Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжжээ.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө.

Тэрээр "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд тулгуур хуулиудын нэг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулснаа Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан. Үүнээс хойш таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдаг. 

Гэтэл өнгөрсөн 20 гаруй жилд гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарсны дотор иргэд гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болсноор гэрлэлтээ батлуулалгүй амьдарч, гэрлэгчид бие биенийхээ болон хүүхдийн өмнө хуулийн хариуцлага хүлээхгүй болсон.

Гэр бүлээ цуцлуулах нь нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл гарсаар байгаа бөгөөд гэр бүл цуцлалтын дараа хүүхдийн тэтгэлэг бүрэн төлөгдөхгүй, хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларч тэр хэрээр хүүхдийн эрх зөрчигдөж байна. 

Хэдийгээр гэр бүлийн асуудал нь ихэнхдээ иргэдээс шалтгаалах боловч төрийн зүгээс гэр бүлийн тогтвортой хамтын амьдралыг дэмжих, иргэдэд гэр бүлийн боловсролыг нэгдсэн зохицуулалтаар олгох, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагыг тогтвортой ажиллуулах, гэр бүл, хүүхдийн төлөө хүлээх үүргийг нарийвчлан тодорхойлох, хариуцлагажуулах, тэтгэлэг төлөгдөх механизмыг бүрдүүлэх, хүүхэд үрчлэлт, асран хамгаалалтыг оновчтой зохицуулах шаардлагатай гэж хууль хэрэгжүүлэгчид, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм. 

Энэ бүхэн Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлага, хэрэгцээ гэж үзсэн бөгөөд төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих бодлогыг тодорхойлох, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх үүргийг хэрэгжүүлэх бүтэц, механизмыг хуулиар баталгаажуулах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүл дэх хүүхдийн эрхийн баталгааг хангах, хүүхдийн өмчлөл, хүүхдийн тэтгэлэг бодитойгоор олгогдох нөхцөлийг бүрдүүлэх, гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудлыг шинээр, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг боловсронгуй болгож, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гадаадын харьяат иргэн оролцсон гэр бүлийн асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгалаа.

Хуулийн төсөл нь нийт 11 бүлэг, 117 зүйлтэй бөгөөд шинээр 2 бүлэг, 41 зүйл шинээр орсон ба 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт орсон. 

Шинэчилсэн хуулийн төслийг дагалдаж нийт 9 хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсаны дараа хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 17 хөтөлбөр, журам боловсруулах болно" хэмээн бичжээ.