Хятадын их сургуулиуд маркетинг, дизайн, орчуулгын мэргэжлүүдийг хөтөлбөрөөсөө хасаж эхэллээ

Peak.mn
06 сарын 16, 2026

Хиймэл оюун хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотой Хятадын дээд боловсролын тогтолцоонд томоохон өөрчлөлт өрнөж байна. Тус улсын Боловсролын яамны мэдээлснээр их, дээд сургуулиудын 80 гаруй хувь нь сургалтын хөтөлбөрөө шинэчилж, дизайн, орчуулга, маркетинг зэрэг уламжлалт мэргэжлүүдийг цомхотгож эхэлжээ. 

Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд бакалаврын түвшний 12200 гаруй хөтөлбөрийг хааж, элсэлт авахаа зогсоосон бол тэдгээрийн оронд технологид суурилсан 10200 гаруй шинэ мэргэжлийг сургалтын жагсаалтдаа нэмсэн аж.

Энэхүү шинэчлэлд Хятадын шилдэг 100 их сургууль төдийгүй муж, орон нутгийн их, дээд сургуулиуд ч хамрагдсан байна.



Хамгийн их цомхотгогдсон мэргэжлүүд


Энэ жагсаалтыг уламжлалт мэдээллийн систем, бизнесийн удирдлага, маркетинг, гадаад хэлний орчуулгын мэргэжлүүд тэргүүлж байна.

Мөн гэрэл зураг, комикс зураг, бүтээгдэхүүний дизайн зэрэг урлаг, дизайны зарим хөтөлбөрүүд ч ихээр цөөрчээ. Тухайлбал, Хятадын Харилцаа холбооны их сургууль болон Төв урлагийн академи зэрэг нэр хүндтэй сургуулиуд хэд хэдэн дизайны чиглэлийн ангийг татан буулгасан гэнэ. 


Боловсролын агуулга хиймэл оюунд төвлөрөх болов

Харин тэдгээрийн оронд хиймэл оюун ухааныг робот, автоматжуулсан системтэй хослуулсан хөтөлбөрүүд эрчимтэй нэмэгдэж байна. Энэ жил л гэхэд 9 томоохон их сургууль энэ чиглэлээр шинэ хөтөлбөр нээжээ.

Мөн дрон, нисдэг такси, агаарын логистикийн инженерчлэл, удирдлагын мэргэжлүүд эрчимтэй хөгжиж байна.

Үүнээс гадна хиймэл оюун ухаан ашиглан медиа, аудио-визуал контент бүтээх хосолсон хөтөлбөрүүд шинээр бий болжээ. 

Хиймэл оюун орлож болох ажил мэргэжлүүд ийнхүү сургалтын хөтөлбөрөөс хасагдаж байгаа нь нэг л мэргэжил эзэмшээд насан туршдаа ажилладаг хуучны арга барил ард хоцорч буйг илтгэж байна. Цаашид хөдөлмөрийн зах зээл илүү технологид суурилсан, хиймэл оюуныг ашиглаж чаддаг хүний нөөцийг илүүд үзэх шинэ дүр зураг ажиглагдаж байна. 



Б.Үжин

Холбоотой сэдвүүд

боловсрол технологи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.