. Харах нь ээ хажууд суусан шар толгойт уул уруудаад хойноос нь ухаан жолоогүй гүйж байна гэнэ. Жолооч эр аль учрыг нь ойлгож ядан араас нь гайхан хоцорч. Харин жуулчин бүсгүй зуны халуун, уулын хад асгыг ч үл ажран өнөөх дугуйг ард урдаа аргалж чирсээр авч иржээ. Бараг километр шахам уулын өгсүүр газар шүү. Ирэнгүүтээ жолоочид үүргэвчээ ухан толь бичгээ эргүүлэн хайсаар ганц өгүүлбэр харуулсан нь "Хог хаягдал байгаль орчинд аюултай". Жолооч ах энэ ганцхан өгүүлбэрт бараг толгойгоо дэлсүүлэх шиг болсон бөгөөд дахиад ганц ч дугуйг баян хангайдаа өргөөгүй юм гэсээн.  Бид нутаг ус, дов жалганыхаа тухай олон ч дуулж, хөшөө босгосон байх. Гэсэн атал өнөөх "Шар толгойт" нөхрийнх шиг байгаль эх дэлхийдээ хандах чин сэтгэл дутаад л байх шиг санагддаг аа.

Хүүхдийн баяраар гэхэд гэр бүлийнхэнтэйгээ Тэрэлж орчмын амралтын газар, Туул голын эрэг дагуу саатлаа. Гэтэл эрэг дагуу хуванцар сав, гялгар уут гээд хотоос ирсэн амттан бүхний сав баглаа боодол дүүрчихсэн л байсан.  Зуны дэлгэр цаг дөнгөж эхэлж байхад шүү дээ. Агаарт гарч байвал л боллоо гэсэн шиг дураараа аашлан уусан идсэн зүйлийнхээ савыг газар сайгүй шидлээд явсан том машин унасан залуусыг яах вэ. Гэхдээ юм бүхнийг хараар будах гэсэнгүй. Өчүүхэн ч хогоо үлдээлгүй авч явах залуус цөөнгүй билээ. Тэр жил баруун аймгаар аялж явахдаа машины тээш дүүрэн хог ачаад Архангайн хогийн цэг дээр асгах гэр бүлтэй ч таарч л байлаа. Замдаа нэг хог хаяагүй, хариуцсан эзэд нь тэд гэж хүүхдээ заан инээж байсан ээж аавуудыг хараад бахархах сэтгэл эрхгүй төрсөн.

Гадны жуулчид тэр тусмаа Хятадаас ирсэн жуулчдыг дагуулж очихоор ад шоо үзэн үндсэрхэг үзлээ гаргах нь байдаг л зүйл. Гэтэл тэд хэзээ ч хээр гадаа очихдоо хогоо хаядаггүй. Ухаан орох цагаас нь эцэг эх нь, суурь боловсрол нь үүнийг бат суулгачихдагт учир бий.

Мэдээж өв уламжлалаа хайрлан нандигнах нь тухайн үндэстний соёлын дархлаа юм. Гэхдээ үндсэрхэг үзлээ, соёлын дархлаагаа аль нэгэн үндэстний үзэн ядахад бус эх дэлхийгээ хайрлан хамгаалахад л гаргах цаг нь болчихож. 

Хог хаях байтугай хаяандаа ургасан сонгино, мөөгийг хуйгаар нь аваад идчихдэггүй байгальдаа хүндэтгэлтэй ханддаг ёс уламжлалтай ард түмний үргэлжлэл нь бид юм. Эмээ минь мөөгөнд явахад "Мөөг авахдаа хөрсийг нь багахан шиг хөндөж аваарай. Шилбийг нь гэмтээлгүй аваад мөөг авсан нүхээ заавал сэндийлсэн шороогоорой булаарай. Тэгээд заавал "Буцаад ирэхэд бум түм болж ургасан байгаарай гэж хэлээрэй" гэдэг сэн. Хамгийн сайхан байгальтай газар руу хүртэл зүглүүлэхгүй. Лус хилэгнэнэ гэдэг байж билээ. Одоогийнх шиг гялгар уут гэж зүйл байсан бол эмээ минь аль хэдийнэ ямар нэгэн "муу ёртой" зохиочихоод нэг бүрчлэн жимбийтэл эвхэж суух байсан гэдэгт би эргэлздэггүй.

Танил ургамал судлаач найзын маань дотны нөхөр германы цэцэг судлаач өвгөжөөр хүн өнгөрсөн жил Монголд ирсэн юм. Тэр жолоочдоо машинаа уулын бэлд орхиод цааш алхая гэж л дээ. Гэтэл мань эр алхахаас залхуурч яваад нэн ховор улаан өнгийн цэцгийн бутыг дайрчихаж. Харсаар байгаад дайрчихлаа, тойрчих байсан юм гэж уйлах шахам уурссан герман, юун сүртэй юм хэдхэн цэцэг гэх монгол эрийн дунд чамгүй асуудал үүссэнийг арайхийн зохицуулсан тухайгаа найз минь ярьсан. Хаа холын хүн ч нутгийг маань хайрласан герман хүн багаас сургасан эмээгийн үгийг сануулсан. Талаар нэг хийсэх гялгар уутаа багасгахын тулд, тансаг сайхан цэцэг, ургамалтай байгалиа хайрлахын тулд бид эхлээд социализд, дараа нь зах зээлд нухчуулан гээгдсэн үнэт чанар, өв уламжлалаа хайрлах сан.