Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой

Peak.mn
10 сарын 09, 2026

Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан нүдний эрүүл мэнд, тулгамдаж буй асуудал, урьдчилан сэргийлэх талаар “Орбис” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал, нүдний эмч Ч.Чимгээтэй ярилцлаа. 

-Юуны өмнө Орбис байгууллынхаа талаар танилцуулахгүй юу?

-Орбис олон улсын байгууллага нь АНУ-д төвтэй, 200 гаруй оронд нүдний тусламж үйлчилгээг сайжруулахаар ажилладаг ашгийн бус байгууллага юм. “Орбис” гэхээр манайхан нүдний нисдэг эмнэлэг гэдгээр нь илүүтэй мэддэг. Бид онгоц ирээгүй үед ч төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсээр байна. “Орбис” олон улсын байгууллагын Монгол дахь салбар нь 10 хүний бүрэлдэхүүнтэй. Сүүлийн 12 жилийн турш эрүүл мэнд болон боловсролын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан.

Бидний гол зорилго хараа алдахаас урьдчилан сэргийлэх, сохролыг бууруулах, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахад оршдог. 

Анх зөвхөн эрүүл мэндийн байгууллагуудтай ажилладаг байсан бол өнөөдрийн байдлаар боловсролын салбартай хамтран сурагчдын нүдний эрүүл мэнд, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж байна. Манай байгууллага дангаараа төсөл хэрэгжүүлдэггүй, эрүүл мэндийн эсвэл боловсролын байгууллагуудаар дамжуулдаг. Бид аливаа үйл ажиллагаа хийгээд төчнөөн хүнд үзлэг хийсэн, төчнөөн хүн эмчилсэн гэхээсээ илүү тогтолцоонд өөрчлөлт оруулахыг дэмжиж, бодит өөрчлөлтийг харахыг эрмэлздэг.

-Төсөл хэрэгжүүлэх газраа хэрхэн шийддэг вэ?

-Манай байгууллагын хувьд тусламж, үйлчилгээ авч чаддаггүй эмзэг бүлгийн иргэдэд хүрч ажиллах зорилгыг тэргүүн ээлжид тавьсан. Өнөөдрийн байдлаар манай төслүүд 21 аймагт хүрсэн. Нөөц боломж хязгаарлагдмал учраас байгаа нөөцөө үр дүнтэй хуваарилахад онцгой анхаардаг. Иймд сургалт зохион байгуулахдаа алслагдсан аймгуудын эмч нарыг түлхүү хамруулдаг. Учир нь Увс, Ховд зэрэг аймгаас Улаанбаатарт ирж эмчилгээ үйлчилгээ авах нь төвийн бүсийн аймгуудтай харьцуулахад илүү хүндрэлтэй.

Бид орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч тэднийг шинэ арга технологид сургаж, ур чадварыг нь ахиулдаг. Ингэснээр эмч нар маань иргэддээ чанартай тусламж үйлчилгээг өөрсдөө үзүүлэх боломжтой болно. 

Эмч нь мэдлэг, чадвартай болсон ч ажиллах төхөөрөмжгүй бол иргэдэд хүрэх үр дүн хязгаарлагдмал. Иймд сургалтаас гадна шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, оношилгоо, эмчилгээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажилладаг. Жишээлбэл, болрын мэс заслыг ихэвчлэн Улаанбаатар хотод хийдэг. Харин бид зургаан аймагт эмч нарыг сургаж, тоног төхөөрөмжөөр ханган, олон улсын сургалтад хамруулсан. Ингэснээр иргэд заавал нийслэлд ирэхгүйгээр орон нутагтаа үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн эмч нарт итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах бодлоготой ч уялдаж байгаа.

Цаашлаад бидний зорилго аймгийн төвөөр хязгаарлагдахгүй. Одоогоор сумдын түвшинд нүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ хөгжөөгүй. Ерөнхий эмч нар олон ажил хариуцдаг тул нүдний тусламж үйлчилгээ харьцангуй орхигдох тал бий. Үүнийг өөрчлөхөөр төслийн хүрээнд Ховд аймгийн Булган сум, Говь-Алтай аймгийн Тонхил сумдад “Харааны цэг” байгуулсан. 

Эдгээр цэгт ажиллах сувилагчдыг тусгайлан сургаж, харааны анхан шатны илрүүлэг үзлэг хийх чадвартай болгосон. Ингэснээр асуудал илэрсэн иргэдийг цаг алдалгүй дараагийн шатны үзлэг, оношилгоо, эмчилгээнд илгээх боломж бүрдэх юм. Цаашид бид ийм цэгүүдийн тоог нэмэгдүүлэхээр ажиллана. Гэхдээ зөвхөн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахаас гадна иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал.

ХАРАА БОЛ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧУХАЛ АСУУДАЛ

-Яагаад хүн бүр нүдний эрүүл мэндийн талаар мэдэж байх хэрэгтэй вэ?

-Бүх насны хүмүүст харааны асуудал бий. Харааны өөрчлөлт, нүдний өвчин болон бусад өвчнөөс шалтгаалан нүдний асуудал илэрдэг. Хамгийн энгийн жишээ бол хүмүүсийн ойрын хараа 40 наснаас муудаж эхэлдэг. Энэ нь байгалийн жам, өвчин биш. Ахмад настнуудад болор цайх өвчин хамгийн түгээмэл. 

Түүнчлэн Монголд өндөр тархалттай, сохролын хоёр дахь шалтгаан болдог нүдний даралт гэх өвчин байна. 

Болор цайх өвчний улмаас хараа алдсан тохиолдолд мэс засал хийж харааг нь сэргээх боломжтой. Харин нүдний даралт өвчний улмаас нэгэнт алдагдсан хараа эргэн сэргэдэггүй. 

Тиймээс энэ өвчний талаарх мэдлэг, мэдээллийг иргэдэд хүргэх шаардлага маш өндөр. Учир нь нүдний даралт өвчин ихэвчлэн шинж тэмдэггүй, чимээгүй өрнөдөг.

Орбис олон улсын байгууллагын Монгол дахь салбарын баг бүрэлдэхүүн Ерөнхийлөгч Kathleen Sherwin -ийн хамт

Мөн сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчин дэлхий даяар эрчимтэй тархаж байна. Монгол Улсад нийт хүн амын 10 хувь, зарим улсад түүнээс ч өндөр хувь нь чихрийн шижинтэй. Эдгээр хүмүүсийн гурван хүн тутмын нэг нь нүдний хүндрэлтэй. 

Тиймээс чихрийн шижинтэй хүн бүр жилд нэг удаа нүдний үзлэгт хамрагдах шаардлагатай. Хараа нь хэвийн байсан ч нүдний нарийн судаснууд гэмтэх эрсдэлтэй. 

Үүнийг зөвхөн эмчийн үзлэг болон тусгай багажийн тусламжтайгаар илрүүлдэг. Хэрэв эрт оношилж, эмчлэхгүй бол хараагаа алдах эрсдэлтэй. Мөн хараа муутай байх нь зөнөгрөл, ахуйн гэмтэлд хүргэх хүчин зүйл болж байдаг.

Харааны бэрхшээлээс шалтгаалан улс орнууд жил бүр их хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээдэг болохыг харуулсан олон улсын судалгаанууд байдаг. Мөн харааны асуудалтай хүүхдүүд боловсрол эзэмших боломжоо тодорхой хэмжээгээр алддаг гэсэн тооцоолол ч мөн бий. Тиймээс хараа гэдэг зөвхөн эрүүл мэндийн асуудал бус, хувь хүн, нийгмийн хөгжил, улс орны эдийн засагт нөлөөлдөг гэсэн үг. Олон улсын судалгаануудын дүнгээс харахад хүмүүс хараагүй болохыг амьдралын чанарт хамгийн хүчтэй нөлөөлөх эрсдэлүүдийн нэг гэж үздэг.

-Нүдний эрүүл мэнд нийгмийн эрүүл мэндтэй хэрхэн холбогддог вэ?

-Нийгмийн эрүүл мэнд бол илүү өргөн хүрээний ойлголт. Жишээлбэл, эмнэлэгт очдоггүй хүний эрүүл мэндийн боловсролыг хэрхэн сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ бичээд өгөхөд эмээ авч чадах эсэх, амьдарч байгаа газарт нь тухайн эм олдох боломж, эмчилгээгээ тогтмол хийх нөхцөл байгаа эсэхийг бодолцдог. Өөрөөр хэлбэл эмчийн өрөөнөөс гадна эрүүл мэнд ба нийгмийн тогтолцоог бүхлээр нь хардаг гэсэн үг. Тухайн хүн үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгаан, тулгарч буй саад бэрхшээл, тухайн асуудлыг шийдэх гарц гаргалгааг хайдаг салбар.


ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭ, ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ ХҮҮХДИЙН ХАРААНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ

-Эцэг, эхчүүдийн “толгойн өвчин” бол хүүхдийн гар утас, компьютерын хэтийдсэн хэрэглээ. Хүүхдийн хараа муудалтын тэргүүлэх шалтгаан дэлгэц мөн үү?

-Хүүхдийн гар утас, компьютерын хэрэглээ хараанд сөрөг нөлөө үзүүлдгийг бүгд л мэддэг. Энэ асуудал зөвхөн Монголд бус дэлхий даяар яригдаж байна. Хүүхдийн хараа муудахад олон шалтгаан бий. Хамгийн түгээмэл нь хугарлын гажиг буюу харааны шилээр засагдах эмгэг. Эцэг эх, ах эгч нь хараа муутай, шил зүүдэг бол хүүхэд төрөлхийн хараа муутай байх магадлал өндөр. Мөн бага наснаасаа ойрын зайнд гар утас, компьютерыг удаан хугацаанд хэрэглэхэд олдмол хараа муудалт үүсдэг. Энгийнээр хэлэхэд хасах шил зүүдэг болно гэсэн үг. Энэ хэрэгслүүд нь зөвхөн хараанд муугаар нөлөөлөөд зогсохгүй, хүүхдийн сурах чадвар, биеийн өөрчлөлт, нойрондоо муудах, зан ааш өөрчлөгдөх гээд хүүхдийн бүхий л биед муугаар нөлөөлж байна. Орчин үед эдгээрийг огт хэрэглэхгүй байх боломжгүй тул хязгаарлах асуудлыг л ярина. Иймд олон улсад 2-5 насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээг нэг цагаас хэтрүүлэхгүйг зөвлөдөг.

-Тэгвэл дараагийн онцлох хүчин зүйл нь юу байх вэ?

-Байгалийн гэрэлтүүлэг, гадаа орчинд байх нь хараа муудахаас сэргийлдэг. 20-30 жилийн өмнө хүүхэд гадаа тоглож, идэвхтэй хөдөлгөөн хийдэг байсан бол өнөөдөр ихэнх цагаа дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг болжээ. Гадаа тоглох нь зөвхөн хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй байгалийн гэрэл, ялангуяа нарны гэрэл хүүхдийн харааны хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Өдөрт дор хаяж нэгээс хоёр цагийг гадаа тоглож өнгөрүүлэх нь хараа муудах явцыг удаашруулна.

Ихэнх Азийн орнуудад хасах шил зүүх эмгэг нь нийгмийн эрүүл мэндийн асуудал болсон. Хятад улсад хүүхдүүдийг өдөрт нэг цаг нэмэлтээр гадаа гаргах болон гаргахгүй гэж хоёр бүлэгт хуваан жилийн турш хараа муудалтын даамжралыг хэмжжээ. Үр дүнд нь өдөрт нэг цаг нэмэлтээр гадаа гарсан хүүхдүүдийн хараа муудалтын даамжрал бага гарсан байна.

Орчин үед хүүхдүүд гадаа тоглохгүй, хиймэл гэрэлтүүлэгтэй байшин, орон сууцанд өдрийг гар утас компьютертой олон цагийг өнгөрөөж буй нь хараа муудах шалтгаан болж байна. 

Иймээс ямар ч насны хүүхдийг гадаа гаргах, хөдөлгөөн хийлгэх нь хараанд эерэг нөлөөтэй гэж ойлгох хэрэгтэй. Бид хараа муудах шалтгааныг зөвхөн гар утас, ойроос аливааг харах зэрэгтэй холбох нь өрөөсгөл.


-Эцэг эх, асран хамгаалагч, багш нар ямар шинж тэмдгийг анзаарах ёстой вэ?

-Харааны асуудлыг эрт илрүүлэхийн гол ач холбогдол нь мохос хараа үүсэх эрсдэлээс сэргийлэх юм. Хэрэв хүүхэд удаан хугацаанд бүдэг, дутуу дүрс харсаар байвал тархи тухайн мэдээллийг бүрэн авч чадахгүй. Үүний улмаас харааг хариуцдаг хэсгийн хөгжил саарч, цаашлаад мохос хараа үүсэх эрсдэлтэй. 

Ялангуяа 6-8 наснаас хойш оношлогдсон тохиолдолд харааг сэргээх боломж эрс буурдаг. Тиймээс бид харааны эмгэгийг аль болох бага насанд нь илрүүлж, эмчлэх шаардлагатай гэж үздэг. 

Энэ нь зөвхөн хувь хүний эрүүл мэндийн асуудал биш. Хэрэв харааны бэрхшээлийг эрт илрүүлж, зөв эмчилж чадвал ирээдүйд харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог бууруулах, улмаар нийгэм, эдийн засгийн ачааллыг багасгах боломжтой юм.

Юун түрүүнд хэлэхэд хүүхэд өөрийгөө ямар харж байгаагаа мэддэггүй. Тийм учраас асран хамгаалагч, багш гээд бусад хүмүүсийн ажиглалт маш чухал. Хүүхэд төрмөгцөө шууд тод хардаггүй. 0-3 сартайд гэрэлд нүдээ аних нь хэвийн үзэгдэл, мөн бага зэргийн хялар харж болно. 3-6 сартай хүүхдийг харж байгаа эсэхийг шалгахын тулд чимээгүй орчинд, юм дуугарахгүйгээр царайгаа харуулаад, толгойгоо хөдөлгөөд үзэх хэрэгтэй. Тэгэхэд хүүхэд дагаж харах ёстой. 6-12 сартайд тоглоом, аливаа зүйлийг авах гэж тэмүүлнэ, ном дэлгэц харах сонирхолтой болно. 12-18 сартайд хөлд орох үед хараа нэн чухал үүрэгтэй. Магадгүй хүүхэд мөлхөхгүй, хөлд орохгүй бол харааны асуудал байгаа юм биш биз гэж сэжиглэх хэрэгтэй.

“Эцэг, эхчүүд хүүхдээ ойроос битгий зурагт үзээд бай, холоос хар, ойроос хараад байвал хараа чинь муудна” гэдэг. Хүүхэд харахгүй байгаа болохоор л ойрхон суугаад байгаа юм. Түүнээс ойрхон суучихаад муу хараатай болчихож байгаа юм биш. 

Хүүхэд насанд хүрэгчид шиг өөрөө явж очоод эмнэлэгт үзүүлэх боломж байхгүй. Тиймээс энэ бүхнийг томчууд бид анзаарч, идэвхтэй ажиглаж хүүхдийнхээ хараа мууг ойлгож, тусална.

Харааны асуудал зөвхөн хүүхдүүдэд бус насанд хүрэгчдэд ч түгээмэл болсон. Ялангуяа компьютерын ард олон цагаар ажилладаг хүмүүс нүдээ хамгаалах энгийн дадал хэвшүүлэх шаардлагатай.

Хамгийн өргөн хэрэглэх боломжтой хараа хамгаалах арга бол 20-20-20 дүрэм. Өөрөөр хэлбэл 20 минут ажиллах бүрд засварлага авч 20 алхам буюу зургаан метрээс дээш зайд байрлах зүйл рүү 20 секундийн турш харах хэрэгтэй. Ингэснээр нүдний ачааллыг бууруулж, хуурайшилт, ядралтыг багасгах боломжтой.

40-ӨӨС ДЭЭШ НАСНЫХАН НҮДНИЙ ДАРАЛТЫН ҮЗЛЭГТ ЖИЛДЭЭ НЭГ ХАМРАГДАХ ШААРДЛАГАТАЙ

-Нүдний даралт өвчний талаар анхааруулж ярьдаг. Энэ хэр ноцтой асуудал вэ?

-Манай улсын нийт сохролын шалтгааны ойролцоогоор 20 орчим хувийг нүдний даралт эзэлж байна. Нүдний даралтын хамгийн хүндрэлтэй тал нь зовуурьгүй. Болор цайж эхлэхэд хүн юм бүдгэрэх, хараа муудаж байгаагаа мэдэрдэг. Харин нүдний даралт ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй явсаар байгаад харааны мэдрэлийг гэмтээдэг. Үүнээс үүдэн хүмүүс хараа нь аль хэдийнэ эргэшгүй хэмжээнд муудсан хойно эмчид ханддаг.

Тиймээс 40-өөс дээш насны хүн бүр жилд нэг удаа, боломжгүй бол хоёр жилд нэг удаа заавал нүдний нарийн үзлэгт хамрагдаж, нүдний даралтаа шалгуулж хэвших хэрэгтэй. Ямар нэгэн зовуургүй байсан ч үзүүлдэг байх нь хамгийн чухал. Ялангуяа гэр бүлд нь нүдний даралттай, эсвэл уг өвчний улмаас хараагаа алдсан хүн бий бол эрсдэл өндөр. Сүүлийн үеийн судалгаагаар нүдний даралтыг зөвхөн нүдний өвчин биш, бодисын солилцооны эмгэгтэй холбоотой өвчин гэж үзэх хандлага нэмэгдсэн. Сайн мэдээ нь нүдний даралтыг эрт илрүүлж чадвал эмчилгээний олон боломж бий. Эмийн дусаалга хэрэглэх, лазер эмчилгээ хийх, шаардлагатай тохиолдолд мэс засал хийх зэргээр өвчний явцыг хянаж, хараа алдахаас сэргийлэх боломжтой. 

-Нүдний шилтэй холбоотой буруу ойлголтууд их. Иргэдийн дунд ямар буруу ойлголт хамгийн түгээмэл байна вэ?

-"Хүүхэд нэмэх шил зүүдэггүй, зөвхөн настай хүмүүс ойрын хараандаа нэмэх шил зүүдэг”, “Шил зүүхээр хараа мууддаг”, “Шилээ зүүхгүй дасгачихвал хараа сайжирна”, “Шилний жор дээр байгаа шилийг багасгачихвал нүд дасна” гэх мэт ойлголтууд түгээмэл. Бага насны хүүхэд нэмэх шил зүүх тохиолдол элбэг. Ийм хүүхэд холын зайнд сайн харах боловч ойрын зайнд хараа муу байдаг. Энэ нь хүүхэд самбар дээрх зүйлийг харах боловч ном унших, юм бичихэд хэцүү байхыг хэлнэ. Харааны шил нь харааг муутгадаггүй. Харин хүүхэд өсөж томрохын хэрээр нүдний хэмжээ, харааны үзүүлэлт өөрчлөгддөг тул шилээ солих шаардлага гардаг. Өмнө нь харааны хөгжлийг бага насанд бүрэн тогтдог гэж үздэг байсан. Харин одоо харааны өөрчлөлт өсвөр нас, цаашлаад залуу насанд ч үргэлжилж болохыг судалгаанууд харуулж байна. Тиймээс шилний үзүүлэлт өөрчлөгдөх нь өвчин хүндрээд байна гэсэн үг биш. Тийм учраас бага насны хүүхдийн ойрын харааг шалгуулах хэрэгтэй.

Тухайн хүний нас, харааны онцлог, хол болон ойрын харааны хэрэгцээ, нүдний булчингийн ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийг хамтад нь үнэлж байж тохирсон шил бичдэг. Тиймээс хүүхдэд ялангуяа компьютерын хэмжилтийн хариунд тулгуурлаад шууд шил бичих нь буруу. Заавал нүдний эмчийн үзлэг, үнэлгээний дараа шил сонгох шаардлагатай. Мөн хараа тэглэх мэс заслын талаар буруу ойлголт бий. Зарим хүмүүс мэс засал хийлгэснээр хараа бүр мөсөн сайжирч, асуудал дахин гарахгүй гэж боддог. Үнэндээ энэ нь амьдралын чанарыг дээшлүүлэх, шилнээс хараат байдлыг багасгах зорилготой сонголт. Зөв тааруулсан шил хэрэглэж байгаа хүн хараа тэглэх хагалгаанд орсон хүнтэй ижил тод харах боломжтой. Тиймээс хамгийн чухал нь ямар арга сонгохоос үл хамааран хараагаа тогтмол шалгуулж, эмчийн зөвлөсөн зөв шилээ хэрэглэх, хүүхдийг бага наснаас нь эрт илрүүлэгт хамруулах явдал юм.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад маань хандаж юу хэлэх вэ?

-Эрүүл  хараа бол хүний сурч боловсрох, ажиллах, бие даан амьдрах, нийгэмдээ хувь нэмэр оруулах боломжийг өгдөг. Иймд хүн бүр нүдэндээ  анхаарч, тогтмол үзлэгт хамрагдах хэрэгтэй. Мөн байгалийн гэрэлд хангалттай байх, хөдөлгөөн тогтмол хийх, жингээ хэвийн түвшинд барих, бодисын солилцооны өвчнүүдээ хянах нь нүдний эрүүл мэндэд чухал нөлөөтэй.

Ярилцсанд баярлалаа. Таны ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсье.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.