Х.Оргил
12 сарын 29, 2020
Үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолын өдөр.
1911 онд Богд гэгээнээр удирдуулсан Халхын дэвшилтэт үзэлтэй ноёд манлайлан, ард иргэдийнхээ хамтаар, харилцан туслалцах гэрээтэй, Манж Чин гүрний түшмэг улс болж 200 гаруй жилийн турш явж ирсэн харилцаа, Манж Чин улсын төрийг халж, тусгаар улс болсноо зарласан түүхэн өдрийн 109 жилийн ойн баярт өдөр.
Монгол Улс тусгаар тогтнолоо олж өөртөө эзэрхэх улс болсны дараа амин чухал зорилго нь өөрийн улсын тусгаар тогтнолыг дэлхийн олон улсад мэдэгдэх, хүлээн зөвшөөрүүлэх, улсын сан хөмрөгийг арвижуулах, аюулгүй байдлаа батлан хамгаалах зэрэг нь нэн тэргүүний зорилт болж байжээ.
Түүн дотроос дээдэс тэдний чухам л өдрийн бодол шөнийн зүүд, хүсэл мөрөөдлийн оргил нь дэлхийн олон улсаар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх байсан юм.
Богд хаант Монгол улсын засгийн газраас дэлхийн хүчирхэг есөн гүрэнд хандан 1912 онд өөртөө эзэрхэх Монгол улсыг байгуулсныг мэдэгдэж Франц, Бельги, Англи, Япон, Их Герман, Америк, Дани, Голланд, хаант Орос улсын гадаад яамнаа бичиг нот илгээжээ.
Уг бичигт: Эдүгээ манай Монгол Улс нийт бүхнээр тогтносоор ирсэн өөрийн газар орон болон шашин сургаал, ёс журмыг алдах үгүйгээр сахиж байна.
Нэгэнт Манж Чин улсаас тусгаар тогтноод өөртөө эзэрхэх улс байгуулж, Халх Монголын дээд Богд гэгээн юугаа улсын хаан эзэнд өргөмжлөн, шашин төрийг хослон бариулах боллоо. Ийнхүү Олноо өргөгдсөний тэргүүн оныг эхлүүлж, эрхэм улсын Гадаад яамнаа мэдүүлж цаашид улс орондоо гэрээ байгуулан, худалдаа нэвтрүүлэн, харилцаа тогтоох санал дэвшүүлсэн ажээ.
Мөн 1913-н оны 12-р сарын 21-нд Англи, Америк, Япон, Хятад, Швейцар, Франц, Герман, Голланд, Дани, Итали, Турк, Австри зэрэг улсуудад Монгол улс тусгаар тогтносон тухай мэдэгдэж, харилцаа тогтоох тухай нот бичиг илгээсэн бөгөөд Хятадаас бусад нь хариу ирүүлсэн байна.
Үе үеийн эх орончдын асар их золиос гаргаж, дэндүү өндөр үнээр олдсон тусгаар тогтнолоо баталгаажуулах хүсэл эрмэлзэл хэлж төсөөлөхийн аргагүй өндөр төлөөстэй байсан юм.
1911-1961 оныг хүртэл энэхүү тавин жилийн хугацаанд Монгол Улсын алтан соёмбот далбаа НҮБ-ын гишүүн орнуудын төрийн далбааны дунд мандах хүртэл, эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулан, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх тэдний хүсэл Монголчуудын туулсан энэ урт зам, Богд хаан тэргүүтэй ихэс дээдэс, эгэл ард, эх оронч дээдсийн чин хүсэл мөрөөдөл биелэх хүртлээ мянга мянган эх орончид, номын мэргэд, эрэлхэг хөвгүүдийн халуун амь, бүлээн цусаар ч үл хэмжигдэм их үнээр олдсон түүхтэй.
Монгол Улсын иргэн бүхэнд тусгаар тогтносон, бүрэн эрхт улсаа байгуулсны баярын мэндийг дэвшүүлье.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.