Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос  НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Энэ жилийн аян “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриатайгаар  үндэсний хэмжээнд албан ёсоор эхэллээ.

Аяныг манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулан эхлүүлсэн түүхтэй. 

Түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллага, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, хөгжлийн түнш, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.

Өнөөдрийн аяны нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдын яриаг хүргэж байна.

Таны нөлөөллийн цаана аз жаргал, амар амгалан, бүтэн нойр бий

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

Жендэрт суурилсан асуудал аль нэгэн яам л хариуцдаг эсвэл аль нэг албан тушаалтан л мэдэх ёстой зүйл биш. Албан байгууллагууд л ч гэсэн анхаарч, хэрэгтэй зөвлөгөөг нь өгдөг, шаардлагатай үед нь цалинтай чөлөө өгдөг байх ёстой. Энэ бол хүний эрхийг зөрчсөн маш чухал асуудал. Энэ 16 хоногийн хугацаанд та айл гэр, албан байгууллага, хамт олны хүрээнд аль болох олон хүнд нөлөөлөөрэй.

Энэ зүүсэн улбар шар алчуур минь гоёл биш. Хүмүүсийг хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн уриалга юм шүү.

Та бүхэн бусдынхаа ойлголт, хандлагыг нь өөрчлөхийг хичээгээрэй. Аян дууссан ч өдөр бүр бусдыгаа анзаарч зохих байгууллагад нь хандаарай. Таны нөлөөллийн цаана аз жаргал, амар амгалан, бүтэн нойр бий.


Хүчирхийллийн хамгийн хөнгөн арга хэлбэрийг ч хүлцэн тэвчиж болохгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица:

Жил бүр энэхүү аянд дэлхийн улс орнууд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох ажлыг өрнүүлдэг. Ялангуяа охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох ажил улам эрчимжиж байна.

2018 онд жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг явуулахад 2 монгол эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа ойр дотны хүндээ хүчирхийлүүлдэг гэж гарсан. Мөн гурван эмэгтэй тутмын нэг нь сүүлийн гурван сард хүчирхийлэлд өртсөн байна.

Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдэж улмаар хохирогчид хүчирхийлэгчтэй нэг дор байнга байх нөхцөл үүссэн. Жендэрт суурилсан хүчирхийлэл охид эмэгтэйчүүдийг дорд үзэх, эрх мэдлийн тэнцвэргүй байдал зэрэг нийгмийн хэм хэмжээтэй холбоотой зүйл юм. 

Энэ жилийн аяны уриа “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүрд хамаатай”. Бид хүчирхийллийн хамгийн хөнгөн арга хэлбэрийг ч үл хүлээн зөвшөөрч, жендэрийн хэвшмэл ойлголтыг хүлцэн тэвчиж болохгүй.

Энэ бол хүн нэг бүрийн асуудал. Энэ жилийн хувьд хөвгүүдийн оролцоог сайжруулах тал дээр анхаарал хандуулан ажиллах болно.


Сүхбаатар дүүрэг гэр бүлийн хүчирхийллийн тоо баримтаараа улсад гуравдугаарт орж байна

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Жендэр гэдэг бол уйтгартай яриа биш, нийгэмд бугшсан зохисгүй асуудлыг хөндөж түүнээс сэргийлж байгаа хэрэг.  Бид үүнийг аль болох ярьж, ойлгуулж мэдээлж байх ёстой.

Магадгүй таны ойр тойронд нэг нэгэн хүн хүчирхийлүүлж байвал түүнд зөвлөөрэй, буруу зүйл гэдгийг нь ойлгуулаарай. 

Тухайн хүнд нөлөөлж чадаж байна гэдэг өөрчлөлтийн эхлэл юм. Тийм учраас олон нийтийн тэмцэл, ойлголт маш чухал. Цар тахлын үеэр гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн. Сүхбаатар дүүрэг гэхэд голдуу мэдлэг боловсролтой хүмүүс аж төрдөг. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн тоо баримтаараа улсдаа гуравт орж байна шүү дээ. 


Бид хүчирхийлэл л гэж яриад бусад асуудлыг үл ойшоогоод байна

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Хөдөө орон нутагт малчдын аж байдал, хүний эрхийн асуудал хүнд хэвээр байна. Ялангуяа залуу малчдын тусдаа амьдарч байгаа асуудал, малчин эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, цус ойртолт гээд хөндөх сэдэв олон байна. Бид хүчирхийлэл л гэж яриад бусад асуудлыг үл ойшоогоод байгаа юм. Тийм учраас энэ 16 хоногт соён гэгээрүүлсэн ажлыг хийгээсэй гэж хүсэж байна.


Гэр бүлийн хүчирхийлэл буурч байгаа мэт боловч эмэгтэйчүүд цагдаад мэдээлэхгүй, мэдэгдэхгүй байгаа гэж үзэж болохоор байна

НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Лорина Роллс:

Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаа баталсан. 2018 онд жендерт суурилсан хүчирхийллийн анхны судалгааны дүнг танилцуулж байсан юм. Судалгааны дүнгээс үзэхэд эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь амьдралынхаа аль нэг үед дотно хамтрагчийнхаа үйлдсэн бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Цаашилбал, бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд 17.3 хувь нь, бэлгийн хүчирхийлэлд 14 хувь нь өртжээ. Мөн бусдын зүгээс үйлдсэн хүчирхийллийн дийлэнхийг гэр бүлийн аль нэг гишүүн үйлдсэн байна. 

Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор гэр бүлийн орчинд хүчирхийлэл гарч буй тохиолдол их байна. Ялангуяа хөл хорионы үед 2020 онд болон 2021 оны эхээр нэлээд нэмэгдсэн. Мөн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн болон хүнд гэмт хэргийн гаралт буурч байгаа мэт боловч нөгөө талаар эмэгтэйчүүд цагдаад мэдээлэхгүй, мэдэгдэхгүй байгаа гэж үзэж болохоор байна.


Таны үйлдэл хүчирхийллийг таслан зогсоож чадна

Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга, доктор Стефани Бурри:

Жендэрийн тэгш байдал бол хүн бүхний анхаарах асуудал, хүний суурь эрхийн тухай яриа юм. Иймээс Швейцар улс энэ асуудалд анхаарч жил бүр 15 сая ам.долларын тусламж зарцуулж анхаарсаар ирсэн. Цаашид ч гэсэн жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө оруулахаа амлаж байна. Үүний тулд өнгөрсөн хугацааны алдаа онооноос суралцах нь чухал. 

Би ШХА-ын даргын төдийгүй эх хүний хувьд хүн бүр жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж тэмцэхийг уриалж байна. Таны үйлдэл хүчирхийллийг таслан зогсоож чадна.


Хүчирхийллийн үндсэн шалтгаан нь  жендэрийн хэвшмэл ойлголт хэвээр байна

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл:

Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэлт, гэмт хэрэг эрс өссөн. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, ажилгүйдэл гээд нөлөөлсөн олон хүчин зүйлс бий. Үндсэн суурь шалтгаан нь жендэрийн хэвшмэл ойлголт хэвээр байна.

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрч нэмэгдсэн. Энэ нь гэмт хэрэг өсөөд байгаадаа биш иргэд энэ төрлийн хэрэг зөрчлийг мэдээлдэг, буруу зүйл гэдгийг ойлгодог болсон гэдгийн нэг илрэл юм.

Хүчирхийлэл үйлдсэн нь, хүчирхийлүүлсэн аль аль нь гэмт хэрэг гэдгийг ойлгодог болсон нь ахиц дэвшил гэж харж байна.


"Хүчирхийллийг санамсаргүй үйлдэл гэж үзэж болохгүй

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: