Монголын үндэсний хөгжим, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж буй Морин хуурын чуулга төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис Хаан” одон хүртсэн бахархам мөч тохиолоо.

Тэд өнгөрсөн хугацаанд амаргүй цаг үеийг үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх чин сэтгэлээр туулж, үндэсний хөгжмийн урлагийг орчин цагт амилуулж бас амьдруулж чаджээ. Бид Морин хуурын чуулгын анхдагчдын нэг, дунд хуурч Л.Болормаатай ярилцаж, тэдний үлдээсэн өв, үүх түүхээс уудлахыг зорив. 

Бичлэг үзэх:



-Та Морин хуурын чуулгын түүхийг 31 жил хамт бичилцсэн хүн. “Чингис Хаан” одон хүртэж буйг мэдээд хэрхэн хүлээж авав?

Догдолж хөөрөөд, яахаа мэдэхгүй хүмүүс л хоёр өдөр гүйлдлээ. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ үнэлүүлж, түүнийгээ хүлээж авна гэдэг хамгийн сайхан мэдрэмж байлаа. 

-Анх чуулгад хэзээ орж байсан бэ? Тэр түүхээс нь хуваалцъя. 

-Би 16 настайдаа Ц.Батчулуун багш дээр ирж байлаа. Морин хуурын чуулга байгуулагдаад удаагүй, хөгжимчдөө хайж байсан юм билээ. Одоо бодоход багш минь ажигч бөгөөд холыг харсан хүн байжээ. 

Өндөр намыг нь хүртэл боддог байсан юм уу гэмээр нэг үеийн, тэрсхэн хүүхдүүд анх чуулгад ороод танилцаж байж. Түүнээс хойш морин хуурын чуулга гэдэг их айл уран бүтээлээ туурвиад 31 жилийн үдсэн байна. 

-Энэ хугацаанд дэлхийд алдартай олон ч тайзан дээрээс хуураа эгшиглүүллээ дээ?

-Тийм ээ. Бид 1995 онд анх хилийн дээс алхаж Улаан-Үд рүү явж тоглосон юм байна. Их л адал явдалтай зам туулсаар очсон доо. Байгууллагын паз автобус биднийг аваад явж байтал гэнэт мотор нь цохиод зогсчхов.

Дүн өвлийн хүйтэнд эзгүй хээр, хаашаа ч явсан хол. Бидний дунд хөдөө орон нутагт дотуур байранд амьдардаг хуурч хүүхдүүд байгаа шүү дээ. 

Нимгэн нойтон хувцастай, зуны гуталтайгаа шууд суучихсан байгаа юм. Сүүлдээ арга ядаад автобусаа брезентээр  хучъя гэж байтал монгол хүмүүс таарч тусалсан даа. 

Биднийг машинаараа зөөж төв хүргээд, зорьсон газартаа заавал хүрээрэй гээд мөнгө өгөөд явсан. Тийм хүнд хэцүү үед ч тийм сайхан сэтгэлтэй хүмүүс байжээ гэдгийг дурсахад сайхан байдаг юм. 

Багш минь “Хуур дагасан хүн амны хишигтэй, хэзээ ч хоосон хонодоггүй” гэж хэлдэг сэн. Үнэхээр ч тийм гэдгийг амьдралынхаа турш мэдэрч явна. 

Дараа нь чуулга бүрэлдэхүүнээрээ Хөх хот, Япон руу тоглохоор явсан. Гадаад улс руу явах, өөр тайзан дээр тоглож үзэх гээд бүх зүйл л шинэ содон, суралцах зүйл ч их байж. Түүнээс хойш дэлхийд алдартай олон тайзан дээр гарч тоглосон. Тэр бүрд эх орноороо, чуулгаараа бахархах маш сайхан мэдрэмжүүдийг авдаг. Энэ сайхан хамт олонтой их хэргийг бүтээж яваа минь ихэнх хүнд олдохгүй их хувь заяа шиг санагддаг аа. 

-Дунд нь шантраад болъё гэж бодсон удаа бий юу?

-Төдийгөөс өдий хүртэл чуулгадаа зүтгэхдээ шантраад гарчхалгүй, үнэнч яваа өөртөө одоо баярладаг. Бидний цалин ямар билээ. 

Гэтэл Морин хуурын чуулга минь надаар дутчих вий гэж боддог. Хүүхэд гаргаад гэртээ хэсэг суусан ч хурдхан л ажилдаа оръё гэж тэмүүлсээр байгаад л орчихдог байсан. 

Хамт олон минь хийж бүтээе гэсэн хүслээр дүүрэн шижигнэсэн сайхан залуучууд байдаг учраас тэдэндээ бас татагддаг байх. 

Морин хуурын чуулга хаана ч очсон нэрээ мандуулаад явж чаддаг чуулга учраас өөрсдийгөө хараад огшчихдог. Заримдаа удирдаач “Тоглолт дээр алдаа гаргачих вий гэтэл та нар намайг ангайтал тоглоод дуусгачих юм аа” гэдэг. Бүгдээрээ хичээчихдэг байхгүй юу.  

-Том тайзнаас авсан мэдрэмж нь эргээд уран бүтээл туурвихад нь нөлөөлдөг үү?

-Бид чинь уран бүтээлч хүмүүс учраас үргэлж шинийг эрэлхийлж явна. Өөрсдийгөө яаж нээх вэ, яаж олон түмэнд бүтээлээ хүргэх вэ, дэлхийн түвшний тайзан дээр гарвал үзэгчид юу сонирхож байна, тэр улсын нийгэм ямар байна гэх мэтчилэн цаг үетэйгээ нийцэж, бүтээлээ чанаржуулж явах нь чухал. 

Тиймдээ ч бидний дундаас чадварлаг продюсерууд төрөн гарч байна. Жишээ нь одоо гэр бүлээрээ АНУ-д ажиллаж, амьдарч А.Даваазориг байна. Түүний эхнэр О.Уянга манай МУ-ын анхны хоёр эмэгтэй морин хуурчийн нэг. 


-Морин хуур хөгжмийн хамгийн сайхан нь, амин сүнс нь хаана байдаг юм бэ? 

-Дэлхийд ганцхан хялгасыг хялгасаар хавираад дуу авиа гаргаж байгаа хөгжим морин хуур. Бид үүгээрээ бахархаж явах хэрэгтэй. 

Гаргаж байгаа өнгө авиа нь хүртэл шидтэй, цаанаа хүнийг татах увдистай. 

Хуурыг хуруугаараа дарж тоглодог учир маш их бяр ордог. Морин хуурчдын гарыг харвал тийм сайхан сүмбэн хуруутай хүн байдаггүй шүү. 

-Хамгийн сэтгэлд хоногшсон тайз хаана байв?

-Хөгжимчин хүнд тайзны акустик чанартай байх хэчнээн урамтай байдаг гээч. Бидний тоглож байгаа хөгжим нэмэлт микрофонгүйгээр яг цэвэр дуугаралтаараа үзэгчдэд хүрнэ гэсэн үг. Тэр мэдрэмж их гоё. Өнгөрсөн 10-р сард Францад очиход тайзны акустик маш сайтай байсан юм байна. 

Япон бас их чанартай тайзтай. Зүгээр нэг дүүргийн соёл урлагийн тайз гэхэд л Монголд байхгүй тайз байна шүү дээ. Тэр бүгдийг хараад манай улс ядаж ганц гоё тайзтай болчхоосой гэж боддог. 


-Гадаадад тоглолт хийхээр монголчууд их очдог байх даа?

-Ер нь гадаадад ганц нэг дуучид очиж тоглохоос биш үндэсний хөгжмийн чуулга бүрэлдэхүүнээрээ очиж тоглоно гэдэг ховор байлгүй яах вэ. Тэгээд л монголчууд маань их олзуурхаж ирж үздэг юм шиг санагддаг. 

Австралийн Сиднейд очиж тоглоход 90 гаруй хувь нь монголчууд байсан. Бүгдээрээ дээлээрээ гангарчихсан. Миний ч урд хожид хараагүй тийм ховор дээл хүртэл өмсчхөөд ирдэг юм билээ. Наадам болж байна уу л гэж бодсон. 

Морин хуур бидний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн үнэт зүйлсийн нэг. Морин хуураа монгол хүн бүр дээдэлж, чадвал дуугаргаад сурчихвал хамгийн сайхан юм тэр. 

2002 онд айл бүр морин хууртай байх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тэрийг дагаад багш чуулгынхаа дэргэд “Хуурчийнхан” гээд сургалтын төв байгуулсан. Олон ч хүнд хуур дарахыг заасан. Одоо харин бид өмнөх ажлаа дийлэхгүй байгаа учраас сургалтаа хийж чадахгүй л яваад байгаа. 

Харин “Хуурчийнхан” төв АНУ болоод Европт морин хуур тоглохыг зааж байна. Чуулгадаа ажиллаж байгаад гадаадад амьдрахаар явсан хөгжимчид тэнд ч ажлаа үргэлжлүүлж яваа нь тэр. 

АНУ-д гэхэд Морин хуурын наадам хоёр жил тутам зохион байгуулагддаг. Зургаан жилийн өмнө анхны уралдаан дээр нь очиж байсан юм. Тэр үед хүүхдүүд дөнгөж л сурч байсан бол энэ жилийн наадамд очоод чанар чансаа сайжирна гэдгийг утгаар нь харлаа. Эцэг эхчүүд нь бас ямар мундаг юм бэ?

Хэдий гадаадад амьдарч байгаа ч хүүхдээ үндэснийхээ хэл соёлд сургаж, хөгжмөөр хичээллүүлнэ гэж их шамддаг юм байна. Ер нь хүмүүс гадаадад очихоороо эх орноо гэх сэтгэл нь илүү болчихдог юм уу гэж анзаарагддаг. 


-Гэтэл эндээ амьдарч байгаа нь өв соёл, үндэсний хөгжмийн үнэ цэнийг сайн ойлгохгүй байна уу даа?

-Нийгэм нийтээрээ өв соёл, үндэсний хөгжмөөсөө холдчихсон явааг би буруутгаж бодоод байдаггүй. Ер нь юу тренд  болж байна тийшээ л хүний анхаарал явдаг шүү дээ. 

Харин Морин хуурын чуулга уран бүтээлээ туурвиад, олон морин хуурчид янз бүрийн урсгалаар тоглоод, уламжлалт хөг эгшгийг орчин үетэй хослуулж байгаа учраас эргээд хүмүүсийн анхаарал үндэсний хөгжим рүү гээ чиглэж байна. 

Манай тоглолтыг үзээд хуур тоглож суръя гээд ирдэг хүн олон бий. 

-Чуулгын бүх хөгжимчид нэгдэж, хамтын бүтээл гаргана гэдэг асар их хөдөлмөр зарцуулдаг ажил гэж бодож байна.

-Хүмүүс “Та нар насаараа тоглочхоод юуг нь давтаад байдаг юм бэ” гэж асуудаг.

Бид чинь долоо хоног л хөгжмөө барихгүй бол хуруу гар төсөөрчихдөг. Тиймээс үргэлж давтаж, сургуулилж байх нь чухал байдаг. Оркестр гэдэг чинь хамт бэлтгэлээ хийж, удирдаачийн дохиурт нэгтгэгдэж байж тэндээс жинхэнэ хамтын бүтээл гардаг. Нэг амьсгалд, нэг гарт орж тоглогдож байна гэсэн үг. Нэг бүтээл гаргахын тулд маш их хөдөлмөр зарцуулдаг.


-Ер нь хөгжим хүнд юу өгдөг юм бэ?

-Хүний сэтгэлийг зөөллөдөг зүйл чинь хөгжим байхгүй юу. Хүнийг хайрлах, ойлгох, сонсох чадварыг хөгжим өгч байдаг. Тиймээс хүн бүр багаасаа ямар ч хамаагүй хөгжим сурч байх чухал байдаг юм билээ. 

Өнгөрсөн сард би АНУ явахдаа анзаарлаа. Тэнд хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөхгүй байна. Сургуульдаа яваад үлдсэн цагт нь усан бассейн, хөгжмийн сургалт зэрэг хүүхдээ хөгжүүлэх сургалтад явуулж байна. 

Тэгж байж хүүхэд хүнийг хайрлах сэтгэлтэй хүн болон төлөвшинө гэдгийг ойлгочихсон байна. Энэ жишгээс манай монгол эцэг эхчүүд мөн суралцаасай гэж бодлоо.