Гадаадад сурч, амьдрахыг хүсэж, зорьж төлөвлөж буй хүн бүрийн заавал унших гарын авлага “Төсөөлснөөс өөр” нэртэй ном уншигчдын хүртээл болж байна.

 “Төсөөлснөөс өөр” ном бол хилийн дээс алхсан олон монгол иргэдэд тохиолдсон зарим нэгэн сургамжтай кэйс дээр тулгуурлан бичсэн бодит түүхүүд юм. Тухайлбал тодорхойгүй зүйлд найдан яаран шийдвэр гаргасан, хил гааль дээр асуудалтай учирсан, хэлний бэрхшээлийг даван туулсан, соёл хандлагын ялгаанаас суралцах зүйл зэрэг олон жишээг сонирхолтой хэлбэрээр оруулжээ. 

Тус номын зохиогч А.Болор-Эрдэнэ нь хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, Олон улсын нейро семантик холбоо, Австрали дахь нейро семантик холбооны анхны монгол гишүүн юм. Тиймээс түүх бүрийн цаана гадаад улсыг зорихоор шийдсэн эсвэл хэдийнэ хилийн дээс алхсан хүмүүст туслах гарц гаргалгаа, төлөвлөж зорьсондоо хүрэхэд тань туслах зөвлөгөө, шийдлүүдийг харамгүй хуваалцжээ. 

 Хэдийгээр хөгжсөн оронд очиж хүний олны дунд хөл нийлүүлэн алхаж яваа ч үндсэн зорилго мөрөөдлөө замын дунд гээхгүйн тулд өөрөө өөртэйгээ ажиллах өгөөжтэй дасгалуудыг ч багтаасан байна. 

Жишээ тус бүрийн доор бүтээлч асуулт, нөхөрсөг зөвлөгөө, бяцхан тооцоололыг оруулсан нь гадагшаа явж байгаа хэн бүхэнд өөрөө өөртэйгээ ажиллах, анзаарч хараагүй зүйлээ олж харах боломжийг олгосон гэдгээрээ онцлог.

Та, таны үр хүүхэд, танил тань гадаадад ажиллаж, сурахаар төлөвлөж байгаа бол хамгийн бодит зөвлөгөөг эндээс уншиж мэдэх болно. Магадгүй итгэл алдрах, шантрах үед тань хамгийн дотны зөвлөх нь байна гэдэгт итгэж байна. Энэ талаар зохиогч А.Болор-Эрдэнэ

"Хүсэж зорьж байсан гадаад улсдаа очоод, шинэ амьдралын хэв маягтаа дасах гэж хичээх зуураа өөрөө өөрөөсөө "Би юу хийчхэв ээ" асуусан олон хүн бий. Энэ эргэлзээ нь шинэ орчинд дасан зохицож даваад гарах уу эсвэл зорьсноосоо буцаж өөр зам сонгох уу гэдгээ шийдэх нэн эгзэгтэй үе юм. Би ч бас Австрали улсад сурч ажиллаж, амьдрахдаа энэ байтугай асуудал сорилт бэрхшээлийг даваад гарсан залуусын нэг. Энэ улсад байхдаа “International Society of Neuro-Semantic” холбооны анхны монгол гишүүн болж, хувь хүний хөгжлийн дасгалжуулагчаар суралцаж төгссөн.  Миний хувьд анх эх орноосоо явахдаа дийлэнх хүмүүсийн л нэгэн адил “Яаж ийгээд гадагшаа явсан байхад учир нь олдоно” гэж бодож зорьсон. Гэвч өмнө нь огт төсөөлөөгүй орчинд орчхоод яахаа ч мэдэхгүй самгардах үетэй бишгүй л таарсан. Тэнд танилцсан найз нөхөд, танилуудаасаа ч тэр төсөөлснөөс нь тэс өөр орчин нөхцөл угтсан гэж ярихыг зөндөө сонсож байлаа. Энэ бол хүний нутгийг зорьж байгаа монголчуудын маань аливаа эрсдэлийг дутуу тооцоолдог, сэтгэл зүйн бэлтгэлгүй, бодит мэдээлэл дутмагийн илрэл юм. Магадгүй та, таны үр хүүхэд, танил тань гадаадад ажиллаж, сурахаар төлөвлөж байгаа бол юунд анхаарвал чухал вэ гэдгийг эндээс уншиж мэдээсэй гэж хүсэж байна.Мэдээж олны дунд сайнтай муутай, чадсан чадаагүй олон янзын л хүн бий. Тэр дунд “Ёстой мундаг, даваад гарчихлаа” гэж өмнөөс нь баярлаж, үлгэр дуурайлал авах хүн олон таардаг.  Анзаарвал ихэнх нь очсон газар орноо судалсан, бие сэтгэл зүйн бэлтгэлтэй хүмүүс байх юм билээ.Энэхүү номоо шинэ ертөнцөд хөл тавьж буй таныг амьдралынхаа нэгэн аяллаа  амжилттай эхлүүлж “Би чадлаа” гэж бахархалтайгаар хэлэх олон залуусын нэг байгаасай гэж хүссэндээ чин сэтгэлийн угаас бичлээ. Гадаад улсыг зорихоосоо өмнө, эсвэл хэдийн хилийн дээс алхсан танд энэхүү ном бага ч болтугай гарц гаргалгаа болж, санаж зорьсондоо хүрэхэд тусална гэдэгт найдаж байна." хэмээн өмнөтгөлдөө бичжээ.

“Төсөөлснөөс өөр” номын зохиогчтой холбогдох бол энд дарна уу. Мөн энэ баасан гарагт болох номын худалдаанаас авах боломжтой.