Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгэмд эрх тэгш оролцох, тэдний үнэлэмжийг өсгөх, мэргэжлийн ур чадвар, ажил хөдөлмөр эрхлэх чадамжийг нэмэгдүүлэх, урамшуулан дэмжиж олон нийтэд сурталчлан таниулах улмаар олон улсын жишигт хүргэх зорилгын хүрээнд “Эсгий туургатан-2023” Үндэсний хэмжээний ур чадварын анхдугаар тэмцээнийг 2023 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Арт галерейд зохион байгуулж байна.

Тус тэмцээнийг 

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
  • Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв
  • Монголын Абилимпийн холбоо хамтран зохион байгуулж байна.

 Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 18-60 насны 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон урилгаар ӨМӨЗО-ны 15 эсгий урлаачид оролцож байна. Ур чадварын тэмцээнийг Эсгий ширмэл, Эсгий бүтээгдэхүүн, Уран хатгамал гэсэн 3 төрлөөр нээлттэй явуулж, шилдгүүдээ шалгаруулах юм. 

НҮБ-аас гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь бусадтай адил тэгш байх үндсэн дээр хөдөлмөрлөх, мэргэжлийн хувьд өсөн дэвжих, ажил, хөдөлмөр эрхлэлтийг хөхүүлэн дэмжихэд чиглэгдсэн зохих арга хэмжээг авна гэж тусгасан байдаг. Тус тэмцээн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ур чадварыг чадавхыг бэхжүүлэх, тэдний нийгмийн дэвшлийн үндэс суурийг бий болгох, ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд хийгдэж байгаа гол арга хэмжээний нэг билээ.