Улсын хэмжээнд жилд 3,3 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд үүний 10-15 хувийг хуванцар хог хаягдал эзэлдэг. Өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хуванцар,хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах пресслэгч төхөөрөмжийг 16 аймаг, улсын тусгай хамгаалалттай 6 газар нутагт гардуулсан байна. Ингэснээр аймаг, орон нутгууд хогны тээвэрт зарцуулах төсөв, санхүүг ихээр хэмнэх боломжтой болж байна. Тухайлбал, нэг портер машинд өмнө нь 360 кг хог хаягдлыг багтаан тээвэрлэдэг байсан бол пресслэж эхэлснээр 3-5 дахин их хуванцар хаягдал буюу 1,5 тонныг нэг удаагийн тээвэрлэлтээр зөөх боломжтой болж байгаа юм.


БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “ Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хоггүй цэвэрхэн Монгол гэдэг уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд жилд нийт 3.3 сая тонн хог хаягддаг бөгөөд үүний 1,4 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотоос гардаг байна. Нийт хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог эзэлдэг. Хэдийгээр хуванцар болон лааз, хөнгөн цагаанууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэй байдаг. Тийм учраас пресслэгч машин нэн шаардлагатай байсан. Өнөөдрийг хүртэл энэ машин байгаагүйгээс хуванцар, лааз, хөнгөн цагаан, цаасны хог хаягдлыг томоохон шуудай, саванд хийгээд олон удаагийн тээвэрлэлтийг хийж төдий хэмжээгээр зардал их хэмжээгээр гарч байсан. Тэгвэл өнөөдөр гардуулж байгаа энэхүү машины тусламжтайгаар энэ асуудал шийдэгдэх юм. Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан хогны менежментийг сайжруулах эхний алхам хийгдлээ гэж ойлгож болно. Цаашдаа хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогийг ангилан хог боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг болох ажлууд хийгдэнэ.”

Хуванцар хог хаягдал нь байгальд 200-400 жилийн хугацаанд задарч, хэрвээ шатаах тохиолдолд агаарт маш олон төрлийн аюултай бодис ялгаруулж байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд хог хаягдлын зохистой менежментийг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор нэвтрүүлж шинэ түвшинд гаргах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа юм. Хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаас, цаасан бүтээгдэхүүнүүдий хаягдалууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэйгээс Улаанбаатар хотруу олон удаа тээвэрлэх шаардлага үүсдэг байна. Хуванцар хог хаягдлын пресслэгч машиныг ашиглаж эхэлснээр аймаг, орон нутгууд хогны тээвэрт зарцуулах төсөв, санхүүг ихээр хэмнэх боломжтой болж байгааг хэлсэн юм.