Б.Бадамцэцэг: Монгол эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг зөв угаалгаж чаддаггүй

"Уурлах уу, учирлах уу" булангийн энэ удаагийн дугаарт  "National Dental Health and Education Foundation"  сангийн үүсгэн байгуулагч, шүдний эмч Б.Бадамцэцэг оролцлоо. Бид амны хөндийн эрүүл мэндийн талаар ярилцсан юм. Мөн хүүхдийг хэрхэн шүдээ угаах дадалд сургах талаар үр дүнтэй зөвлөгөөг өглөө.

-Хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх төслийг эхлүүлэх санаа сэдэл юунаас төрсөн бэ?

-Миний эмзэглэдэг сэдвүүдийн нэг бол хүүхдийн шүдний цоорол. Би жил бүр төрсөн өдрөөрөө хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийгээд дөрвөн жил болж байна. 

Анх 150 хүүхдэд  үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийнэ гэж нийгмийн сүлжээнд пост оруулсан юм. Гэтэл 6-8 мянган хүн хүүхдээ үзүүлье гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүнээс л энэ төрлийн хөдөлгөөн нийгэмд дутагдаж байгаа юм байна, эцэг эхчүүдэд дэм болох нь гэдгийг ойлгосон. 

Ганцаараа эхэлж байсан бол одоо бид баг болсон. Багаараа өнгөрсөн 8 дугаар сард хөдөө орон нутгаар үнэ төлбөргүй үзлэг хийгээд ирлээ.


-Орон нутгийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд хотын хүүхдүүдээс ялгаатай байна уу?

-Хөдөөний хүүхдүүд гэхээр цагаан идээ иддэг, шүд цоорол бага гэсэн ойлголт байдаг. Бодит байдал дээр хотоосоо ялгагдах юм алга. Харин аймаг, сумын төвөөс хол, малчдын хүүхдүүд харьцангуй өвчлөл багатай байдаг. 

Хуучин эрүүл мэндийн сайд 21 аймагт шүдний кабинет байгуулах ажил өрнүүлсэн. Гэвч 330 сум нэг бүрчлэн шүдний кабинеттэй болж амжаагүй, хүрэлцээ муутай учраас аймгаас алслагдсан газар байрладаг хүүхдүүд, хүмүүст шүдний өвчлөл маш их. 


-Хөдөө орон нутгаар үзлэг хийхэд маш их хүндэрчихсэн, сэтгэл эмзэглэмээр болчихсон тохиолдолтой таарч байв уу?

-Байлгүй яахав. Их сургуулиа төгсөөд давхардсан тоогоор 100-аад цэцэрлэгээр үзлэг хийж, багш, эцэг эх нарт сургалт ордог байсан. 

Эцэг эхчүүд ганцхан шүдийг нь угаагаагүйнхээ төлөө хүүхдэдээ ямар аймшигтай ирээдүйг бэлдэж байгаагаа яагаад ойлгодоггүй юм бол гэж харамсах сэтгэл төрсөн.

Хэрвээ болдог бол тэр эцэг эхчүүдэд хүүхдийнх нь шүдээр юм идүүлэхсэн. Тэгвэл л ойлгох байх. Хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй, тэгтлээ хүндрүүлчихсэн явааг нь хараад сэтгэл өвдөж, маш их уйлдаг байлаа. 



-Шүдний өвчлөл хүндэрч эрүүний хагалгаанд хүртэл ордог гэж сонссон. Юунаас болж ингэтлээ хүндэрдэг вэ?

-Хагалгаанд орж эрүүгээ тайруулах хэмжээнд хүндэрсэн үрэвсэлтэй хүүхэд ч ирж байсан. Харамсалтай байгаа биз. Эрүүгээ тайруулах хүртэл хэмжээнд хүндэрсэн хэрнээ ноцтой өвдөж, зовиурладаггүй учраас эцэг эхчүүд нь тоодоггүй.

Мэдээж эхэндээ тодорхой хугацаанд өвдсөн байдаг. Хүүхэд юм чинь шөнөжин уйлна. Тэгж байгаад л гэнэт өвдөхөө больчихдог юм. Учир нь бидний шүдэн дотор мэдрэлийн судас бий. Тэр мэдрэлийн судаст бохир ороод, үхжээд дуусахаар ямар ч өвдөлт мэдэрдэггүй. 

Үүнийг мэддэггүй хүмүүс “Шүд өвдөхөө больчихлоо” гэж эндүүрэн тоохгүй явснаас даамжраад, идээ үүсэж яс, буйлаа идээд дуусч байдаг. Ингээд нэгэнт эмчилгээ авахаас оройтчихсон байдаг тул эрүүний хагалгаанд орж, насан туршдаа гоо сайхнаараа хохирдог. 


-Ингэтлээ хүндрүүлнэ гэдэг эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол тааруу  байна гэсэн үг үү?

-Ам дүүрэн цооролтой шүдтэй хүүхдийг хараад сэтгэл эмзэглэдэг. Шуудхан хэлэхэд эцэг эхчүүд нь хүүхдийнхээ төлөө санаа зовохгүй, эрүүл ахуйн талаар судалж, мэдэхгүй байна л гэсэн үг шүү дээ.

Энэ бол 100 хувь эцэг эхчүүдийн боловсролтой холбоотой асуудал. 

Амны хөндийн арчилгаа муутай өвчний бүхий л суурь тавигддаг. 20 гаруйхан насандаа зүрхний шигдээсээр нас барах, тархины цус харвалт, насан туршдаа бөөрний дутагдалд орох, нойр булчирхайн өвчнөөр өвчлөх суурийг л бэлдэж байна гэсэн үг шүү дээ.

Ээжүүд хүүхдээ хөхнөөс гаргаж, бор хоолонд оруулахдаа идэж болох хоол хүнсийг нь судалдаг шиг хүүхдийнхээ амны хөндийн эрүүл ахуйн талаар яг тэгж л судлаасай гэж би үнэхээр хүсдэг.  Иймээс ч би сангаа ‘National Dental Health and Education Foundation’ гэж нэрлэсэн. Үндэстэн дамнасан суурь боловсрол олгох зорилготой ажиллаж байна.

Бид үзлэг, эмчилгээний дараа цаг давчуу учраас эцэг эхчүүдэд нь тодорхой хэмжээний мэдлэг боловсрол олгож, нөлөөлөхүйц заавар, зөвлөгөө өгч чаддаггүй. Манай сангийн зорилго бол эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгч нарт суурь боловсрол олгох юм.

Бичлэг үзэх:


-Хүүхдийн шүдний цоорол өсөлт хөгжилд нь хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

-Хүүхдийнхээ шүдийг хоёрхон минут угаахаасаа залхуурснаас болж л хүүхдэдээ ямар аймаар ирээдүйг бий болгож байгаагаа эцэг эхчүүд мэдэхгүй байна. 

Бага насны хүүхдүүд, сүүн зуулттай хүүхдүүдэд яг 20 ширхэг шүд бий. Үүнээс 5 нь цоорчихсон байхад л эрүүл шүдтэй хүүхдээс биеэр хамаагүй жижиг, хөгжлөөр хоцрогдох, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар нь сул болчихсон байдаг. 

Учир нь шүд нь цооролттой хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох магадлалтай. 

Шүд гэдэг зүйл ломбодуулаад л зүгээр болчихдог зүйл биш. Шүдгүй бол тархи хөгжихгүй байсан. 

Учир нь бид дасгал хийж булчингаа дасгал хийж хөгжүүлдэгтэй адилхан бид шүдээрээ юм зажилж, хазсанаар эрүү хоншоорын ясны хөгжил явагдаж, дагаад гавлын ясны хөгжил, тархины хөгжил төдий чинээ сайн явагддаг.


-Хүүхдүүдийн шүдийг зөв арчлах хамгийн энгийн аргыг эцэг эхчүүдэд зөвлөхгүй юу? 


-Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг үзүүлэхдээ “Манай хүүхдийн шүд угаагаад байхад л цоороод байх юм аа, угаасаа муу шүдтэй хүүхэд юм болов уу, манайхан уг нь шүд гайгүй дээ” гэдэг юм. Энэ буруу ойлголт шүү.

Зөвлөгөө 1. Хүүхдийн шүд цоорох нь зөвхөн шүд угаахтай л холбоотой зүйл. Хүүхдэдээ хайртай л бол шүдээ угааж сурах хүртэл нь өдөр болгон шүдийг нь угааж өгөөрэй. Энэ бол 100 хувь ээж аав хүний үр хүүхдийнхээ төлөө хийж буй сонголт бас хариуцлага юм шүү.

Зөвлөгөө 2. Анзаарч байхад эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг эгц өөдөөс нь угаадаг нь маш буруу. Ингэж угаахаар хүүхдийн шүд сайн харагддаггүй. Хүүхдээ өвөр дээрээ хэвтүүлээд угаавал шүд нь маш сайн харагдаж, сайн угаагддаг юм шүү.

Зөвлөгөө 3. Хүүхдийн оо, сойзны сонголт хүүхдийнхээ сонирхлыг татахуйц, олон төрлийн өнгө, хэлбэр дүрстэй байлгах маш чухал санагддаг. Хүүхэд л юм чинь уйдамхай шүү дээ. Дуртай тоглоомыг нь сойзноос нь уясан ч болно.

Зөвлөгөө 4. Бага насны хүүхдэд ооноос илүү сойзны сонголт илүү чухал байдаг. Стандарт сойзоор нь л угаах хэрэгтэй. Насанд тохирсон сойз авахаа бүү мартаарай.

Зөвлөгөө 5. Хүүхдийнхээ шүдийг угаахдаа эцэг эх та жүжиглэж анхаарлыг нь татаж, шүд угаах хүслийг нь төрүүлэх чухал.  

Зөвлөгөө 6. Хүүхдүүд нь шүдээ угаалгах үед уйлахаар эцэг эхчүүд нь тээршааж, шүдийг нь угаахаа больчихдог. Энэ бол маш буруу. Эхлээд хүүхдэдээ шүд угаах нь аюулгүй зүйл гэдгийг ойлгуулаарай. Аюулгүй гэдгийг нь мэдсэн цагтаа хүүхдүүд шүдуу угаах дуртай болно.

Зөвлөгөө 7. Шүдний ургалтаас хамаарч ойролцоогоор найман сараас нэг ой хүрэх үеэс эхлэн резинен сойз хэрэглүүлээд, хугацаа нь болох тогтмол сольж байгаарай.


-“Бид шүдээ буруу угаадаг”гэж та ярьсан байсан. Дутуу угааж буй хамгийн энгийн дадлыг нэрлэхгүй юу ?

-Шүд угаалтын тухайд ярихад, Монгол Улсын хэмжээнд биш дэлхийн хэмжээнд гэж ярих нь зүйтэй. Олон улсал шүд угаалтыг амны эвгүй үнэрийг дарах л зориулалттай гэж ойлгож байгаа нь нууц биш. 

Хэрвээ та зөвхөн оо, сойз хэрэглэдэг бол насан туршдаа амны хөндийнийхөө 30 хувийг л цэвэрлэж байгаа гэсэн үг.

Тэгэхээр үлдсэн 70 хувь нь огт цэвэрлэгдэхгүй үлддэг, бараг угаагаагүйтэй ялгаагүй л гэсэн үг. 



-Ихэнх хүүхдүүд шүдний эмчид үзүүлэхээс айдаг шүү дээ. Яаж тэр айдсыг нь дарж, зөв угаалгаж сургах вэ?

-Бодоод үз л дээ. Шүдний эмнэлэг гэдэг тэдний хувьд огт мэдэхгүй газар. Бид нарыг танихгүй хүмүүс хэвтүүлж байгаад гартаа төмөр, өрөм бариад л дайрвал хэн ч айна шүү дээ. /инээв/ Иймээс хүүхдэдээ зөв тайлбарлах чухал.


-Амны эвгүй үнэр шүдний өвчлөлтэй шууд холбоотой юу? Эсвэл…?

-Угаагаад л байхад эвгүй үнэр үнэртдэг, цоороод байна гэж хүмүүс хэлдэг л дээ. Хэлээ цэвэрлэх, ам зайлагч, шүдний утас хэрэглэх, тогтмол үзлэгт хамрагдахгүйгээр хэзээ ч шүдийг бүрэн цэвэрлэж чадахгүй. Эдгээр нь бүрэн цогц байж л амны хөндийг 93 хувь цэвэрлэж чаддаг.

Үлдсэн 7 хувь нь багаж л хүрэхгүй гүнд оршдог учраас цэвэрлэж чаддаггүй.  Зөвхөн шүд нь өвчилсөн, цоорсон, чулуужсан хүмүүс л үзлэгт хамрагддаг юм биш. Амны хөндийд буйлны кирма гэдэг зүйл байдаг. Тэнд чулуу үүсээд, өнгөр тогтдог. Тэрийг хэзээ ч энгийн сойзоор цэвэрлэж чаддаггүй. Тэгэхээр эв эрүүл хүн ч гэсэн 1-3 сардаа нэг удаа заавал цэвэрлүүлэх ёстой. 


-Таны байгуулсан санд одоогийн байдлаар хэдэн эмч, ажилтан байгаа вэ?

-Одоогийн байдлаар арав гаруй эмч байгаа. Бүгд дөрвөөс дээш жил ажилласан, чадварлаг эмч нар. Би эмч нараа шалгаруулж авахдаа туршлага дээр үндэслэж сонгодог. Учир нь манай сан эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд дуусахад яг л нэг стандартын эмилчгээг хүүхдүүдэд үзүүлэх ёстой. 

Хандивын үйл ажиллагаа гэдэг зүйлд шинэчлэл хийхийн тулд хэзээ ч ор нэр төдий зүйл хийх ёсгүй гэж боддог. Тиймдээ ч, бид үзүүлээд явсан хүүхдүүдтэйгээ ч эргэх холбоотой, бидний жилийн өмнө тавьсан ломбо одоо байна уу, эргээд сургалт ороход амны хөндийн арчилгаа хэр болсон, цоорол нэмэгдсэн байна уу гэдэгт үргэлж анхаарч, шалгадаг.


-Цаашдаа төслөө яаж өргөжүүлье гэж бодож байгаа вэ? Ямар нэгэн байгууллагатай хамтрах уу? 

-Мэдээж өргөжүүлэхийг хичээх болно. Залуу хүмүүс болохоор тушрлагагүйтэх, алдаа гаргах зүйлүүд бий. Алдаанаасаа суралцаад, илүү чанартай, бүтээмжтэй ажиллахыг зорьж байна. Манай сан ямар нэгэн намын харъяалалд ч орохгүй, хэн нэгэн гишүүний нэр дор гэсэн ажилд явахгүй гэсэн хатуу зарчимтай. УИХ-ын гишүүний ажлын хэсгээс холбогдож байна, ажлын санал байна гэсэн хандалтууд маш их ирдэг. Тэр болгонд бид татгалзсаар явна.

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.