ТХЗ 2030, Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” болон ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч ОУ-ын Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөрийн Үндэсний VIII чуулган өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо.  

Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг сургалтын агуулга, арга зүй, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж амжилттай ажиллаж байгаа сургууль, коллеж, цэцэрлэгийн хамт олон, багш, сурагч, удирдах ажилтнуудын манлайлал, оролцоог урамшуулах, тэдний хамтдаа хүрсэн амжилт, туршлагыг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус чуулганд хот хөдөөгийн 80 гаруй эко сургууль, цэцэрлэгийн 400 гаруй төлөөлөл оролцов. 


Байгаль орчны мэдээлэл сургалтын төв \БОМСТ\ ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг:Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/-ийн ОУ-ын “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр” нь дэлхийн 102 улсын 50 000 гаруй сургууль, коллеж, цэцэрлэгүүдэд хэрэгжиж 14 сая сурагч үр дүнг нь хүртэж байна.  НҮБ-ын боловсрол, байгаль орчны төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “ISO14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг олон нийтэд түгээх, эзэмшүүлэх шилдэг туршлага, цогц арга зүй” хэмээн дүгнэж, ОУ-ын хэмжээнд хамтран ажиллаж байна. 

2023 онд өргөмжлөл хүртсэн байгууллагууд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд дунджаар 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 15 сая төгрөгийн экологийн ул мөрийг арилгасан байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт 355 ЕБС, 249 цэцэрлэг, 11 МСҮТ, коллеж тус хөтөлбөрт хамрагдаад байгаагаас 2023 онд ОУ-ын “Эко- сургууль\цэцэрлэг хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд ОУын болон Үндэсний нэр хүндтэй гэрэгэ, өргөмжлөлийн болзлыг хангаад байна. 

Үүнд:

“Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг -18, Ерөнхий боловсролын сургууль-3, МСҮТ-2,

“Мөнгөн гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг-19, Ерөнхий боловсролынн сургууль-2, МСҮТ-4

“Ногоон туг” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг-21, Ерөнхий боловсролын сургууль-12, МСҮТ-1 тус тус хүртэж, батламжаа гардан авлаа. 

Говьсүмбэр аймгийн 1 цэцэрлэгийн эрхлэгч С.Туяагэрэл: Бидний онцлог бол бага насны хүүхдүүдтэй ажилладаг. Томчуудын үйлдэл зөв байснаар хүүхдэд зөв хандлага бий болно. Тиймээс бид хичээл сургалтын үйл ажиллагаагаараа дамжуулан тогтвортой хөгжлийн үзэл хандлагыг тусгаж ажилладаг. 

Анги танхимын тавиуруудаа хүртэл хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, амьсгалдаг бүтээгдэхүүнээр хийлгэж, гаднах орчноо сайжруулж сакура цэцгийн хүрээлэн болгож эхэлсэн.. гэх мэт олон үзүүлэлтээрээ өнөөдөр “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийн болзлоо ханган, батламжаа гардаж авлаа.