С.Чинзориг: Төрийн үйлчилгээний албан хаагчдад шинээр удаан жилийн нэмэгдэл олгохоор боллоо

Б.Баясгалан
10 сарын 06, 2019

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь удаагийн баяр өнгөрсөн өдрүүдэд тохиолоо. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш нарт баярын мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

Тэрээр "Эх орны ирээдүйн эздийг эрдмийн ч номтой, хүний ч номтой болгон сургаж хүмүүжүүлэх их үйлст цаг наргүй зүтгэж яваа багш нарын нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож, үр дүн, бүтээмжид суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн.     

Багш нарын цалинг 30.0, цэцэрлэгийн багш нарын цалинг 40.0 орчим хувиар тус тус нэмэгдүүллээ. Цалин урамшууллыг нэмэхээс гадна багш нарын ажлын байранд үнэлгээ хийж, албан тушаалын ангилал зэрэглэлийг ахиулан шинэчилж, орлогыг өсгөх бодлого явууллаа.  

...“Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, албан хаагчдад улирлын ажлын мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн МСҮТ, Политехник коллежийн багш, албан хаагчдын үр дүнгийн мөнгөн урамшууллыг ирэх онд 15 хувь болгох, багшийн багц цагийг 36 болгон багшийн ачааллыг бууруулах шийдвэр гаргана.  

Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхийн зэрэгцээ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийн дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдад өмнө нь олгогддоггүй байсан удаан жилийн нэмэгдлийг цоо шинээр олгож эхлэхээр боллоо. Ингэснээр багш нар цалингийн дунджаар 10 орчим хувиар удаан жилийн нэмэгдэл авах боломж бүрдэж буй юм.

Багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тэднийг тасралтгүй хөгжиж байх тогтолцоог бүрдүүлэхэд ч анхаарч байна. Энэ бүгд Засгийн газраас багш нарын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны нэгээхэн хэсэг" гэдгийг онцлон хэллээ.

Сэтгэгдэл бичих (19)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.