Японы Нагоя хотын "Aichi Prefectural Gymnasium" ордонд мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн 9-нөөс 23-ны өдрүүдэд болов. Мэргэжлийн сүмо бөхийн 256 дахь, Монголын зургаа дахь озэки цолтноор Киришима Б.Лхагвасүрэн өнгөрөгч тавдугаар сард тодорсон. Энэ сарын башёд 12 даваа, гурван унаатай түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэн түүний араас 257 дахь Озэки цолны эзэн болсон билээ.

Зуны тэмцээнд "Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн Эзэн хааны цомыг анх удаа гардсанаас гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 (10-5, 11-4, 12-3) болж, мэргэжлийн сүмогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг хангасан байна.

Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү башёгийн сүүлийн өдөр их аварга Хакүхогийн шавь, "Рэйва эриний мангас" хочит Очиай буюу Хакүохог үватэнагэ мэхээр өвдөг шороодуулжээ. Улмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч болсон юм.

Японы “The Japan Times” сонинд “Монголын Киришима, Хоошёорюү нарын өмнө озэки цол хүртсэн, мөнх хөх тэнгэрийн оронд төрсөн таван сүмоч бүгд ёкозүна боллоо” гэж мэдээлжээ. Тус сонинд одоогоор башёд хүч үзэж буй монгол сүмочдын өсөх ирээдүйн талаар дурдаад, их аваргуудын амжилтыг цохон тэмдэглэжээ. 

Мөн "Асашёорюү аварга 25 башёд дараалан түрүүлсэн бүх цаг үеийн агуу сүмоч. Харин Хакүхо аварга 45 башёд түрүүлсэн Пеле, Майкл Жордан нарын адил тухайн спортынхоо домог. Мөн сүүлийн үеийн монгол сүмочдоос Тэрүнофүжи эзэн хааны цомыг арван удаа хүртээд байгаа юм.

Иймд 2016 онд Котошогикү эзэн хааны цом авах хүртэл бүтэн арван жилийн турш япон сүмоч түрүүлээгүй. Гадаад сүмочдын ноёрхол давтагдаж байгаа аюул биш боловч Киришима, Хоошёорюү хоёр озэки сүмо бөхөд монголчуудын эрин үе дуусах болоогүйг харууллаа" гэжээ.

Хоошёорюү С.Бямбасүрэн гэж хэн бэ? 

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү С.Бямбасүрэн 146 кг жинтэй, оюутны сүмо угшилтай.

1999.05.22 нд Улаанбаатар хотод төрсөн. С.Бямбасүрэнгийн Япон нэрийг Хоошёорюү Томокацү гэдэг. Тэрбээр Монголд байхдаа бага наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Дунд сургуулиа төгсөөд, Ниппонкёоикү  их сургуулийн  “Кашивакоотоо” ахлах сургуульд элсэн орсон байна.

С.Бямбасүрэн Японд очсоныхоо дараа Кашива ахлах сургуульд чөлөөт бөхийн ангид суралцаж эхэлсэн гэдэг. Тэрбээр нэг удаа Токио дахь  сумогийн ордонд барилдаан үзэж байгаад үүгээр хичээллэхээр болж, авга ах Д.Дагвадоржтой зөвлөлдөж, сумогийн замналаа эхлүүлсэн түүхтэй.

Тэрбээр 2017 оны 11.01-нд Японы мэргэжлийн сумогийн шинэ тамирчдын шалгаруулалтад орж, 12 сард “тэнцсэн” гэсэн хариу авч, Тацүнами дэвжээний бөх болсон байна.
Хоошёорюү Бямбасүрэн Японы мэргэжлийн сумод ороод анхны барилдаанаа 2018 оны 1 сарын башёд хийж, 2019 оны 11 сараас жюүрёо зиндаанд барилдаж эхэлжээ. Тухайн үед жюүрёо зиндаанд барилдсан гадаад бөхчүүдийн 68 дахь нь, харин 35 дахь монгол бөх болсон байна.

Ах дүүсийн цолонд хүрэхээс өмнөх амжилт

Асашёорюү Д.ДАГВАДОРЖ

1999.03 сар    Жонокүчи 34              6-1                  181.8 cм 106 кг
1999.05 сар    Жонидан 85              7-0 түрүүлсэн            

1999.07 сар    Санданмэ 75              7-0 түрүүлсэн            

1999.09 сар    Макүшита 53             6-1                  

1999.11 сар    Mакүшита 27             6-1                  

2000.01 сар    Mакүшита 12             3-4                  

2000.03 сар    Mакүшита 19             5-2                

2000.05 сар    Mакүшита 9               6-1                  

2000.07 сар    Mакүшита 2               7-0 түрүүлсэн


Хоошёорюү С.БЯМБАСҮРЭН



2018.03 сар    Жонокүчи 19              6-1       185 cм 107 кг          

2018.05 сар    Жонидан 42               7-0 түрүүлсэн          

2018.07 сар    Санданмэ 42              6-1                  

2018.09 сар    Mакүшита 56             4-3                  

2018.11сар     Mакүшита 49             6-1                  

2019.01 сар    Mакүшита 21             5-2                  

2019.03 сар    Mакишита 7               1-1