Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан “Жавзандамба хутагт” төв, Гандантэгчэнлин хийдийн багш, Хансүр гавж Н.Нанзаддоржтой ярилцлаа. Тэрбээр “Хараагийн Дарь Эх”, Гандантэгчэнлин хийдэд буддын гүн ухаан заалгуулж, Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийдэд 10 жил сурч байсан боловсролтой лам, багш хүн билээ.

-Бурхан багшийн дүйчин өдрөөр бид цагаан хоол идэхийг хичээдэг. Ер нь энэ өдөр бурханы шашинтнууд ямар зан үйлийг эрхэмлэх ёстой вэ? 

-Бурхны шашинд онцгойлон авч үздэг хэд хэдэн чухал өдрүүд бий.  Хамгийн чухал буюу өнөөдөр тохиож буй дүйчин өдрийн гол зорилго нь нийтээрээ буян хураах байдаг. 

Цагаан хоол идэж байгаа нь амьтны амь таслалгүй, нэг өдөр ч гэсэн буян хурааж байгаа хэлбэр юм. Сэтгэлдээ сайн сайхныг бодон эргэцүүлж, нэг л өдөр төгс хүн шиг бай гэсэн утгатай.  


-Ер нь буян нүгэл гэдгийг хэрхэн тодорхойлдог вэ? 

-Энгийнээр хэлбэл бусдад болон өөртөө муу үйл хийхийг нүгэлд тооцно. Худлаа ярих, хулгай хийх, атаархах, бусдад муу санах зэрэг ёс суртахуунгүй бүхий л бодол, үйлдлийг хэлээд байгаа юм.

Бусдад туслах, зааж сургах, ёс суртахуунтай байх чинь бүгд буян юм.


-Тэгвэл хүн заавал шашин шүтэх ёстой юм уу? 

-Шашин шүтэх эс шүтэх нь хуулиар олгогдсон хүний эрх. Тэгэхээр шашин заавал шүтэх ёстой гэж ярих нь хуулийн дагуу хүний эрхийг үл хүндэтгэж байгаа хэрэг.

Шашин шүтлэг гэдэг зүйл өдгөө соёл болтлоо хүлээн зөвшөөрөгдчихсөн, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуунд  сургадаг чухал зүйл. Ёс суртахуун яаж хүнд тогтдог гэхээр итгэл үнэмшил, үзэл баримтлал дээр суурилдаг. Тийм учраас дэлхийн соёлт улс гүрнүүд шашингүй буюу атейст үзэлтэй хүмүүсээс эмээдэг.


-Тэгэхээр шашинтай байхыг ёс суртахууны үзүүлэлт, хэмжүүр гэж үздэг байх нь ээ? 

-Тэгэлгүй яахав, шашингүй байна гэдэг бараг ёс суртахуунгүй гэсэн утгатай дүйнэ. Буддын шашинтай хүмүүс гэхэд урд, хойд нас, буян, нүгэлд итгэдэг болохоор тухайн хүн ёс суртахуунтай байдаг. 

Хэрэв муу үйл хийвэл хойд насандаа сайн төрлийг олохгүй гэдэг итгэл үнэмшил нь муу үйл хийхээс сэргийлж байгаа хэрэг. Ямар нэгэн шашин шүтдэг хүн аливаад илүү хүнлэг, энэрэнгүй ханддаг.


-Шашинтай байхын цаана ямар философи агуулагддаг вэ? 

-Өнөөдөр хүн төрөлхтний шүтдэг томоохон гурав мөн бусад шашин байна. Эдгээр шашны нийтлэг зүйл нь ерөөсөө л хүний сайн сайхны төлөө юм. Гэхдээ сургаал номлол, үзэл баримтлалын хувьд өөр өөр байдаг. 


-Улс орон хөгжих тусмаа шашин шүтэх нь багасдаг уу? 

-Шинжлэх ухаан өндөр хөгжсөн дэлхийн томоохон гүрнүүдэд ч шашны нөлөө байдаг. АНУ-ын ерөнхийлөгч тангараг өргөхдөө библи дээр гараа тавьдаг ёс уламжлал бий. Ингэхдээ “Би бурханы өмнө Америкийн ард иргэдийг аз жаргалтай болгох үүрэг даалгаврыг хүлээн авлаа” гэж хэлдэг. Энэ бол бурхны өмнө амлалт өгч байгаа үйлдэл юм. Тэгэхээр би шашин шүтэх эс шүтэхийг улс орны хөгжилтэй нь холбож тайлбарлахгүй. Харин ч шинжлэх ухаан шашин хоёр зэрэгцэн оршвол бид илүү хүнлэг энэрэнгүй, боловсролтой хүмүүсээр дүүрэн дэлхийд амьдрах болно. Ингэхээр шашин, шинжлэх ухаан нэг нэгнээ үгүйсгэх биш хамтдаа зэрэгцэн хөгжиж, хослуулвал төгс төгөлдөр болох юм. 




-Тэгвэл Монголчуудын хувьд хэзээнээс буддын шашинтай болсон бэ? 

-Монголчуудын уламжлалт шашин 2000 гаруй жилийн тэртээгээс Төв Азийн нутагт суурьшиж байсан бидний өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн байгаа юм. Монголын түүхэн талаас авч үзвэл төрийн хэмжээнд бараг гурваас дөрвөн удаа буддын шашин ноёлж байсан удаатай.

Нэгдүгээрт, Монголчуудын өвөг дээдэс Нирун улсын үед ч гэсэн бурхны шашин шүтэж байсан түүхэн баримтууд бий. Тэр үед бурхан шашнаа Энэтхэгээс авсан байгаа юм. Үүний баталгаа нь манай монгол хэлэнд бурхан шашны нэр томьёо буюу санскрит үг тун олон бий. Тухайлбал, багш, авьяас, бурхан, буян зэрэг үгийг дурдаж болно.

Сонирхуулахад одоогийн Афганистан, Пакистан, Иран, Ирак, Сири зэрэг улс бүгд бурхны шашинтай байсан гэдэг.

Үүний дараа, Юань улсын үед Хубилай хааны өргөмжилснөөр төрийн шашин болсон. Ингээд, Богд Хаант засаглалын үед мөн төрийн шашин байсан юм.  



-Хүмүүс сүм хийд гэхээр мөргөл үйлддэг, шашны байгууллага гэж ойлгодог. Үнэ цэнийг нь нэг л ойлгохгүй л байна уу даа. Та лам хүний хувьд үүнийг хэрхэн хардаг вэ? 

-Бурхны шашинтай хэрнээ шашныхаа мөн чанарыг таньж ойлгоогүй нь олон. Үүний гол учир шалтгаан нь уламжлалаасаа хэт хол тасарчихсанд байгаа юм. 1937 оноос өмнө Монголд даруй 700 гаруй сүм, хийд байсан гэсэн баримт бий. Гэтэл их хэлмэгдүүлэлтийн шуурганаар Монголын олон мянган сэхээтэн лам, хуврагыг хоморголон устгасан. Энэ бол зөвхөн сүм хийдийг нурааж, лам хуврагуудыг хөнөөчихсөн зүйл биш юм. Үүнтэй хамт монгол хүний буддын шашин дээр суурилсан үнэт чанар, ёс суртахуун бүдгэрсэн. Хэдийгээр ардчилалын нөлөөгөөр монголын бурхны шашин дахин сэргэсэн ч 80 жилийн тэр их тасалдалтын нөлөө арилахгүй өдийг хүрчээ. Өнөөдрийн нийгмийн толгойны өвчин болсон муу муухай зүйлс үүний л хор уршиг шүү дээ. Буруу зүйл хийвэл нүгэл хураадаг гэсэн ойлголт бараг байхгүй болчхож дээ. 

Лам хүүхдүүд зүгээр ч нэг шавилж суугаад хурал хурж, ном уншаад байгаа юм биш давхар бурхан шашны боловсролыг олж байгаа юм. Буддын шашин гэдэг бол уламжлалт мэдлэг, боловсролыг дэлгэрүүлэн олгодог боловсролын тогтолцоо юм. Тэгэхээр хүмүүс дан ганц шашны байгууллага биш боловсролын байгууллага гэж харвал их зүгээр. Сүм хийдүүд дотроо дацантай. МУИС гэдэг шиг дацан гэж шашны сургуулиа нэрлэдэг юм. Өдгөө манай Монгол Төвдийн хийдэд эмийн, зурхайн, хэл шинжлэлийн, урлах ухааны зэрэг олон дацан бий.


-Та манай уншигч нарт юу зөвлөх вэ? 

-Уг гарвалаа мэдэхгүй бол ойд төөрсөн бич лугаа адил гэдэг. Залуустаа дан ганц бурхны шашин гэлтгүй түүхээ судлан, танихыг уриалан хэлмээр санагдлаа.  Улс орны оршин тогтнох дархлаа, түүхэн ой санамж, хэл, соёл, шашинд бий. Үүгээрээ бид бусад улс орноос өөр, Монгол гэдгээр ялгарч байгаа юм. Тухайлбал еврей үндэстнүүд бараг 2000 гаруй жилийн турш газар нутаггүй байсан ч өөрсдийн хэл, соёлоо мартаагүй үеэс үед өвлөн авсны дүнд өнөөдөр тусгаар тогтносон улс болж чадлаа. Тэгэхээр тэд хэл соёлоо, шашнаа, түүхээ мартаагүй болохоор өнөөдөр хаана ч нэгдэн нийлж, нэг хүн шиг байж чаддаг. Үүнийг л санан, үндэсний дархлаагаа үеэс үед өвлөн авч явахийг залуустаа захимаар байна. 


-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.