У.Хүрэлсүх: 2021 онд 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлэг, 3 театр барьж ашиглалтад оруулна

Б.Баясгалан
10 сарын 17, 2020

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар үг хэлсэн. Түүний Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний талаар хэлсэн үгийг онцлон хүргэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цар тахлын улмаас улсын эдийн засаг нэлээд агшиж байгаа энэ үед мөчлөг сөрсөн бодлогын хүрээнд нийгэм, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг зогсоохгүй үргэлжлүүлж байна.

Сум, орон нутагт хийгдэх сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, их засвараас эхлүүлээд томоохон төслүүдийг ч саадгүй санхүүжүүлж байна.

Нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2016-2019 онуудад 100 сургууль, 147 цэцэрлэг, 43 дотуур байр, 52 эмнэлгийн барилга болон 1773 км авто зам, 1481 метр гүүрийн байгууламж, 500 км инженерийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулсан. 

2021 онд 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлэг, аймгийн төвийн 3 театр шинээр барьж ашиглалтад оруулна. Дэд бүтцийн салбарт авто замын 43, гүүрийн байгууламжийн 10, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11, дулааны шугам сүлжээний 3, инженерийн шугам сүлжээний 26 төслийг тус тус ашиглалтад оруулна. 

Түүнчлэн олон жил яригдаж шийдлээ хүлээж байсан нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж ашиглалтад оруулж байна. Тухайлбал, 5 удаа нээлт хийн тууз хайчилж олон жил яригдсан Баянхонгор Говь-Алтай аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай замыг нэг жил гаруйн хугацаанд дуусган ашиглалтад оруулж эхний санхүүжилтийг 2021 оны төсвийн төсөлд тусгалаа.  

Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор эхлүүлсэн Их эзэн Чингис хааны музейг 2021 онд ашиглалтад оруулахын зэрэгцээ, Үндэсний урлагийн их театр, Байгалын түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж 2022 онд дуусгахаар төлөвлөж байна.

2021 онд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээг хангах хотын  инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цогцолбор, нэн шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга, эмнэлэг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн зарим сургууль, цэцэрлэгийн болон гэр хорооллын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлнэ" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

сургууль у.хүрэлсүх цэцэрлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.