“Ард санхүүгийн нэгдэл”-ийн нээлттэй өдөрлөг өнөөдөр болж өнгөрлөө. Энэ үеэр тус компанийн дор үйл ажиллагаа явуулдаг охин компаниуд танилцуулга хийж зах зээлд нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүүгүй зээл, мөнгөн урамшуулал зэрэг мэдээллийг өгсөн юм. 

Мэдээж энэ өдрийн хамгийн гол зорин ирсэн хүмүүс бол хөрөнгийн зах зээлийг сонирхогчид болон Ард даатгал, Ард санхүүгийн нэгдэл, Ард кредит ББСБ, Жинст Увс компанийн хувьцаа эзэмшигчид байв. 

“Ард санхүүгийн нэгдэл” зүгээс энэ жил ашиг орлого арвин байсныг дурьдаад энэ онд цэвэр ашгийн хэмжээ 5,5 тэрбум төгрөгт хүрнэ гэдгийг дурьдлаа.  Ирэх онд Ард Санхүүгийн нэгдлийг Жинст Увс ХК-тай нэгтгэн хөрөнгийн бирж дээр гаргахаар СЗХ-д өргөдлөө өгөөд байгаа аж. Мөн "Монгол шуудан"-тай хамтарч олон улсын мөнгөн гүйлгээг авах эрх авсан цоо шинэ мэдээгээ дуулгалаа.Ингэснээр иргэд маш бага буюу 5 ам долларын шимтгэл төлөх юм.

Хувьцаагаа гаргасан компаниудын хувьд ил тод нээлттэй засаглал маш чухал. Тиймээс хувьцаа эзэмшигчдэд компанийнхаа шийдвэр гаргалтад оролцох боломжийг ээлжит бус хурлаараа олгох гэнэ. Хурлаараа дүрэмдээ шинэчлэлт хийж ТУЗ-даа хараат бус гишүүнийг сонгох юм байна.

Бүтэн өдрийн турш 1000-аад хүн оролцсон уг арга хэмжээний үеэр олон сонирхолтой мэдээ дуулгасан. Тухайлбал Монголын хамгийн анхны цахим худалдааны цогц шийдэл бүхий ardshop.mn-ийн цоо шинэ хувилбарыг танилцууллаа. Уг сайт 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол улсын цахим худалдааны салбарыг тасралтгүй хөгжүүлж буй. Харин энэ удаад төлбөрийн хувьд финтех хэлбэрт шилжүүлэн санхүүгийн бүтээгдэхүүнтэй уялдуулж, хүргэлт түгээлтийн үйлчилгээ нь цоо шинэ шатанд гарсан гэдгээрээ давуу талтай. Бараагаа хаана явааг нь хүртэл 3 үсэгт хаягаараа харчих боломжтой гэнэ.

https://ardshop.mn/-ийн 800,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс нэмэлт төлбөргүйгээр шууд гадаад захиалга хийх боломжийг анх удаа олгожээ. Эхний ээлжинд үндэсний 100-аад үйлдвэрлэгчдээ дэмжин бараа бүтээгдэхүүнийг худалдааны сайтдаа байрлуулаад байгаа гэв. Төлбөр тооцооны бүх хэлбэрийг ашиглах боломжтой бөгөөд худалдан авагчийн нууцлал аюулгүй байдлыг бүрэн хангасан.

Тэдний зорилт нь Монголын “Алибаба” болох гэж “ARD shop mn” вэб сайтын бизнес хөгжил хариуцсан захирал Э.Золзаяа хэлэв. Мөн хятадын худалдааны платформтой хамтрахаар болсон ажээ.

Тэд цагаан сараас өмнө буюу ирэх оны 1 дүгээр сарын 20-нд “Цагаан Сугар” нэртэй бэлэгний худалдаа зохион байгуулахаар болжээ. Бидний хэлж заншсанаар хямдралын “Хар баасан гараг”-ийг монголчуудын амны бэлгээр ийнхүү нэрийдсэн аж. Онцлог нь та эндээс зөвхөн бараагаа сонгох юм. Харин хүргэлтийг үйлчилгээг Монгол шуудан хариуцах юм байна. Орон нутагт байгаа иргэдэд ч энэ боломж нээлттэй гэнэ.