Т.Заяа: Шинэ санаа, инновацийг бизнес болгож “старт ап”-ыг хөгжүүлэх нь зөвхөн бизнес эрхлэгчдэд бус улс орны хөгжилд хэрэгтэй

Х.Оргил
01 сарын 05, 2021

Өнгөрсөн оны 8 дугаар сарын 24-ны өдрөөс 12-р сарын 21-г хүртэл нийт 4 сарын хугацаанд “Сократус Стартап Студио”-ийн санаачлагаар нийгмийн нэгж системийн инженерчлэлийн судалгааны аргачлалыг ашиглан Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ “Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааг салбар бүрийн төлөөлөл нийт 16 судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгээд байна. 

Тус судалгаанд “ТУС Солюшн” ХХК арга зүйн зөвлөхөөр, “Маххони Лиотта” ХХК хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан байна. 

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш Т.Заяа судалгааны багийг төлөөлөн мэдээлэл өглөө. Тэрбээр  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Олон улсын харилцааны магистрын зэрэгтэй. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй нэгэн юм. Одоогоор МУИС-ийн ОУХНУС-ийн докторант бөгөөд Хүмүүнлэгийн Их сургуулид багшилж буй.


-Энэхүү судалгаанд оролцсон зорилго тань юу байсан бэ? 

-“Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” төсөлд оролцох болсон нь судалгааны шинэ аргачлалд суралцах байсан. Багш, судлаач хүн бол ямагт өөрийгөө хөгжүүлж, шинэ мэдээ, мэдээллийг олж авах, судалгааны шинэ аргачлалд суралцаж өөрийгөө хөгжүүлэх, олж авсан мэдлэгээ бусдад түгээх, судалгааны ажилдаа ашиглах, оюутнууддаа зааж сургах нь чухал байдаг. Иймээс энэхүү төсөлд оролцохоор шийдсэн. 

ЗСДС-аас судалгааны олон төслийг амжилттай хийж дуусгасан байдаг. “Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” төсөл нь өөрийн гэсэн онцлогтой төсөл.

Манай улсад гарааны бизнес, инновацитай холбоотой бизнес эрхлэхэд тулгамдаж буй саад, бэрхшээл олон.

XXI зуун бол өндөр хөгжил, техник, технологи, инновацийн зуун. Үүнтэй бүх хүн санал нийлэх байх. Тэр утгаараа шинэ санаа, инновацийг бизнес болгож “старт ап”-ыг хөгжүүлэх нь дан тухайн бизнес эрхлэгчид бус мөн улс орны хөгжилд хэрэгтэй гэдгийг олж харах нь чухал байна. Гарааны бизнесийн талаар олон судалгаа хийгдсэн байдаг. Манай улсад ч бий. Энэхүү судалгааны ажлын гол онцлог нь цэгцтэй сэтгэх мөн системийн аргыг судалгааны аргачлалд хэрэглэх байсан.

Хүн тэр болгон цэгцтэй сэтгээд байдаггүй гэдгийг энэхүү төсөлд оролцсоноороо мэдэж авсан. Үүнд тодорхой хэмжээгээр суралцаж байгаа. Энэхүү боломжийг олгосон ЗСДС-ийн нийт хамт олонд талархаж байгаагаа үүгээр илэрхийлъе.    


-Системийн аргын талаар яриандаа дурдлаа. Энэхүү судалгааны арга, аргачлалын талаар тайлбарлаач, бусад судалгааны арга аргачлалаас ямар ялгаатай вэ?

-Судалгааны аргын хувьд шинжлэх ухаанд тоон, чанарын, тоон ба чанарын хосолсон аргууд байдаг гэдгийг хүмүүс мэдэх байх. Чанарын судалгаа нь юмс, үзэгдлийг ажиглах, зүй тогтлыг нь шинжих, таамаглал дэвшүүлэх, онолын тайлбар хийх зэргээр хийгддэг. Энэхүү судалгаа нь үг, дүрсээр, баримт нотолгоон дээр тулгуурладаг бол тоон судалгаа нь статистик тоо, асуумж зэргийн тусламжтайгаар хийгддэг. 

“Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд системийн инженерчлэлийн аргыг ашигласан. Энэхүү аргыг дэлхий дахинаа өргөнөөр хэрэглэж байгаа. Ялангуяа том байгууллага, корпорациуд өөрсдийн байгууллагын хүрээнд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх зорилгоор хэрэглэдэг. 

Гол онцлог нь эмх цэгцтэй сэтгэх аргад оршино. Нийгэмд тулгамдаж буй асуудал, тэдгээрийн учир шалтгаан, уялдаа холбоог тодорхойлох, шийдлийг олох зэрэг судалгааны олон үе шаттуудтай. Тус аргаар нийгэм бол нэгдмэл систем бөгөөд түүнийг бүрдүүлэгч олон дэд системүүдээс бүрддэг. Дэд системүүдийн харилцан үйлчлэлийг судалж, системийн хэвийн ажиллагааг хангахад нэгдмэл зорилго байгаа эсэх, зорилгоо хэрэгжүүлэхдээ  оролцогч талууд ямар үүрэг хүлээх, тэдгээрийн хэмжүүрийг бий болгох зэрэг олон зүйлсийг багтааж авч үздэг. Судалгааны баг

-Судалгааны үр дүнд нийгэмд ямар үнэ цэн бүтээнэ гэж бодож байна вэ?

-Судалгааны ажлын гол зорилго нь гарааны бизнесийг дэмдэг экосистемийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх юм. Манай улсад гарааны компаний жишиг загвар бий болсоноор тухайн бизнесийг эрхлэхэд ямар таатай орчин, нөөц шаардлагатай байна вэ гэдэгт хариултыг олох юм. Манай улсын хувьд гарааны бизнес эрхлэхэд тулгарч байгаа асуудлууд багагүй бий. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд юуны өмнө зарим ойлголтуудыг тодорхойлох шаардлагатай байсан. 

Үүний дотор “гарааны бизнес”, “инноваци”,  ”инновацийг санаачлагч”, “гарааны компани”, “гарааны бизнес” гэх мэт суурь ойлголтуудыг дахин тодорхойлох шаардлагатай болсон. Одоо үйлчилж буй хууль, эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдэд эдгээр ойлголтуудыг тодорхойлсон байгаа. Гэсэн хэдий ч бидний зүгээс дээрх ойлголтуудыг дахин өөр аргачлалын дагуу тодорхойлохыг зорьсон. 

Ойлголтуудыг дахин тодорхойлох нь цаашлаад гарааны бизнес, гарааны компаний ялгаа, гарааны бизнесийн үе шатууд, тухай бүрт нь тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн баримт бичгүүдэд дээр дурьдсан аргачлалын дагуу шинжилгээ хийж, учир дутагдалтай байгаа зүйлсийг олж тогтоож ажилласан. 

Энэ нь цаашлаад манай улсад старта-ап бизнесийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний тус дөхөм болон гэдэгт итгэлтэй байгаа. 


-Судалгаанд 4 сарын хугацаанд ажилласан юм байна, эндээс сурсан зүйлсээсээ манай уншигчдад хуваалцахгүй юу? 

-Тус судалгаанд оролцох болсоноор системийн инженерчлэл болон цэгцтэй сэтгэх аргын талаар тодорхой хэмжээнд мэдэж авсан. Цаашид тус аргыг бусад судалгаанд ашиглах бодолтой байгаа.  


-Судалгаа гүйцэтгэх явцад тулгарсан бэрхшээл байсан бол дурдаач?

-Бэрхшээлтэй зүйлс харьцангуй бага байсан. Судалгааны багийн гишүүдийн хувьд өөр өөр мэргэжлийн хүмүүсээс бүрдэж байсан тул судалгааны эхэн үед ойлголтоо нэгтгэх тал дээр удаашралтай байсан. Энэ нь цаашлаад бэрхшээл гэхээсээ илүүтэйгээр асуудлыг  олон талаас нь авч үзэх, мэргэжил тус бүрийн өнцгөөс асуудалд хандах зэрэг давуу талыг бий болгосон. 


Цаг заваа гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Нийгэмд хэрэгтэй судалгааны ажлыг эхлүүлээд эхний үе шатаа дуусгасанд танай баг хамт олонд дахин баяр хүргээд цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсэж байна.

Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.