“Тогтвортой хөгжлийн боловсрол” цахим сонин сүүлийн дугаарынхаа “ТХБ-МИНИЙ ОРОЛЦОО” нүүрэндээ Төв аймгийн Заамар суманд хог хаягдлыг ангилан ялгаж, дахин ашиглах ажлыг эхлүүлж чадсан Шаравын Энхтайваныг онцолсон юм. Түүний санаачилга хэд хэдэн удаа унаж, дэмжигдээгүй ч огт шантарсангүй. Тэр ингэж ярилаа.

                     ДАХИН ДАХИН БУЦААСАН Ч ДАХИН ДАХИН ОРОЛДСОН 

Би 2015 онд “Мөнх ногоон хас” ТББ-ыг үүсгэн байгуулснаас хойш хууль бус уул уурхайтай тэмцэх, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2011-2013 онд Заамар сумынхаа Хайлааст багийн хогийг ачиж зөөдөг байхдаа хог хаягдлын ихэнх хэсгийг дахин боловсруулах боломжтой дахивар хог эзэлж байгааг хараад гайхдаг байлаа. 

Тэр үед зөвхөн төмөр, зэс, гууль, хөнгөн цагаан зэрэг металл хаягдлыг цуглуулж тушаадаг байсан. Дараа нь хуванцар сав, гялгар уут, архинышил зэрэг хаягдал авдаг болохыг мэдсэн. 


Мөн ТББ-д зориулсан сургалт, семинарт оролцож байхдаа байгальд удаан задардаг хог хаягдлын талаар ойлголт, мэдээлэлтэй болсон. Тэгээд хог хаягдлыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл бичиж, орон нутагтаа хэд хэдэн удаа хандсан ч дэмжигдээгүй. 

Харин 2020 онд бичсэн төслийг маань дэмжиж, өнгөрсөн жил тоног төхөөрөмжийн дэмжлэг авснаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон. Преслэгч төхөөрөмжөө “Пластик Центр” ХХК-тай тохиролцож Хятад улсаас сум орон нутгийн санхүүгийн эх үүсвэрээр 8 сая төгрөгөөр худалдан авсан. 

Ингээд Заамар сумын уугуул иргэний байгуулсан “Пластик Центр” ХХК-тай Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Л.Шижирбаатарын тусламжтайгаар холбогдож гялгар уутыг преслэн хот руу тээвэрлэдэг болоод байна.


АЛБАН БАЙГУУЛЛАГУУД ХОГОО АНГИЛАН ЯЛГАЖ ӨГДӨГ БОЛСОН 

Одоогоор манай багаас гадна уул уурхайн компани, бусад байгууллага хог хаягдлаа ангилан ялгаж, авчирч өгдөг болсон. Эхлээд зөвхөн гялгар цаас хуванцар сав преслэж зөөдөг байсан бол энэ жилээс цаасан хайрцаг пресэлж эхэллээ. Мөн хаягдал шил цуглуулж эхлээд байна. 

Сардаа нэгээс хоёр удаа хот руу тээвэр хийдэг. Нэг удаагийн ачилтаар 1-1.5 тонн дахивар ачдаг. Гэхдээ энэ бол зөвхөн преслэж боосон ачилт. Хүүхдүүд болонхоёрдогч түүхий эд байнга цуглуулж өгдөг хүмүүсээ урамшуулах үүднээс худалдаж авдаг. Найз нөхөд, ах дүүс болон зарим албан байгууллагууд шууд үнэгүй өгдөг. Өндөр ашигтай биш ч бас хоосонгүй юм билээ.

Өмнө нь сарын 600 мянган төгрөгийн цалинтай хамгаалалтын албанд ажилладаг байсан бол одоо сарын цалингаа элбэг нугалаад олчихдог болохоор сайхан байна. Гэхдээ ашиг орлогоос илүү тэр их хаягдал байгаль орчин бохирдуулахгүй бүтээгдэхүүн болж байгаад баярлаж явдаг. Мөн ашиг орлогоо зөв зохицуулж багийн төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарих ажилдаа зарцуулах боломжтой болж байгаад баярлаж байна. 

          


  СУМ БОЛГОН ПРЕСЛЭГЧТЭЙ БОЛЧИХВОЛ ХОГ ХАЯГДАЛ НЬ 50 ХУВИАР БУУРНА 

Сум, орон нутгийн хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна. Өмнө нь хогоо хурдхан ачуулахыг л боддог байсан бол одоо “том уут үлдээгээч. Ангилж ялгаад хийж байя”, “хураасан сав багтахаа байх нь. Ирж аваарай” гэх зэргээр холбоо харилцаатай болсон. 

Хүү бид хоёрын ажил эрт эхэлж, орой дуусдаг ч хоёрдогч түүхий эдийн нөөц барагдашгүй. Ангилж ялгаж, таг бөглөөг нь авч преслэдэг болохоор цаг их ордог. Сум болгон нэг ийм преслэгчтэй болчихвол хог хаягдал бараг 50 хувиар буурч, байгаль орчинд ээлтэй болно доо гэж бодогдох юм. 

Заамар сумын хувьд хог хаягдлыг бууруулж, эдийн засгийн эргэлтэд оруулж дэмжиж байгаа анхны сумдын нэг болж байгаад талархууштай.  

УДАХГҮЙ ХОТ ОРНО ОО ААВ ХҮҮ ХОЁР 

Манай том хүү одоо хорь гарч яваа ч хөгжлийн бэрхшээлтэй болохоор яг л бага ангийн хүүхэд л гэсэн үг. 

Техникт сонирхол ихтэй. Түлхүүр багаж бариад төмөр ухаж боолт тайлж суух дуртай. Машинд суух, хөгжим сонсох хоббитой. 

Хоёулаа тээвэр хийж, хот орно. Хүүдээ тоглолт үзүүлж дуртай дуучидтай нь хамт зургийг чинь авч өгнө гэхээр их баярладаг. Удахгүй хот явна аа аав хүү хоёр. 



Эх сурвалж: ТХБ-II цахим сонин

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМ ШАРАВЫН ЭНХТАЙВАН