Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн 6 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталсан билээ.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас 2018 онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 29,1 тэрбум, элэгний В, С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум, нийт 47,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд нийт 861 эмийн сантай “Эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г (нийслэлд-324, орон нутагт-537) байгуулан ажиллахын зэрэгцээ ЭМДҮЗ-ийн хурлаар нэмэлт төсөв зайлшгүй шаардлагатай төв, орон нутгийн гэрээ бүхий эмийн сангуудад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлтийг үзүүлнэ.

Жороор олгох хөнгөлөлттэй эмийг авахдаа:

  • Иргэний үнэмлэх,
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ,
  • Шаардлагатай тохиолдолд амбулаторийн картыг үзүүлэх аж.

Шинэчилсэн жагсаалтыг өнгөрсөн 7 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөж эхлээд буй юм.

Та болон таны эргэн тойрны хүмүүсийн хэрэглэдэг эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон эсэхийг дараах жагсаалтаас шалгаарай.