Онолбаатарын Анужин
10 сарын 26, 2026
Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар энэ сарын сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа юм.
Энэ үзлэгийн онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус харин хүүхдийн сурч, хөгжиж байгаа цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, илэрсэн эрсдэлийг эрт илрүүлэн шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож хяналтыг үргэлжлүүлэхээр зорьж байна. Үүнд:
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг юм. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр гаргасан.
Үүний дагуу эрүүл мэнд, боловсролын салбар хамтран зорилтот насны хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбох, хүүхэд, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна 3 настайд хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг, 6 настайд зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настайд нурууны муруйлт, хавтгай тавхайг, 15 настайд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумж зэрэг насны онцлогт тохирсон үнэлгээ хийнэ.
Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байна. Мөн хүүхдийн эрүүл мэндийн талаарх урьдчилан бөглөх асуумжийг ашигласнаар эмч үзлэг хийхдээ хүүхдийн эрсдэлийг илүү сайн тодорхойлох боломж бүрдэж буй. 15 настай хүүхдийн хувьд насны онцлогийг харгалзан зарим өөрийн үнэлгээний асуумжийг сурагч өөрөө бөглөж байна гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 198,302 хүүхдийн 69.4 хувь хүүхэд үзлэг хийлгэсэн эхэлсэн ба үүнээс 130,450 45.7 хувь нь хүүхэд эмчийн үзлэгт бүрэн үзүүлж дууссан байна. Улсын хэмжээнд үзлэгт бүрэн хамрагдсан хүүхдийг насны бүлгээр ангилвал 3 настай 37,648 хүүхдийн 56.6 хувь, 6 настай 32,226 хүүхдийн 42 хувь, 11 настай 36,085 хүүхдийн 44.4 хувь, 15 настай 24,491 хүүхдийн 39.1 хувь байна.
Үзлэгт хамрагдсан хүүхдийн эрсдэл 26.3 хувь А буюу хэвийн үнэлгээтэй хүүхэд, 24.1 хувь В буюу ӨЭМТ түвшинд хяналт тавих шаардлагатай бага эрсдэлтэй хүүхэд, 41.2 хувь С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхэд, 8.4 хувь нь D буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн байна. Хүүхдийн эрүүл мэнд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол эрсдэл өндөртэй үнэлэгдсэн хүүхдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт зонхилж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эхийн оролцоо маш чухал. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт хамруулахад идэвхтэй оролцож, үзлэгийн дараа эмчийн өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.