Peak.mn
12 сарын 04, 2025
Эдгээр өдрүүдэд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан ХЭҮК-ын 24 дэх илтгэлийн жендэрт суурилсан суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндсөнийг хүргэе.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 онд хийсэн “Иргэдийн интернэтийн хэрэглээний талаарх суурь судалгаа”-гаар цахим гэмт хэрэгт 18-24 насныхан илүү өртсөн байх бөгөөд ялангуяа цахим орчинд оруулсан мэдээлэлдээ сөрөг сэтгэгдэл авах, айлган cүрдүүлсэн, заналхийлсэн утга бүхий зурвас хүлээж авч байсан гэсэн байна.
ЦЖСХ-д технологи ашигладаг, цахим орчинд идэвхтэй байдаг хэн ч өртөх эрсдэлтэй ч охид, эмэгтэйчүүд, ялангуяа залуу эмэгтэйчүүд илүү ихээр өртдөг. Тэр дундаа Gen Z буюу 1997-2012 онд төрөгсөд болон миллениалууд (1981-1996 онд төрөгсөд) ихэвчлэн хохирогч болдог нь тогтоогджээ.
Тэр дундаа цахим орчинд олон нийтийн өмнө хамгийн идэвхтэй байдаг эмэгтэйчүүд, сэтгүүлчид, хүний эрхийн хамгаалагчид, улстөрчид, феминистүүд, залуу эмэгтэйчүүд байна. 
Түүнчлэн, бэлгийн цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ч цахимаар дайрч доромжлох явдал цөөнгүй байна. Монгол Улсад нийгмийн сүлжээнд эмэгтэй улстөрчид, сэтгүүлчдийг илүү хатуу бөгөөд шударга бусаар шүүж, илэрхий ялгаварлан гадуурхаж, дарамталсан жишээ кэйс бий.
НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллагын (ЮНЕСКО) 2021 оны тайланд ярилцлага өгсөн эмэгтэй сэтгүүлчдийн 73 хувь нь цахим хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлжээ
Ялангуяа сонгуулийн үеэр эмэгтэй сэтгүүлчид болон улс төрчдийн эсрэг хүчирхийлэл улам бүр нэмэгдсэн аж.
Эмэгтэйчүүдийг улс төрийн ажилд тохирохгүй гэж бусдад итгүүлэх, авч хэрэгжүүлсэн үйл хэрэг, бодлого зэргийн талаар ярихаас илүүтэй гадаад төрх байдлаар нь доромжлох, эмэгтэйчүүдийн үнэт зүйлсийг нь шүүмжлэх зэргээр тэдэн рүү чиглэсэн дайралт түгээмэл байна.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээний платформ ашиглаж буй байдалд хийсэн мониторингоос үзэхэд сонгуулийн сурталчилгааны үеэр фейсбүүкийн 11 хувь, твиттерийн мэдээллийн 13 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид рүү халдсан, зүй бусаар доромжилсон, боловсрол, хүйсээр нь дорд үзсэн, худал мэдээлэл тараах, гүтгэх, ижил нэрээр хуурамч хаяг нээсэн байна.
Эх сурвалж
МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 24 ДЭХ ИЛТГЭЛ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.