Л.Дэлгэрзул: Сургууль, цэцэрлэгүүд засварын ажлаа зургаадугаар сардаа хийвэл хүүхдүүд дотоод орчноос хордох эрсдэл багасна

Бага насны хүүхдүүд өдрийн цагаар цэцэрлэгтээ байхдаа дотоод орчны агаарын бохирдолд хамгийн их өртөж байна гэсэн судалгааны дүн гарчээ. 


Тухайлбал, судалгаанд оролцсон 1-5 настай хүүхдүүдийн 21.4 хувь нь цэцэрлэгтээ агаарын чанарын стандартын хүлцэх хэмжээнээс хэтэрсэн тоосонцортой орчинд өдрийг өнгөрөөж, бохирдолд өртсөн гэх судалгааны дүнг НҮБ-ын Хүүхдийн сангаас танилцуулсан байна.

Дотоод орчны агаарын чанарын талаар Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзултай ярилцлаа.

-Тасалгааны агаар ямар байвал цэвэр гэж үзэх вэ?

-Дотоод орчны агаар ямар нэг үнэргүй бол агаар цэвэр байна гэсэн үг. Ямар нэг зүйл үнэртэж л байвал бохирлогдсон буюу хортой агаар гэж үздэг. Хүүхдийн тоглож байгаа талбайд ямар нэг зүйл үнэртэж байвал дэгдэмхий органик нэгдэл буюу хавдар үүсгэгч янз бүрийн бодис байна гэсэн үг. 

-Агаар орчны бохирдол хавдрын өвчлөл үүсгэхэд нөлөөлөх үү?

-Нөлөөлөлгүй яах вэ.Манайд хавдрын өвчлөл ихсэж байгаад гайхах юмгүй л дээ. Яагаад гэвэл амьдрал тэр чигтээ дэлхийд батлагдсан хавдар төрүүлэгч бодисыг үүсгэж, түүгээр амьсгалж байна. Айл гэр, албан тасалгаанд ямар нэг үнэр байвал том хүмүүс сүйд болж, хаалга цонхоо нээдэг. Харин хүүхэд бол илэрхийлж мэдэхгүй, хөлс нь цуваад дотоод орчиндоо хордоод тоглож байдаг.

-Үнэхээр зөвшөөрөгдөх хэмжээнд ирснийг батлах судалгаа бий юу?

НЭМҮТ-өөс дэгдэмхий органик нэгдлүүдийн судалгаа хийсэн. Судалгаагаар сургууль, цэцэрлэг буюу боловсролын байгууллагуудын 95 хувьд нь дотоод орчинд хавдар төрүүлэгч бензол, формальдегид зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байгаа нь илэрсэн. Эндээс хүүхдүүд Хар тугалганы хордлого авдаг. 

-Энэ бодисууд хаанаас үүсдэг вэ?

-Цэцэрлэгийн шалны дэвсгэр, хүүхдүүдийн тоглоом стандартын шаардлага хангахгүй байна. 

Жишээлбэл, химийн хортой дэгдэмхий бодис цавуунаас үүснэ. Цавуутай зүйл гэвэл цэцэрлэгт дэвсдэг дрожийг цавуугаар бэхжүүлсэн байдаг. Мөн будагч бодисууд, будаг шингэлэгч бодисууд, үртсэн шахмалыг барьцалдуулахын тулд формальдегидтай цавуугаар наасан хавтангаар төрөл бүрийн тавилга хийдэг. Энэ бүхэн бүгд хор шүү дээ.Үүгээр л амьсгалаад байгаа учраас бид өвчлөөд байгаа юм.

-Шинэ барилгын "хор" гэж ярьдаг. Хэр хугацааны дараа барилгын материалын үнэ алга болдог вэ?

-Яагаад дэгдэмхий органик нэгдэл гэж нэрлэсэн бэ гэхээр тодорхой хэмжээнд агаарт дэгддэг. Тийм учраас олон улсад шинээр баригдсан барилгыг гурван сарын хугацаанд хаалга, цонхыг нь нээлттэй байлгасны дараа ордог.

Дэгдэх боломжтой бодисууд дэгдэж, хүний эрүүл мэндэд аюулгүй болсон хойно ордог.


-Монголын нөхцөлд сургууль, цэцэрлэгийндотоод засварын ажил дуусаад бараг долоо хоноогүй байхад хичээлийн шинэ жил эхэлдэг. Үүнийг шийдэх боломж бий юу?

-Манайхан будаг, засварын ажлыг шинэ будгийн үнэр гэж романтик ярьцгаадаг. Үнэндээ хор шүү дээ.

Иймээс л сургууль, цэцэрлэг зургаадугаар сард амрангуут нь засварын ажлыг эрт хийх хэрэгтэй. 

Засварын будаг, бусад материал нь стандартын шаардлага хангасан байх ёстой. Манай улсад сургууль, цэцэрлэгийн засвартай холбоотой стандарт байдагггүй. Тендер зарлахдаа тогтсон стандартгүй учир “ийм тэмдэгтэйг нь аваарай” гэж зөвлөхөөс хэтрэхгүй.


Хил гаалиар оруулж буй барилгын материалууд хилийн хяналт шалгалт дээр хянагдаж, хэмжигдээд стандартын шаардлага хангасан материал оруулж ирдэг бол бас учиртай.

Тиймээс БХБЯ, БШУЯ, Боомтын сайд нараас эхлээд асуудлыг Засгийн газрын түвшинд дэвшүүлэн тавьж, тодорхой шийдвэр гаргамаар байна.

Сургууль, цэцэрлэгүүд зургаадугаар сард багтан засвараа хийчихвэл долоо, наймдугаар сард бүтэн хоёр сар хаалга, цонх нээлттэй байвал будагны үнэргүй болж, дэгдэмхий бодисууд нь арилна.

Шийдвэр гаргагч байгууллагууд шат шатандаа хамтарч ажиллавал тендерээ эрт зарлаж, засварын ажлыг эрт эхлүүлбэл хүүхэд өвчин тусах эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой.

Дэлхий дахинаа өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд мөнгөө зарцуулснаар өвдсөн хойноо эмчилгээнд зарцуулах төсвийг 40 дахин багасгах боломжтой гэсэн судалгааны дүн гарсан. Тэгэхээр ирээдүйн иргэдийнхээ эрүүл мэндэд хүүхэд байхаас нь анхаарч, эрүүл амьдралын хэв маягт сургавал хожим гарах өндөр дүнтнй зардлыг хэмнэх болно гэдгийг шийдвэр гаргагчид ойлгох хэрэгтэй юм.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.