Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр АНУ-д болсон олон улсын хуралд оролцоод ирсэн RE/MAX компанийн төлөөлөл тусгаарлалтад байхдаа олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй, нийт 16 хүн тусгаарлагдсан талаар мэдээлсэн билээ. Уг хурлыг зохион байгуулсан газраас “Хуралд оролцсон хүмүүсийг анхаарна уу” гэсэн ноот бичиг илрүүлснээр мэдсэн байна.

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор RE/MAX компаниас мэдэгдэл гаргажээ. 


МЭДЭГДЭЛ:

“Шинэ корона вирус”-ын халдвараас сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яам, Улсын онцгой комисс болон бусад төрийн байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

RE/MAX компанийн 24 ажилтан хоёрдугаар сарын 24- 27-ны өдрүүдийн хооронд АНУ- ын Лас -Вегас хотод жил бүр зохион байгуулдаг  Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалтад оролцсон билээ.  Энэхүү арга хэмжээг нэг жилийн өмнөөс төлөвлөж зохион байгуулдаг олон улсын арга хэмжээний нэг юм.

Тус арга хэмжээнд оролцсон төлөөлөгчдөөс   одоогийн байдлаар 16 хүн Монголдоо ирээд байна. Тэд гадаадын зорчигчдоос асууж буй бүх асуумж, мэдээлэлд үнэн зөв тодорхой мэдээлэл өгсөн гэдгийг холбогдох эх сурвалж баталж байна. Өнөөдрийн байдлаар дээрх  16 төлөөлөгчийг бусад гадаадын иргэдтэй адил нөхцөлтэйгээр ХӨСҮТ -д тусгаарласан байна. Тун удахгүй ирэх үлдсэн найман төлөөлөгчийг мөн адил тусгаарлах бөгөөд одоо мөрдөж буй бүх дурэм журмыг даган мөрдөх юм. Албаны эх сурвалжийн авсан мэдээллээр, Лас -Вегаст болсон RE/MAX ын чуулганд оролцсон төлөөлөгчдөөс COVID19 халдвар илэрсэн гэх мэдээлэл батлагдаагүй гэдгийг дурдахыг хүсч байна. Тухайн үед Лас- Вегас хотод дөрвөн томоохон конференс болсон байна.  

Бид та бүхний нэгэн адил Монголдоо вирусын халдвар тархаахгүй төлөө хичээн ажиллаж ,аюулт вирусын халдвараас сэргийлэх төрийнхөө бүхий л бодлого, үйл ажиллагааг чин сэтгэлээсээ дэмжиж даган ажиллах болно.