УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2021 оны улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. /МАН-ын бүлэг өмнө нь тус хоригийн хүлээж авах боломжгүй гэж үзсэн/

Чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Туваан "2021 оны төсөв бол коронавирусийн үеийн биш төсөв. Иймд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна.

Энэ асуудлаар эрх баригч МАН-ын гишүүд рүү тойргийнх нь иргэд, тойрогт нь байдаг ААН-үүд ярихгүй байгаа юм уу. Хориг бол улс төржөөд байх асуудал онцгой байдал тулгарсан учир яригдаж буй зүйл. 

Бид маш их эрх мэдлийг Засгийн газарт өгсөн. 5.1 их наяд төгрөгийг ямар ч тендергүйгээр шууд зарцуулах, дээр нь хандиваар орж ирсэн 700-800 сая доллар бий. Одоо болтол тайлагнаагүй байгаа. 

Тэр их мөнгө байсан үед 50 сая доллар Дэлхийн банкнаас зээлнэ гэж "онигоо" болсны оронд бусад улс шиг вакцин нь батлагдах орнууд руу өгсөн бол ард түмнээ өнөөдөр үүсээд буй 3 тэрбум дахь дугаарын оочероос арай урдуур оруулах боломж байсан.

Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. 30 хувийн ядуурал 50 хувь руу орчихлоо. Ялангуя өдрийнхөө орлогоор амьдардаг хүмүүсийн байдал тун хүнд болсон. Нийт ААН-ийн 20 хувь нь л цалингаа тавьж чадаж байна. 30 хувь нь тал хэсгийг нь өгч байна. Үлдсэн хувь нь цалингаа огт тавьж чадахгүй байна. Монгол Улсын 150.000 гаруй иргэн орлогогүй боллоо. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл цаашид дээрх тоо 400.000 болохоор байна. Үүнийг анхаарч, Ерөнхийлөгчийн хориг дээр нухацтай хандаач ээ.

Мөнгө байхгүй, ард түмэн минь ойлгооч гээд байсан. Сая Японы зээлийг батлаад мөнгө ороод ирлээ. Одоо иргэддээ өгөөч" хэмэлээ.

Хариултад нь УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан "2021 оны төсвийг зардал талаас нь харахад 13.6 их наяд төгрөг байгаа. Үүний 20 хувь гэхээр 2.8 их наяд болно. /Ерөнхийлөгч Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэхийг хоригтoo тусгасан/. Та бүхний ярьж буй хөрөнгө оруулалт нийдтээ 1.4 их наяд төгрөг байгаа. Бэлэн байдлын энэ үед онцгой байдал зэрэгт зарцуулах мөнгөө хасаж болохгүй. Тэгэхээр 2.8 их наяд төгрөгийг хаанаасаа танах вэ.

Монгол Улсын төсөвт байдаг нэг төгрөг болгон эдийн засгийн эргэлтэд ордог. Энэ мөнгөн хөрөнгийг ваучер болгоод сольчихоор эргэлт нь удааширна. Коронавирусийн хуулиа нэг жилээр сунгаад хэрэгжүүлэх эрх бидэнд бий. Тэгээд 2021 оны төсвийн тухай хуулиа хэрэгжүүлж эхлүүлнэ. Засгийн газар төсвийн тодотгол хийнэ гэдгээ хэлсэн. Энэ нөхцөл нь бүрдэхээр тодотголоо хийнэ.

Коронавирусий үед эрх баригч нам, Засгийн газар, иргэд бүгд хичээж ажиллаж байгаа. Зөвхөн та нар биш" хэмээлээ.