Хүний амьдралын чухал сонголтуудын нэг бол яах аргагүй мэргэжил сонголт. Хүүхэд насны дэврүүн мөрөөдлөөр эсвэл найз нөхдөө дуурайж магадгүй аав ээжийнхээ нөлөөгөөр ажил мэргэжлээ сонгосон тохиолдол цөөнгүй. Сонголт үнэхээр өөрийн тань хүсэл сонирхолд тулгуурласан уу эсвэл хөндлөнгийн нөлөөлөл, түр зуурын сэтгэлд хөдлөл байсан уу?

Peak.mn сайт тавдугаар сарыг ажил мэргэжлийн сонголт сэдвийг онцоллоо. Амьдралынхаа хамгийн чухал сонголтоо хийх гэж буй хүүхэд залуустаа зориулж багц мэдээллийг хүргэнэ. Энэ удаад хүний эрхийн идэвхтэн, улс төрч, зохиолч Ц.Оюунгэрэлтэй мэргэжлээ хэрхэн сонгосон талаар нь ярилцлаа.


#1 Бодлоо дэвтэрт буулгаж, тэмдэглэл хөтлөөрэй

Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын арван жилийн сургуулийг төгсчээ. Түүнийг 9 дүгээр ангид орох намар ангийн багш Б.Дамдинсүрэн нь хүүхэд бүрээр мэргэжил сонголтын дэвтэр нээлгэсэн аж. Энэ нь түүнийг ирээдүйд чухам ямар ажил мэргэжил сонгох ёстойг ойлгуулж, өөрийгөө, хүсэл сонирхлоо танихад нь тусалсан байна.

"Мэргэжлийн хувийн хэрэг" гэж тусгайлан нэрлэн нээлгэсэн уг дэвтэрт мэргэжил сонгохоосоо өмнө өөрөөсөө заавал асуух дараах асуулт багтжээ.

-Ямар мэргэжилтэй болохоо шийдсэн үү?

-Яагаад энэ мэргэжлийг сонгов?

-Мэргэжлээ сонгоход чинь юу саад болж байна вэ?

-Аав ээж, ахмад хүмүүс ажил мэргэжлээ сонгох талаар ярилцахдаа чамд юу гэж зөвлөсөн бэ

-Сонирхож буй мэргэжлийнхээ талаар чи юу мэдэх вэ?

Алсын хараатай, ухаалаг багш нь хүүхэд тус бүрээр асуултын хариултыг бичүүлэн, тэмдэглэл хөтлүүлжээ.

Энэ тухайгаа Ц.Оюунгэрэл “Эдгээр асуултад хариулах үедээ л өөрийгөө математик, нийгмийн ухааны хичээлд илүү дуртайгаа бас хүмүүстэй харилцах сонирхолтой гэдгээ ойлгосон. Одоо бодоход мэргэжлээ зөв сонгож, хамгийн их нөлөөлсөн хүн багш маань байжээ. Тухайн үед даалгавраа биелүүлэхийн тулд олон хүнтэй уулзаж, сонирхсон мэргэжлийн хүмүүстэй ярилцлага хийж, асууж лавласан. Энэ бол бидний хувьд ажил мэргэжлийн талаар мэдээлэлтэй, нухацтай бодоход хүргэсэн даалгавар байжээ. Сурагчдаараа тэмдэглэл хөтлүүлэх аргыг одоо ч ашиглахад маш үр дүнтэй. Учир нь ахлах ангийнханд хийх олон зүйлс бий. Гэхдээ чухам хаанаас эхлэх учраа олдоггүй. Энэ үед багш нар зөв чиглүүлж өгөх хэрэгтэй" гэж ярилаа. 


#2 Мэргэжлээ сонгох гэж бүү яар

Мөн тэрбээр "Багшийн асуултад хариулаад нийгмийн ухаан, математикийн хичээлийг илүү сайн ойлгодог, сонирхдог бол ямар мэргэжилтэй болох вэ гэж ээжээсээ асуухад эдийн засагч гэж зөвлөсөн. Харин би өөрөө математикийн багш болохыг хүсэж байв. Гэвч гарч болох хүндрэл бэрхшээлийг бодоод санаагаа өөрчилсөн. Энэ маягаар хоёр жилийн турш гурав, дөрвөн  мэргэжил сонирхож судалсны эцэст эдийн засагч болохоор шийдсэн юм.

Тухайлбал ээжтэйгээ ажил мэргэжлээ хэрхэн сонгох талаар ярьсан тэмдэглэлээ ийнхүү буулгажээ. 

"Ээж: Багш болох сайхан, хөгжилтэй бас хэцүү. Хүнд үнэн сэтгэлээсээ зааж өгөөд нэг сайн ойлгуулаад өгөхөд тэр хүүхэд ойлгосон байх нь урамтай. Багш хүн их ярина. Цэцэн ухаантай байх хэрэгтэй. Ямар ч хүний эвийг олж харьцдаг, ямар ч үед зөв ойлголцдог байх хэрэгтэй. Багш болоход маш их авъяас хэрэгтэй. Гэхдээ чиний хоолой эдгэхгүй бол багш болж чадахгүй. Эх орондоо ихийг бүтээхэд чинь саад болно. Багш хүн өөрийн дорой байдлаа хэзээ ч гутаж гуньдаг байж болохгүй. Өөрөөр хэлбэл хатуужилтай. Сэтгэлийн хүч чадалтай байх хэрэгтэй шүү." гэж хэллээ.

Түүний анхны хань Бат-Эрдэнэ ч бас ангийн багшийнхаа даалгаврыг биелүүлж, аймгийнхаа нисэх буудлынхаа хүмүүстэй уулзаж яваад нисэгч мэргэжлийг сонгосон байна. Энэ дэвтэр нь ч бас хадгалаастай байдаг аж.



Төгсөх ангийнханд зөвлөхөд "Мэргэжлээ сонгож амжаагүй бол өөрийнхөө тухай нухацтай бодож, ойр дотны хүмүүстэйгээ энэ талаар ярилцаарай. Зөвхөн “Би энэ хичээлд сайн учраас” гэсэн нэг л өнцгөөс харж, шийдвэр гаргаж болохгүй. Үнэхээр хүсдэг зүйлээ, чаддаг зүйлсээ анзааралгүй өнгөрөөчхөж ч мэдэх юм.  

Жишээ нь би ЗХУ-д төлөвлөгч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Яг мэргэжлээрээ сурч эхлээд эдийн засагч хүн тоо, бичиг цаастай “зууралдах”-аас биш суурь шинжлэх ухааныг судалдаггүй. Энэ нь надад таалагдаагүй. Гэтэл би байгалийн ухаан, физик, биохимид үнэхээр сонирхолтой байж. Зав гарвал л энэ талын мэдээлэл хайж, үздэг гэдгээ анзаараагүй юм билээ. Сүүлд энэ тухайгаа мэдэж харамсаж билээ. Өөрийнхөө хүсэл сонирхлоо анзаарч, өөрийгөө танихад цаг зарцуулаарай.

Цаг үе өөр болсон. Цаашдаа ч тасралтгүй өөрчлөгдөх болно. Нэг л мэргэжлээрээ суралцаад насаараа амьдардаг цагт ард үлдсэн. Улам ч олон төрлийн чадварыг шаардаж байна. Үүнийгээ дагаад олон боломж нээлттэй гагцхүү өөрөөс тань хичээл зүтгэл шаардана. Тэгэхээр мэргэжлээ сонгосон, хараахан амжаагүй ч бай гэсэн цаг үргэлж шинийг эрэлхийлж, тасралтгүй суралцаж сурах л хамгийн чухал.  


#3 Эцэг эхчүүдэд дайх үгс

Тэрбээр эцэг эхчүүдэд дараах зөвлөгөөг өгч байна.

"Хүүхэд нас хүний амьдралын хамгийн дэврүүн үе. Энэ насандаа тэд зөвхөн төсөөлж, тэр бүр бодит байдлыг ойлгодоггүй. Гэхдээ энэ нь эцэг эхчүүдийг хүүхдийнхээ хүслийг хязгаарлаж, зогсоо гэсэн үг биш. Бидэнд оногдсон хамгийн чухал үүрэг бол хүүхдийнхээ олж хараагүй талыг, авьяас чадвар дээр нь тулгуурлаж зөвлөх юм.

Би хүүхдүүддээ манай улсад ийм мэргэжил эрэлттэй байна гэж зөвлөж байсан. Энэ салбар руу л ороорой гэж чиглүүлсэн нь буруу байсныг хожим мэдсэн. Тухайлбал том хүүгээ хөдөө аж ахуйн салбарт ажиллахыг зөвлөж, ХААИС-д элсүүлж байсан ч өөрийн хүсэл сонирхлоор онгоцны инженер мэргэжлээр суралцсан. Үүнээс хүүхэд тань нэгэнт хүсэл сонирхлоо олсон бол хөндлөнгөөс оролцох хэрэггүйг ойлгосон. Харин тодорхой шийдэж чадаагүй эргэлзэж байвал туслах хэрэгтэй юм"