Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын ТББ-ын дэргэдэх хүүхэд хөгжүүлэх "Гэрэлт" төвийн нээлт боллоо. Тус төвийг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж хамтран сайн дураар байгуулсан бөгөөд хүүхдүүдэд гадаад хэл, компьютерын хичээл заах юм. Ингэснээр харааны бэрхшээлтэй хүүхдүүд дуу авианы программ ашиглан харилцах, хүссэн хичээлээ бие даан судлах, мэдээ мэдээлэл авах боломжтой болох аж.

Төвийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцсон бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхдүүд мэдээллийн технологийг ашиглан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын ТББ нь харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад гадаад хэл сургах, бие бялдрыг хөгжүүлэх урлаг хөгжмөөр хичээллэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид мэдээлэл технологи, хүүхэд хөгжүүлэх бусад сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам