Хэд хоногийн өмнө найзууддаа шинэ ном эхлүүлсэн тухай ярьж, төд удалгүй уншсан номоо өөрийн амьдралдаа яв цав нэвтрүүлэхээр хичээж байгаагаа хэлсэн юм. Тэд ямар ном болоод ингэж учиргүй их ач холбогдол өгч байгааг маань дор бүрнээ шалгааж, өөрсдийн хүсээд байсан хариултаа авцгаасан. Энэ нь “Өглөөний гайхамшиг” байлаа.

Хувь хүний хөгжлийн талаар хамгийн сайн ном гэсэн тодотголыг би лав “Өглөөний гайхамшиг”-т өгч байна. Үүнийг уншсан хүн болгон хүлээн зөвшөөрч, ялангуяа өөрсдийн амьдралдаа өөрчлөлт гаргаж чадсан нь илүү санал нийлэх болов уу. Одоо цагт ямар ном уншихаа сонгоно гэдэг амаргүй болчихсон. Тэр тусмаа хувь хүний хөгжлийн тухай ном олшрох хэрээр аль нь яг сайн бэ гэсэн асуулт хариулт нэхдэг. Тэгвэл энэ асуултад эргэлзээгүй “Өглөөний гайхамшиг"-ийг нэрлэж чадах байна. Ингэж хэлэх итгэл, үнэмшил энэ номоос төрсөн тул уншигч танд өөрт "үлдсэн" бодлоо хуваалцаж байгаа минь энэ. 

Өглөө эрт сэрнэ гэдэг амаргүй байлаа. Сэрүүлэг тавьсан ч тэр цагтаа өндийх гэдэг цагаа тулахад том даваа. Босох цагаа унтах, унтахгүйн хооронд хойшлуулж сая гэнэт л яаран сандран босох үе цөөн биш. Энэ байдлаас болж ажилдаа хоцрох, уулзалт, хурал, өөр юу л байна тэр болгонтой уралдах явдал их гарна. Нэгэнт явах цагаа тулгаж боссон хүн юун өглөөний цай мантай болж, яаруу сандруу гарч одно. Ажил дээр эсвэл хэзээ хойно нь мартсан, санасан зүйл эргээд санаад ороод ирдэг. Хэрэв өглөө эрт сэрчихсэн бол ийм байдал үүсэхгүй байсан. Сарын эцэст бас ажлаас хоцорсон гэсэн торгууль ирж, өнөө хэдээс хөөрхөн гэгч нь хасагдана. Аль аль нь чанга шийтгэл. Ердөө л өглөө нойрондоо ялагдсаны үр дүн бол ингээд гараад ирж байна. Жилийн эцэст хэчнээн төгрөг зөвхөн ажлаас 5, 10 минут хоцорч, цалингаасаа хасуулсан байгаагаа нэгтгэж үзвэл тооны машинд багтах ч өрхийн төсөвт нэмэр болох эсвэл хадгаламжаа зузаатгах багагүй мөнгө гарах нь дамжиггүй. Нойрондоо ялагдана гэдэг хариуцлагагүй байдал чамайг эзэлж буй нэг илрэл мөн. 


Харин  Хэл Элродын "Өглөөний гайхамшиг" ном надад өглөөг зорилготой, золбоотой, сэргэлэн угтах үүд нээлээ. Яг л шинэ жилийн өглөө шиг, аль эсвэл аялалд яг одоо гарах мэт, ямар нэгэн баяртай зүйл тохиох гэж байгаа тэр хором мөч ойртсон гэмээр тийм нэг догдолсон, хүлээсэн өдрүүд үргэлжилж байна. Өглөөг ёстой л нойрондоо дийлдэн зовлонтой угтдаг байсан бол одоо аз жаргалтай хүлээж авдаг болсон. Өглөө бол өдрийн эхлэл. Тийм болохоор өглөө босох залхуутай байдлаа таягдан хаяж, илүү эрх чөлөөг мэдэрч байна. Сэтгэл санааны байдал ч энэ хэрээр дээрддэг юм билээ. Ухаан санаа улам саруул болж, амьдралынхаа чухал зүйлс дээр өдөр бүр төвлөрөх боломжийг "Өглөөний гайхамшиг" олгож байна. Өглөө эрт босох хүн орой унтаж таарахгүй. Эрт амрах гэж хичээнэ. Хооллолт, амьдралын хэвшил хүртэл үүнийг дагаад илүү зөв болж эхэлж байна.

Өглөө сэрнэ гэдэг илүү хөнгөн болж эхэлсэн. Ёстой л улам гэрэлтэх тэр завшаан олдоод байгаа минь энэ. Та өөрийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж сэрэх цаг болсон байна. Ингэж бодсон бол "Өглөөний гайхамшиг" танд бусдыг нь заах болно. Өглөө эртлэн босох таван аргачлал энэ номонд тусгагджээ. Мөн таны нөөц бололцоог бүрэн дүүрэн нээх баталгаатай зургаан аргачлал бас байна. Зохиолчийн амьдралд өглөө маш том өөрчлөлт авчирсан. Энэ ололтоо тэрбээр бусадтай хуваалцах гэж үсэг цаас нийлүүлэн суусан нь "Өглөөний гайхамшиг". 

Амьдралынхаа бүхий л өдрийг тултал нь ашиглахыг хүсвэл энэ ном таныг зөв газарт хүргэж өгнө. Мэдээж, шантрах, цуцах үе гарна

Уулын дундаас буцаж л болохгүй. Гэхдээ юм болгон эхэндээ амар хялбар байдаггүй. Тэр бүхнийг даваад гарсан хойно үр дүн нь өөрөө ирдэг. Өглөө эрт сэрдэг хүн илүү өөдрөг бас бүтээлч байх нь элбэг.  Амьдралд тулгарсан хүнд хэцүү асуудлыг ч даван туулах сэтгэлийн тэнхээтэй, бэрхшээл тулгарсан ч маш богино хугацаанд сөрөөд гардаг.  Энэ бол бодит амьдрал дээр удаа дараа нотлогдсон зүйл. Өөрийгөө нээх өдөр тутмын тэмүүлэл өглөө гэдэг хамгаас чухал. 

Та эрүүл мэнд, аз жаргал, харилцаа, санхүү, итгэл үнэмшил болоод өөр бусад чухал зүйлсдээ мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтийг хийх болно гэдэгтэй бат итгээрэй. Өөртөө итгэж бас өөрийгөө зоригжуулаарай. Өглөө бүр зорилготой сэрж, өөрсдийн амьдралдаа шинэ хуудас нээгээрэй. "Өглөө гайхамшиг" номын зохиогч Хэл Элродын нэг үг байдаг. Тэрбээр "Амьдрал маань ямар байх ёстой талаар гомдол тавихын оронд би бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, бусдын амьдрал өөрт байсан болоосой гэж хүсэхийн оронд байгаа боломжоо 100 хувь ашиглахад бүхий л анхаарлаа хандуулахаар сэтгэл шуударсан билээ" гэж номныхоо эхний хэсэгт өгүүлдэг. Гомдол тавихын оронд амьдралаа өөрчлөх, өөрийгөө хөгжүүлэхэд өглөөний цагаа ашиглаарай. "Өглөөний цайгаа өөртөө" гэдэг.  Хэрвээ эртэч хүн болохоор сэтгэл шулуудсан бол болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй. Үүнийг гагцхүү бидний сэтгэлийн чин зориг л мэдэх билээ. Чиний гарт "Өглөөний гайхамшиг" байна. Урагшаа...