Д.ЭРДЭНЭТУЯА
07 сарын 21, 2023
Японы мэргэжлийн сүмогийн 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнийн "Ангалын ёроолоос өгсөх маргааш" хөрөг-дурсамж ном Монголд хэвлэгдэн гарчээ. Энэхүү ном 2021 онд Японд хэвлэгдэн гарснаасаа хойш хамгийн их борлогдож буй тамирчны хөрөг дурсамж номд багтсан байна.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн энэхүү номд сүмогийн ертөнцөд унаж, боссон бүх түүх нь бий аж. Номын нээлт энэ сарын 25-нд "Интерном" номын дэлгүүрт болох юм байна.
Японы Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь Ёкозүна 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд төрсөн. 2010 онд Япон улсын Тоттори мужийн Жёохокү ахлах сургуульд суралцаж, 2011 онд “Магаки” дэвжээнд анх элсэж, 2013 онд “Исэгахама” дэвжээ рүү шилжин оржээ.
2015 онд Хэйсэгийн үед (Японы уламжлалт тоолол 1989-2019 он) төрсөн бөхчүүдээс хамгийн анхны Оозэки цолтон болж, түүний дараа бэртэл гэмтэл, өвчнөөс үүдэн жёнидан хүртэл зиндаа буурч, итгэхийн аргагүй гайхалтайгаар ахин дээш өгсөн 2021 онд Рейва шинэ тооллын анхны Ёкозүна болон алдар суугаа мандуулсан билээ.
Номын орчуулагч "Түүний энэ ном олон залуу хүнд их урам зориг өгч, зорилгодоо хүрэхийн төлөө уйгагүй зүтгэхийн сайхныг мэдрүүлэх нь гарцаагүй. Бас сүмо бөхийн талаарх гүн мэдлэг, сүмо бөхийн дотоод мөн чанар, утга учрыг илүү их ойлгуулан мэдрүүлэх болно" гэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.