Улс үндэстэн болгонд өөрсдийнхөө хэн болохыг, ямар удам судар, түүх, соёлтой улс болохыг мэдэж, мэдэрдэг баяр ёслол гэж байдаг. Монголчуудын тэрхүү баяр ёслол нь “Цагаан сар”. 

Энэхүү баяраар олон сайхан уламжлалт зан үйл, үг хэллэг, дагаж мөрдөх цээр ёсыг чанд сахин биелүүлж ирсэн уламжлалтай. Цөөн өдрийн хичээнгүйллээс олон өдрийн жаргаланг олж авахын тулд Цагаан сарын шинийн нэгэнд дараах зүйлсийг цээрлэдэг.


Шинээр үйл эхлэх ёстой

Цагаан сараар үйл мэтгэх, оёхдоо хуучин дээл хувцас, эдмэршсэн эд зүйл нөхөхийг цээрлэнэ. Заавал шинэ юм эхлэн оёдог нь сайн сайхны бэлгэшээл болно.


Үс авахыг цээрлэнэ

Цагаан сараар үс авахыг цээрлэнэ. Үс авбаас нагац нарын ам бүлээс хэн нэгэн тэр жилдээ өөд болно гэж хэлдэг.


Эд юм гадагш зээлээр өгөхийг цээрлэнэ

Цагаан сарын өдрүүдэд эд юм гадагш зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзын үүд, гарлагын ам нээгдэнэ гэдэг.


Зулын голыг хуучин галын цог цучлаар асаахыг цээрлэнэ

Шинийн нэгний өглөө зулын голыг хуучин галын цог цучлаар асаахыг цээрлэнэ. Заавал шинэ галаас асаана. Учир нь хуучин онд тунасан сайн мууг шинэ онд цэглэн төгсгөж, алив бүхэн шинэдэж эхлэхийн бэлгэ дэмбэрэл болгож буй хэрэг аж.


Шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ

Шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ. Хэрэв айл хунараар хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүй хэсүүчлэн тэнэнэ гэдэг.


Шинийн нэгэнд уйлж унжих, хэрэлдэж цуугилдахыг цээрлэнэ

Цагаан сарын шинийн нэгэнд уйлж унжих, хэрэлдэж цуугилдахыг цээрлэнэ. Зөрчвөөс бүтэн жилийн туршид хэл ам, хэрүүл цуугиан үл тасарна гэдэг.


Үнс хогоо гадагш хаях, гаргахыг цээрлэнэ

Шинийн нэгэнд мөн үнс хогоо гадагш хаях, гаргахыг цээрлэнэ. Үнс хогоо заавал шинэ оноос өмнө гаргаж, орон гэрээ цэмцийлгэн цэвэрлэсэн байна. Өнгө жавхаатай шинэлэх нь тэр жилдээ цог золбоотой байхын бэлгэдэл болно.


Шинийн долоонд айлд очих, золгохыг цээрлэнэ

Цагаан сарын шинийн долоонд айлд очих, золгохыг цээрлэнэ. Эл өдрийг “хар өдөр” гэх тул тийнхүү цээрлэдэг байна. Ордос нутагт энэ заншлыг хатуу чанд баримталсаар байна.


Цагаан сарын үеэр бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, амьтан алахыг цээрлэнэ

Цагаан сарын үеэр бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, амьтан алахыг цээрлэнэ. Бэлгэгүй үг хэлбээс тэр ёсоор өөрт эрхэж уршиг тарина. Амьтны амь тасалбаас үхэл хагацал нүүрлэнэ гэдэг.


Цагаан сараар эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ

Цагаан сараар эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Хэрэв золговоос хагацна, сална, хар элэгтэн болно гэнэ. Цагаалж, шинэлж буй хүн уурлан цухалдаж, агсамнан аашлахыг болон бусад ёсон бусын явдлыг аль болох цээрлэн хичээнгүйлнэ.


Жил орж буй хүмүүс насаа нууцлах учиртай

Цагаан сарын шинийн нэгний өглөө золгож, мэндчилэхдээ жил орж буй хүмүүс жинхэнэ насаа хэлэлгүй, насаа нэмж, аль болох сондгой тоотой нас хэлнэ. Жил орж буй хүмүүс насаа нууцлах учиртай байдаг.


Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Дулам