peak.mn
11 сарын 15, 2018
Энэтхэгийн хойд нутгийн Агра хотод нэгэн сармагчин төрөөд удаагүй 12 хоногтой нярай хүүг ээжээс нь булаан авч, хазсан хэрэг гарсан байна. Тухайн үед хүүгийн ээж түүнийг хөхүүлж байсан бөгөөд сармагчин тэдний гэрт орж, хүүхдийг авч зугтаасан гэж гэр бүлийн гишүүд нь мэдээлжээ.
Сармагчныг нутгийн иргэд хөөсөн ба уг сармагчин хүүг хүчтэй хазсаны дараа хөршийнх нь байшингийн дээврээс унагаасан байна. Бяцхан хүүг эмнэлэгт хүргэсэн боловч тэрбээр гэмтлээ даалгүй харамсалтайгаар нас баржээ. Нутгийн оршин суугчдын мэдээлснээр, тус нутагт сармагчнууд хүн рүү дайрах нь түгээмэл болсон аж.
“Манай хотод хэтэрхий олон сармагчин хөлхөж байна. Бид айдас дунд амьдарч байна. Ард иргэд нутгийн захиргаанд энэ талаар удаа дараа гомдол мэдүүлсэн боловч тэд юу ч хийгээгүй. Хүүгийн ээж гүн цочролд орж, ярьж чадахаа байсан” гэж хүүгийн авга ах сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Энэтхэгийн алдарт “Таж Махал” байгууламж оршдог Агра хотод гарсан сармагчны цуврал дайралтуудын хамгийн сүүлд бүртгэгдсэн тохиолдол энэ юм. Түүнчлэн хоёр сарын өмнө, хөлд орж буй хүүхэд рүү олон сармагчин дайрсны улмаас тэрбээр хүнд бэртсэн бөгөөд одоог хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Мөн энэ оны тавдугаар сард “Таж Махал”-ыг үзэн сонирхож байсан хоёр жуулчин руу сармагчин дайрсан тохиолдол гарсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, www.bbc.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.