Цагаан сарын бүхий л зан үйлийн цаана монголчуудын аман бэлгэ, бэлгэшээл байдаг. Цаг хугацааны хувьд хэдхэн өдөр тэмдэглээд дуусчихдаггүй гэдгээрээ онцлог гэдгийг МУИС-ийн Антропологи, археологийн багш, угсаатан зүйч С.Бямбадорж тайлбарлалаа. 

Гар зөрүүлэн золгох нь дээд үеийнхэн буян хишгээ дамжуулж байгаагийн илрэл

Учир нь цагаан сараар уулзаж золгоогүй хүмүүс зун, намар гээд хэзээ таарсан ч золгодог. Тиймээс бүтэн жилийн турш үргэлжилдэг монголчуудын онцгой хүндтэй ёслол яах аргагүй мөн гэдгийг тэрбээр тодотгосон юм. 

Үүний илрэл нь золгох ёс аж. Энэ талаар тэрбээр “Цагаан сарыг монголчууд ихэд эрхэмлэдэг, заавал гүйцэтгэх зан үйл гэж боддог учраас шинийн нэгэнд хөдөө хээр ганцаараа явж таарбал мориноосоо буугаад малгайтайгаа золгодог ёс ч бий. 

Орчин үеийн залууст золгохдоо гараа дээш, доош харуулж байгаа нь ямар ч утгагүй харагддаг байж мэднэ. Гэтэл цагаан сарын ёс болгоны цаана нарийн нандин ёслол хүндэтгэл нуугдаж байдаг. 

Бага залуу хүүхэд нь гарын алгаа дээшээ, ахмад нь гарын алгаа доош нь харуулж золгодог нь монголчуудын доод үеийнхэндээ хишиг буянаа л дамжуулж байна гэсэн бэлгэдэл оршдог. 

Монголчууд үнсэж биш үнэрлэж золгодог уламжлалтай. Нэгнээ шүлсдэж үнсдэг заншил эртнээс байдаггүй. Үнэрлэх гэдэг ч бас дээд үеэсээ хишиг буяныг нь дамжуулж авч байгаа ойлголт юм” гэлээ.

Бичлэг үзэх: 

Зассан идээ, тавьсан идээ шүүс нь тэнгэр савдаг, лус хайрхандаа барьж буй өргөл юм

Ямар ч ёс мэдэхгүй байлаа ч монгол хүн айлд очоод “Тавгаа буулга, би идье” гэж хэлдэггүй.  Яаж өлсөж явлаа ч тавьсан идээ шүүсийг нь дуустал нь идэхийг цээрлэдэг. Уг нь тэрхүү идээ шүүс нь бүгд ирсэн зочинд л зориулж дайлахаар бэлдсэн зүйл байлтай. 

Үүний учрыг тэрбээр ийнхүү тайлбарлаж байна. 

“Бидний сар шинэдээ зориулж зэхсэн идээ шүүс бүхэн нь тэнгэр, бурхан сахиус, далд ертөнцийн шүтээнүүддээ өргөж байгаа тахил буюу зан үйлийн идээ юм. Тийм ч учраас бууз, боов, ааруул, шүүснээс аль болох олуулаа хүндэтгэлтэйгээр хүртэж, амсах ёстой байдаг” гэдгийг тодотгон хэллээ. 

Хамгийн гол санах зүйл нь зан үйлийн баяр гэдгийг мартаж үл болно. Учир нь монголчууд бид эрт дээр үеэсээ аман бэлгэ, бэлгэшээлээрээ дундуураа дүүргэж ирсэн ард түмэн билээ.  

Цагаан гэдэг өнгөнөөсөө эхлээд л монголчуудын бэлгэдлийн сэтгэлгээ харагдана. Энэ талаар тэрбээр:

“Зарим нь энэ өдрийг хамгийн муу өдөр учраас цагаан гэдэг гэсэн яриа бий. Бас сүү цагаан идээний баяр гээд олон янзын тайлбар дагадаг.

Ямар ч тайлбартай байсан цаад талд нь монгол хүний ирээдүйг зөгнөх, сайн сайхныг хүссэн, шинэ жилээ илүү цагаан сайхан байхыг хүссэн мөрөөдөл нь бэлгэдэлдээ тод илэрдэг.” хэмээн тодотгосон. 

Мөн Монголын цагаан сар нь дорно дахины бусад орнуудын ёс хүндэтгэлийн баяруудтай харьцуулвал тийм ч нүсэр баяр биш гэнэ.

Цагаан сар нь монголчуудын амьдралын арга ухаанаа өвлүүүлэх гол баяр юм. Бид өөрсдөө ч анзааралгүйгээр мэндлэх хүндлэх ёсыг үр хүүхдэдээ таниулж байдаг аж. 

Тэрбээр “Цагаан сар гэдэг хэдэн мянган жилийн түүхтэй өвөг дээдэс маань бид нарт өвлүүлж, уламжлуулж өгсөн соёлын үнэт өв юм шүү. 

Тиймээс ёс заншилдаа хүндэтгэлтэй хандах учиртай. Мэдээж цаг үеэ дагаад зан үйл, зан заншил өөрчлөгдөнө. Гэхдээ түлхүүр болсон ойлголтуудаа бид хэзээ ч гээж болохгүй” гэлээ.