Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн малчин Т.Батцэнгэл хоёр хүүгийн хамт ачаатай тэмээдээ хөтөлсөөр аймгийн төв Мөрөнд орж ирлээ. Идэр есын жавар тачигнасан үдэд тэмээн цуваанаас уур савсана. Тэрээр өвлийн сар гарснаас хойш аймгийн төвд тэмээтэйгээ одоо л орж ирж байгаа нь энэ. Нар буухаас өмнө түлээгээ борлуулж, эртхэн газар дөхөхгүй бол гэртээ харьтал 40-өөд км зайтай. 

Хөтөлгөө уяатай хүрэн тайлаг тэмээнүүд нь олны нүд эрхгүй хужирлана. Түлээ авах гэхээсээ илүү сүрлэг сайхан амьтдыг ачлага уналгадаа ашиглан, цувуулан хөтөлж яваа монгол ахуй олныг татаж, бахархлыг төрүүлжээ. Аргагүй л дээ, дуу нь хүнгэнэсэн том том техникээр түлээ түлш ачиж зөөхөөс, тэмээгээр тээх нь ховордсон цаг. Тэр тусмаа хангай газарт дөрөв, таван настай тайлаг голдуу арван таван тэмээгээр жин тээж орж ирэх нь ховор тохиол.

Ийм тооны тэмээдээр жин тээн хол газар зорино гэдэг хэн хүний амар хийдэг үйл ч биш болов уу. Сүүлийн тэмээ нь шогшихоос эхлээд бас л яггүй гэлцдэг дээ. Замд таарсан зарим нь зураг дарж, урдуур хойгуур нь тойрно. 

Батцэнгэл хоёр хүү, дүүгийнхээ хамт түлээгээ хоёр өдөр бэлтгэжээ. Нэг тэмээнд 1.6 м-тэй найман бөөрөнхий ачихад л таардаг гэнэ. Товхийсэн ачаатай хүрэн улаан тэмээнүүдийн зургийг Хөвсгөлийн нэгдсэн зар дээрээс олж харсан би эзнийг нь сурагласаар утсыг олов. Тэд аймгийнхаа төвд орж ирээд хоёр цаг бололгүй түлээгээ борлуулжээ. Тохирсон үнээрээ сайхан наймаалцсан болохоор сэтгэл хангалуун буцах замдаа гарах үед нь түр саатан хуучлахыг хүссэн юм. 

“Зам хол, Мөрөнгөөс гараад утасны сүлжээ барихгүй. Удахгүй биз дээ” хэмээн намайг яаруулав. Түүний яриаг асуулттай бичих нь илүүц биз.

ТЭМЭЭЧИН Т.БАТЦЭНГЭЛ: Тэмээг ачиж эдэлж л байхгүй бол өвчин эмгэг, олиг хууч авна

Хэдэн ааштай, эмнэг тэмээгээ номхруулаад явж байна даа. Жилийн жилд л ингэж номхруулдаг. Тэмээг ачиж эдэлж л байхгүй бол өвчин эмгэг, олиг хууч авна. Холын ачаа тээшиндээ эдэлж нурууных нь чилээг гаргаж байгаа л хэрэг. Ер нь манайх хавар, намартаа тэмээгээр 20, 30 км газар нүүдэг. Бартаа ихтэй болохоор хөсгөөр нүүх нь амар байдаг даа. Хүмүүс сонирхсон юм байлгүй энд тэндээс л утасдаад, ярьж хөөрөөд, зураг дараад л “уламжлалт аргаар малаа эдэлж унаж байна. Сайхан байна” гэцгээгээд байна. Ер нь малын, тэмээний ач буян их л дээ. Ноосоор нь бурантаг, дээс томно, олом хийнэ. Бас тушаана. Харин тэмээгээ сааж байгаагүй. Миний аав нэгдлийн малчин Түмэн-Аюуш гэдэг хүн. Хоёр хүү маань ч тус туургандаа гарсан малчид. Манай Түнэл сумын 3, 4-р баг тэмээтэй. Манайх жараад толгой тэмээтэй, таван хошуу малтай. Болж бүтэхээрээ л амьдарч байна даа. Өвөлжөө ч сайхан байна энэ жил” гэсээр замдаа гарав.

Сайн яваад хүрээрэй. Сайхан уламжиллаа өвлөн тээсэн малчин та бүхний буян заяа дэлгэрэг ээ.