Х.Оргил
07 сарын 21, 2022
Оросын нэрт зохиолч, богино өгүүллэг, үгийн урлагийн их мастер А.П.Чехов өөрийн төрсөн ах Николайдаа зориулан одоогоос 135 жилийн тэртээ бичсэн захидлыг орчуулан хүргэж байна.
Тэрээр эл захидлыг бичих үедээ 26 настай, ах нь 28 настай байжээ. Хэдийгээр түүний ах авьяас төгөлдөр зураач, уран бүтээлч хүн байсан ч бор дарсанд толгой мэдүүлсний уршгаар ёс суртахуун, авир араншин, үйл байдал, төлөвшлийн хувьд багагүй асуудалтай болсон нэгэн байжээ.
Их зохиолч маань ахынхаа зан араншингийн сул тал, хандлагуудыг илтэд ажиглахын сацуу тэрээр хүн хэрхэн авьяас билгээ өөрөө өөрийнхөө гараар үгүйрүүлж болдгийг ойлгон ухаарч, санаагаа чилээж бас цухалддаг байсан аж. Тэрээр энэ тухайгаа “Оросын агуу их авьяас билиг “үхэж” байна, үхэхдээ мөнгөний төлөө ч үхэх гэж дээ” хэмээн халаглан бичиж байв.
Хүмүүжил гэдэг нь их зохиолчийн өгүүлснээр хүнтэй яаж мэндлэх, хэрхэн идэж уух тухай бус харин ёс суртахууны зарчмуудад суурилсан тэс өөр зүйлийг илэрхийлэх ажээ. Магадгүй түүний зохиол бүтээлийг уншсан олон хүн “Хүмүүжилтэй хүн гэдэг ширээн дээр сүмс асгахгүй хооллохыг хэлэхгүй, харин үүнийг анзаарсан ч тоохгүй, бусдыг өөлөхгүй, төлөвшсөн байхыг хэлнэ”, ”Сайн сайхан хүн гэдэг нохойн өмнө ч ичих сэтгэлээ гээгээгүй нэгнийг хэлнэ” хэмээн бичсэн эшлэлүүдийг нь санаж буй байх.
Тэрээр эдүгээ цагийн хүмүүс бид эл захидлыг уншаад эргэлзэж, тээнэгэлзэлгүйгээр ухаарал хийгээд сэхээрэл авахаар хэмжээнд сэтгэлд ойр, илэн далангүй чин сэтгэлийн угаас бичжээ.
Мэдээж бид гудамжны хаа нэгтээ хэвтэж буй хөлчүү нэгэн болохгүй нь лавтай ч ерөнхийдөө ихэнх маань нь түүний ах Николай Павлович шиг өөрийгөө өрөвдөж, өөртөө гомдон гутарч, авьяас билгээ ч тэр, өөрийгөө ч тэр дорд үзэж “хэн ч намайг ойлгохгүй байна” гэсэн байран дээр бат зогсож байхыг үгүйсгэхгүй билээ.
Өөртөө хор хүргээд үл барам бусдын сэтгэлд ч сүүдэр тусгаж болох юм шүү дээ.
Эрхэм ах Николай танаа,
“Намайг хэн ч ойлгохгүй байна” хэмээн та надад хэзээд л үглэж гомдоллодог. Ингэж Гёте байтугай Ньютон ч гомдоллож байгаагүй юм шүү дээ. Гомдоллосон гэвэл Есүс нөхөр л ийн гомдоллосон байх ч тэрээр өөрийнхөө “БИ”-гийн талаар бус өөрийнх нь айлдсан сургаалийг л хүмүүс үл ойшоож байгааг л хэлж байсан юм шүү. Таныг тун сайн ойлгож байна л даа. Хэрэвзээ та өөрийгөө сайн анзаарч ойлгохгүй байгаа бол энэ яавч бусдын буруу биш юм.
Би таны дүү, ойр дотны хүний хувьд танд ихэд итгэхийн сацуу таныг чин сэтгэлээсээ өрөвдөж, энэрч ойлгодог шүү дээ. Дүү нь таныхаа сайн сайхан чанаруудыг 10 хуруу шигээ л мэдэж үнэлэхийн зэрэгцээ энэ бүгдэд чин сэтгэлийн угаас хүндэтгэлтэй хандаж тантай харилцдаг. Хэрэв та хүсвэл би таныг мэдэж ойлгодог гэдгийн баталгаа болгон таны сайхан чанаруудыг жирийтэл хэлээд өгье л дөө. Та их цагаан цайлган сэтгэлтэй, өгөөмөр, хар амиа бодсон бэртэгчин бус, сүүлчийн сохор зоосоо ч бусдад гэх сэтгэлтэй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, атаа жөтөө, үзэн ядалтыг тэвчдэггүй, гэнэн томоогүй, хүн амьтанд энэрэнгүй ханддаг, хууран мэхлэх зангүй, өрөвч зөөлөн, гэм хоргүй үнэнч ийм л хүн билээ. Танд минь бусдад байхгүй тийм л сайхан байгалиас заяасан өгөгдөл байна. Танд авьяас билиг ч байна. Энэ нь таныг сая сая хүнээс ч илүү гэдгийг илтгэнэ. Учир юу гэвээс дэлхий дээрх 2 сая хүн тутмын 1 нь л зураач байдаг шүү дээ.
Авьяас билиг гэдэг өөрөө хүнийг бусдаас тусгаарласан, онцгой төлөв байдалд оруулчихдаг золигын эд.
Таныг бах мэлхий эсхүл хилэнцэт хорхой болчихсон байлаа гэж бодъё, тийм байлаа гээд авьяас билиг тань танаас салан одсон ч та хүндлэгдсээр л байх болно. Танд нэг дутагдал байна. Юу гэвээс таны худал хуурмагийн суурь хөрс, бүүдгэр төлөв, дотоод эрхтний үрэвсэл мэт зовуур шаналал зэрэг тань болно. Энэ бол таны адгийн гэмээр хүмүүжил төлөвшилгүй байдлын л уршиг юм шүү дээ. Өршөөгөөрэй, “Үнэн гэдэг ямагт нөхөрлөлийн дээр нь байдгийг санаарай”. Амьдрал өөрийн гэсэн жамтай байдаг. Аливаад голчтой ханддаг, оюун сэтгэлгээ болон ёс суртахууны төлөвшил ханхалсан орчинд өөрийнхөө хэр хэмжээг, тэр дундаа өөрийгөө бусадтай харьцуулан анзааран мэдэрч, тэдний дунд үл таних, гаднын нэгэн шиг байх хүндхэн мэдрэмжийг тээхгүйн тулд та заавал хүмүүжил төлөвшлийн онцгой илэрхийлэл болсон нэгэн байх нь зүй ёс юм.
Авьяас билиг тань л таныг энэ хүрээлэл дунд өдий хүртэл авч ирсэн. Та ч үүнд өөрөө хамааралтай л даа. Гэхдээ та улиг болсон орон зайгаасаа гарч соёлтой боловсон гэгдэх давхарга болоод эгэл ардтай ч нүүр тулан харьцах хүн хоорондын харилцааны зүй зохист тэнцвэрийг баривал зохино. Өвгөнтийн хөндийд хоолны үлдэгдэл, лонх юмны шавхруу эрсэн арай хийн туйвагнан алхах бэртэгчин нэгэн гэж хэлэгдэж байна шүү дээ. Үүнийг ялан дийлнэ гэдэг тун чиг хэцүү тэсвэрлэшгүй бэрх эд.
Хүмүүжил төлөвшилтэй хүмүүс гэдэг минийхээр дараах шаардлагыг хангасан байвал зүй гэж би хувьдаа боддог.
1. Тэд бусдын бие хүний онцлог, ялгаатай байдлыг хүндэтгэдэг.
Ийм ч учраас тэд аливаад үргэлжид хүлээцтэй хандаж, аядуу зөөлөн, эелдэг дөлгөөн, басхүү буулт хийх чадвартай байдаг. Ялихгүй зүйлээс болж сүржигнээд байдаггүй. Хэн нэгэнтэй хамт амьдрахдаа дургүйцэж, цухалдаад байдаггүй, харин салан одоход нь чамтай хамт амьдрах тэсвэрлэшгүй хүнд байлаа гэж хэлдэггүй, хүлцэн тэвчээд л өнгөрдөг. Чимээ шуугиан, хүйтэн хөндий байдал, түлэгдсэн мах, шорвог хоол, цаашлаад гэрт нь гадны хүн байхыг хүртэл тэвчиж хүлээцтэй, уужуу ухаанаар ханддаг юм даа.
2. Тэд зөвхөн ядуу, сул дорой нэгнийг бус хамаг амьтныг ч энэрч хайрлах тэнүүн сэтгэлтэй байдаг.
Мөн тэрчлэн энгийн нүдээр харж боломгүй буюу хүний дотор оршин буй далд бүхнийг мэдэрч хүлээн авах, ойлгох, шимшрэх сэтгэлтэй байдаг. Жишээ татья л даа. Хэрэв Петр эцэг эх нь өөрийнх нь гуниг гутралаас болж өтөлж, хүүгээ согтуу хөлчүү байгаа болохоор л санаагаа чилээж нойроо хагаслан, сэрүүн хонодог болохыг мэддэг бол аль дээр л хар усаа үл тоож нулимаад тэдэн лүүгээ яарна шүү дээ.
Тэд Полеваевын гэр бүлийнхэнд ээжийг нь хувцаслах, оюутан ах дүүсийнх нь төлбөр мөнгийг нь төлөх зэрэгт тус дэм болохын тулд унтах нойроо умартдаг юм.
3. Бусдын өмч хөрөнгийг ихэд хүндэтгэдэг тул шалавхан гэгч нь өр зээлээ эргэн төлөх сэтгэлтэй байдаг.
4. Аливаад чин сэтгэлээсээ хандахын зэрэгцээ худал хуурмагаас яг л улалзах галаас айж мэгдэж буй мэт сүрдэн, эмээх сэтгэлтэй байдаг. Аар саархан зүйлс дээр ч тэд худлаа ярьдаггүй. Худал хуурмаг явдал гэдэг сонсож буй хүнээ тун чиг ихээр тавгүйтүүлдэг бол өгүүлж буй хүний нүд нь гүйж, дорхноо хулмалздаг шүү дээ. Тэдний үг эх адаггүй энэ тэрээр бэлчээд байдаггүй, өөрийнхөө тухай ч бусдад үлгэрийн сайхан мэт дүр эсгэсэн худал сэтгэгдэл төрүүлдэггүй, харин яг л төрсөн орон гэртээ байгаа мэт тун чиг энгийнээр биеэ авч явдаг. Мөн түүнчлэн тэд задгай ам гаргаж энд тэнд очиж дэмий чалчдаггүй бөгөөд асуугаагүй байхад цулбуургүй үгсээ урсгаад байдаггүй юм. Өөрөөр хэлбэл, тэд бусдын чих рүү хор цутгахгүй гэсэндээ ихэвчлэн чимээгүй байдаг.
5. Өрөөл бусдад “өрөвдөх сэтгэл” болон “тусаллаа шүү” гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд өөрсдийгөө дорд үздэггүй юм.
Тэд бусдыг аргадаж, бусдад санаа тавьсныхаа хариуд ч хэн нэгний сэтгэлийн утсыг хөндөж шархлуулаад байдаггүй. “Намайг ойлгохгүй байна, шалихгүй зүйлсэд авьяас билиг, чадлаа барлаа” гэх мэтээр үглэж гомдоллодоггүй. Учир нь энэ бүхэн ялихгүй л үр нөлөөтэй байдаг гэдгийг, хуурамч хийгээд хуучраад л өнгөрнө гэдгийг мэддэг бас мэдэрдэг юм.
6. Тэд хий хоосон хэлбэр хөөсөн, бусдад ихэрхүү, дээрэнгүй хандагчид яавч биш байдаг.
Тэдний анхаарал сонирхлыг алдар цуутай эрхмүүдтэй уулзаж учрах, согтуу хөлчүү ОД хэмээгдсэн жүжигчин нөхдүүдтэй гар барих, баяр ёслолын цэнгүүн дээр тааралдсан нэгний хуурамч нөхөр болох гэх мэт хэврэг зүйлс татаад байдаггүйгээс гадна ийм мэт хөнгөн хийсвэр юмсаар огтхон ч хөөцөлддөггүй. Тэд зоосны төлөө улайран, зуун мянган рублийн төлөө л гээд сүнсээ худалддаггүй. Бас хэн бүгдэд нээлттэй биш гоё, тансаг газарт орлоо гээд эрдээд, сайрхдаггүй. Жинхэнэ авьяас билигтэй хүмүүс гэдэг үргэлжид л эгэл зон олонтойгоо бужигнаж, онцгой мэт болж харагдахаас зайлсхийдэг юм. Энэ тухай нэрт ёгт үлгэрч Крылов: “Хоосон торх дүүрч цалгилсан торхноос ч илүү тод, дуу шуутай сонсогддог юм” хэмээн өгүүлсэн байдаг юм шүү.
7. Хэрвээ тэдэнд үнэхээр л авьяас билиг гээч нь бий бол тэд үүндээ хэзээд л хүндэтгэлтэй ханддаг төдийгүй уг авьяасынхаа төлөө амар тайван байдал, охид эмэгтэйчүүд, сайхан дарс тэр ч бүү хэл хий хоосон зүйлийг ч золиосолж чаддаг юм.
Тэд ингэж л авьяас билгээрээ бахаддаг. Тиймээс л шалиг завхай, саар муу хүмүүстэй нэгэнт зам мөр нийлэхгүйгээ сайтар ухамсарладаг учир тэдэнтэй наргин цэнгэж, хөлчүүрхдэггүй юм. Харин ч иймэрхүү бусармаг явдлыг жигшиж, тэдэнд эерэг нөлөө үзүүлэхийг л эрмэлздэг юм шүү дээ.
8. Тэд өөрсдөдөө гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлж, суулгадаг.
Адаглаад л орондоо шууд хувцас хунартайгаа унтахгүй байх, хана туургаар мөлхөж буй хорхой шавжийг зүгээр хараад суудаггүй, бохир илжирсэн агаараар амьсгалаад л байхыг тэвчдэггүй, шүлс цэрэндээ дагтаршсан шал, талбайгаар алхахгүй байх зэрэг дадал хэвшлийг бий болгодог. Мөн тэд бэлгийн дур хүслээ хазаарлаж, үүнд маш хэмжээ хязгаартай, дэг журамтай хандаж чаддаг юм.
Тэдэнд эмэгтэй хүний энэрэл нигүүлсэл, хайр халамж, хүнлэг сэтгэл зэрэг эрхэм нандин чанарууд л юу юунаас илүү чухал байдаг. Үүгээр ч үл барам тэдэнд хуурамч жирэмслэлтээр мэхлэх хандлага, худлаа ярих явдал, нүд цавчилгүй мэлзэж гөрдөх явдал гэхчлэн зарим нэг эмэгтэй хүний явцуу ухаан, ор дэрний асуудал огтоос илүүц юм. Тэд өөрсдийгөө залхуу залхаг амьтад шиг арчаагүй биш гэдгээ мэддэг тул булан тохой онгичоод, архи дарс шиншин давтиргүйтээд байдаггүй. Зав чөлөө олдвол л сая нэг тухтай гэгч тааруулж уухыг илүүд үздэг юм. Тиймээс л эрүүл биед саруул ухаан оршино гэдэг шүү дээ.
Энэ мэтээр л хүмүүжил төлөвшлийн эрхэм чанарууд үргэлжилнэ дээ ах минь. Өөрийгөө сургаж төлөвшүүлэх болон өөрийн орчин хүрээллээсээ доогуур нэгэн байхгүйн тулд заавал Чарльз Диккенсийн Пиквикийг уншдаг, Фаустыг цээжээр мэддэг байх албагүй юм. Зүгээр л өдөр шөнөгүй тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөх, мөнхийн уншиж судлах гэсэн оргилуун хүсэл зориг л хэрэгтэй.
Цаг мөч бүхэн үнэ цэнтэй шүү дээ. Иймээс ах минь гэр лүүгээ бушуухан харьж, лонх юмныхаа шилийг хагалаад орон дээрээ тааваараа хэвтсэн шиг ээ уншихыг л бод. Ядаж Тургеневыг уншаагүй бол уншаарай.
Өөрийгөө дөвийлгөж суухаа болих хэрэгтэй, та ямар жаахан хүүхэд биш дээ. Удахгүй 30 хүрэх гэж байж. Одоо цаг нь болсон.
Таныгаа хүлээж байна, Бид бүгдээрээ харуулдан суугаа шүү.
Таны дүү,
А.П.Чехов
Москва хот, 1886 оны 3-р сар
[А.П.Чехов “Ахдаа хаягласан захидал (1886)”]
Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм
ХБНГУ, Кайзерзлаутерн хот
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.