"The Guardian"-ы туйлшрал

Peak.mn
04 сарын 14, 2025

2025 оны 4 дүгээр сарын 9-нд Их Британийн нэр хүнд бүхий “The Guardian” сонинд Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг хөндсөн нийтлэлнийтлэгджээ. Сэтгүүлчид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогдох Улаанбаатар хотын өвлийн уур амьсгал, гэр хорооллын тэлэлт, нүүрсний хэрэглээ, шахмал түлшний бодлого зэргийг онцолж, агаарын бохирдолтой холбоотой эрүүл мэндийн эрсдэл, өвчлөлийн тухай дэлхийн уншигчдад ойлгуулахыг зорьжээ. Гэвч энэхүү нийтлэлийг уншихад сэтгүүл зүйн зарчим, бүтэц, агуулгын үүднээс тодорхой шүүмжлэл дагуулахаар байгаа бөгөөд АНУ-д төвтэй Theguardian.org санд өгсөн олон нийтийн хандивын санхүүжилтээр, бие даасан редакцийн хараат бус сэтгүүлчдийн төсөл гэхэд асуудлыг илүү гүнзгий, олон өнцгөөс харуулах шаардлагатай байсан нь ажиглагдлаа. 

 Үнэн зөв мэдээлэл, бодит баримтад тулгуурласан байдал

Юуны өмнө сэтгүүл зүйн арга барил, зарчмын талаар дүн шинжилгээ хийхэд зарим мэдээлэл бодит байдалтай нийцэж байгаа ч баримт, тоон үзүүлэлт, судалгаанд тулгуурласан нотолгоо дутмаг байна. Нийтлэлийг хөнгөн гарчигласан олон улсын зарим уншигчдад Монголын нийслэлд жилд хэдэн мянган хүн “алуулж” байгаа мэт сэтгэгдэл төрж ч болохоор байна. 

Цаашлаад агаарын бохирдлын хэмжээг тодорхойлох үзүүлэлт болох PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг тодорхой баримтаар тулгуурлан тайлбарлаагүй. The Guardian 2018 оны буюу аль долоон жилийн өмнөх баримтыг ашиглан байнга хувьсан өөрчлөгдөж байдаг чухал өгөгдлийг тодорхойлох оролдогийг энэ нийтлэлдээ хийсэн нь үнэнд ойртох ямар ч боломжгүй юм. 

Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023 оны тайланд дурдсанаар, Улаанбаатар хотын өвлийн улиралд PM2.5-ын дундаж агууламж 140 мкг/м³-д хүрч байсан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн дээд хязгаар (10 мкг/м³)-аас 14 дахин өндөр байжээ. Гэтэл тэд нийтлэлдээ энэ мэт хамгийн сүүлийн шинэ баримт, өгөгдлийг харьцуулсангүй.     

Мөн шахмал түлштэй холбоотой угаарын хийн хордлого, эрүүл мэндийн эрсдлийн талаар тодорхой баримтгүйгээр дурдсан нь сэтгүүл зүйн мэргэжлийн шаардлагыг хангасангүй. Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны мэдээллээр, түүхий нүүрсийг хориглосон эхний өвөл болох 2019-2020 онд угаарын хийд хордож 40 гаруй хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн байна. 

Нийтлэлд Монголын бодлого боловсруулагч, мэргэжилтэн судлаачдын дуу хоолойг хангалттай тусгаагүй бөгөөд зөвхөн сөрөг үр дагаврийг товойлгон, гамшгийн байдалд төвлөрсөн өнгө аястай эшлэл, нотолгоог цуглуулсан байна. Сэтгүүл зүйн үндсэн зарчим бол тухайн асуудлыг олон өнцгөөс харуулах, эсрэг болон дэмжигч байр суурийг тэнцвэртэй тусгах явдал байдаг. 


Логик бүтэц ба баримтад суурилсан дүн шинжилгээ 

Нийтлэл логик дараалалтай, хөндсөн сэдэв тодорхой байгаа ч баримтыг бүрдүүлэх нотолгоо, судалгаа шинжилгээний өгөгдлийн харьцуулсан үр дүнг ашиглах тал дээр хойрго хандсан нь ажиглагдсан. Нийтлэлд ашигласан бичлэгийн хэв маяг нь pathos буюу уншигчийн сэтгэл хөдлөлд нөлөөлөхийг зорьсон арга барил хэт давамгайлсан байна. 

Өөрөөр хэлбэл, баримтаа нотолгоогоор дэмжсэн, дүн шинжилгээтэй тайлбар өгөхийн оронд уншигчийг гайхшруулах, өрөвдөх, уурлах, гомдох зэрэг сэтгэл хөдлөлөөр хүлээж авахад чиглүүлэн ерөнхий мэдээлэл бүхий, мэдрэмжид тулгуурласан өгүүлбэрүүд давамгайлж, бодит баримт, шалтгаан, үр дагаврыг гүнзгий авч үзэхгүй байгаа нь шүүмжлэл дагуулахаар  байна.

Мөн асуудлыг “харанхуйлж” үзүүлсэн буюу хэт нэг талыг барьж дүрсэлсэн өгүүлэмж давамгайлжээ. Үнэндээ нөхцөл байдал илүү олон талтай, учир шалтгаантай байж болох ч энэхүү нийтлэлд тэдгээрийг хялбаршуулж, ганц өнцгөөс, бараан өнгөөр харуулсан, тайлбар, дүгнэлт, баримт, тоо мэдээлэл, оновчтой эх сурвалж дээр тулгуурлаагүй нь олон улсын уншигчдад бодит байдлыг түгээхгүй бөгөөд тэдний ойлголтыг буруу чиглүүлэх магадлалтай байна.

Жишээлбэл гэр хорооллын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөний шалтгаан нь зөвхөн зуд зэрэг байгалийн гамшиг бус, нийгэм, эдийн засгийн бүтэцтэй ч мөн холбоотой гэдгийг тайлбарласангүй. 

Бичлэгийн өнгө аяс

Ийм төрлийн нийтлэлүүд, ялангуяа барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гарчиг, хэл найруулга нь олон тохиолдолд уншигчдийн сэтгэл хөдлөлийн нөлөөллийг эрэлхийлж, асуудлыг хэтэрхий туйлширсан байдлаар тусгадаг. Энэ нийтлэлийн тухайд “Everyone is breathing this” гэх мэт ерөнхий, хэтрүүлсэн гарчиг нь уншигчийг цочроож, эмзэглүүлэх зорилготой бөгөөд бодит байдлыг гүнзгий, тэнцвэртэй ойлгуулахаас илүүтэйгээр дөвийлгөн хөөсрүүлсэн дүр зураг үүсгэдэг.

Үүнийг "Western gaze" буюу хөгжиж буй улс орныг гадны өнцгөөс, ихэвчлэн өрөвдөлтэй, дорд үзсэн, буруу шийдвэр гаргагч мэт хардаг хандлагын нэг илрэл гэж судлаачид шүүмжилдэг. Энэ нь тухайн улсын дотоод нөхцөл байдал, түүх, нийгмийн байдал, эдийн засгийн цогц шалтгааныг үл харгалзан зөвхөн сөрөг дүр төрхийг онцолдог.

Мөн ийм хандлага нь тухайн оронд хийж буй бодлогын түвшний ахиц, оролдлогыг үгүйсгэх, олон улсын ойлголтод сөргөөр нөлөөлөх, цаашлаад бодлого боловсруулахад гаднын зөрүүтэй хүлээлт үүсгэх аюултай. Энэ дашрамд дурдахад ялангуяа хөгжиж буй орнуудын сэтгүүлчид барууны сэтгүүлчидтэй хөлсөөр хамтран ажиллахдаа эх орондоо өрнөж буй үйл явдлыг гадаад уншигчдын хэрэгцээнд нийцүүлэн “ямар нэгэн зовлон зүдгүүртэй эсвэл гунигтай” байдлаар хэт туйлшруулан дүрслэх явдал ихсэж байна. Үүнийг зарим судлаачид “self-exoticization” буюу “өөрийгөө гадаад нүдэнд сонин, өрөвдмөөр, эсвэл дорд дүрээр төлөөлүүлэх” хандлага гэж үздэг.

“The Guardian”-ны энэ нийтлэлд ч Монголчуудын тухай ямар ч ойлголтгүй олон улсын уншигчдад хачирхалтай ойлголт өгөх дүрслэл цөөнгүй байна. Тухайлбал Улаанбаатарт орон сууц хүрэлцэхгүйгээс хүмүүс эсгийгээр бүрсэн дугуй цагаан майхнаа нимгэн модон хайсаар хүрээлээд амьдардаг юм байна. Тэгээд гаднаа нүхэн жорлон ухдаг, тийм орчинд нийт Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг юм байна гэсэн маягийн төсөөлөл гадаадын зарим уншигчдад төрөхөөр байна.        

Бодит байдалд Монгол улс туйлын эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд -30 хэмээс дээш хүйтрэх нь түгээмэл бөгөөд төвлөрсөн дулаан хангамж бүхий орон сууцанд хамрагдаагүй 200,000 гаруй өрх бүхий нийслэлд байдаг улс юм. Уламжлалт сууц болох гэр хороолол, амьжиргааны төвшин, дэд бүтцийн дутагдал гэх мэт өөр олон хүчин зүйл нь иргэдийг олон жил түүхий нүүрс түлэхээс аргагүй байдалд хүргэж ирсэн билээ. 

НҮБ болон Байгаль орчны яамны хамтарсан 2023 оны тайланг Их Британийн сэтгүүлчид ашигласан бол нийтлэл нь илүү бодит байдалд нийцэх байсан биз. Утаа нь зөвхөн түлштэй холбоотой бус, нийслэлд хүн ам хэт төвлөрсөн, орон нутгийн хөгжлийн тэгш бус байдал, ажил эрхлэлтийн хязгаарлалт, суурь дэд бүтцийн хомсдол зэрэг бүтэц, системийн олон хүчин зүйлтэй холбоотойг анхаарах шаардлагатай. Иймд шийдэл нь зөвхөн түлш солих төдий биш, хотын төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг хурдасгах, ногоон технологийг нэвтрүүлэх зэрэг өргөн хүрээтэй бодлогын хариу үйлдэл шаардана. 


Хариуцлагатай сэтгүүл зүйн эрэлд

The Guardian-д нийтлэгдсэн өгүүлэл нь Монгол улсын өмнө тулгарч буй байгаль орчны ноцтой асуудлыг олон улсын уншигчдад анхааруулахыг зорьсон ч сэтгүүл зүйн үндсэн зарчим болох бодит баримтад тулгуурласан дүн шинжилгээ, олон эх сурвалж, тэнцвэртэй байр суурийг хангахад дутагдалтай байлаа. 

Нийтлэлийн гол сэдэв болсон энэхүү асуудлыг Монголчууд бид үгүйсгэх бус, хүлээн зөвшөөрч, системтэй шийдвэр гаргаж, шат дараатай бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр дээд дооргүй санаа чилээж байна. Энэхүү үйл явцыг олон улсын сэтгүүлчид бодитоор тусгаж, хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудлыг шударгаар, олон талаас нь таниулах сэтгүүл зүйн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэхийг бид хүсэн хүлээж байна.


Нийтлэлийг унших бол ЭНД ДАРНА уу.

Ц.Чимэддондог /Сэтгүүл зүйн багш/

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.